images

Баатрынхаа мөрөөр


Зохиолч Чинагийн Галсан бодит явдлаас сэдэвлэн бичсэн “Аянгат цагийн тууж” зохиолынхоо гол баатрын талаар ийн өгүүлжээ.

   “Аянгат цагийн тууж”-аа бичсэн түүх, түүний үйл явдал, ялангуяа баатруудтай холбоотой зүсэн бүрийн асуултыг уншигчдаас надад тавьдгийг санаад цөөн зарим зүйлийг хэлчихье гэж шийдлээ. Эл өчлийг бичих болсны учир гэвэл, туужаар сэдэвлэн кино бүтээхээр өндөр Алтайдаа ирээд байна. Баянакийн амь хоргодон өвөр, хуниасанд нь нуугдаж явсан хадан уулс зүг зүгт дүнхийнэ. Баянактай тоглож, өвөр түрийндээ өссөн, Баянакт хоол хүнс залгуулж байсан, Баянакийг бараадан ан авын замд орсон, тэрчлэн Жанибекийг үзсэн, яриаг нь дуулсан, тэр ч бүү хэл амьдралынх нь сүүлийн хагаст түүнийг тойлж хүндэлж явсан хүмүүс өвгөчүүл, эмгэчүүл болчихсон эргэн тойронд эрвийнэ. Хүн бүрд хуучлах өөрийн гэсэн дурсамж бий ажээ. Тэнд дуулсан бүгдийгээ цаасанд буулгая гэхэд дахиад нэгэн тууж байтугай романд ч багтамгүй. Олонхын яриа миний дуулсантай, бас миний үнэлгээтэй таарах шинжтэй. Цоо шинэ юм ч их, бас өмнө дуулсныг няцаах зүйл ч мэр сэр. Тийнхүү дуулсныхаа заримаас сонирхуулъя.

   Баянак 1918 юм уу, 1919 онд төрсөн, морин жилтэй байсан бол одоо 73-ных нь жил орж байх учиртай ажээ. Эхээс эрт өнчрөвч Жанибек ганц хүүгээ хүлхэх нь холгүй хайрлан өсгөжээ. Тэрээр эцгийгээ дуурайсан өндөр нуруутай, өргөн цээжтэй, бүргэд хамартай, хүрэн царайтай, үс нь хонгордуу туяатай, нөхөрсөг, цагаан, заримдаа ч аархуу гэмээр, маш их хэлэмгий, тува, хасаг, монгол гурван хэлийг, тэрчлэн монгол бичгийг гаргуун эзэмшсэн нэгэн байжээ. Туужид Дака нэрээр гардаг Дагвынд олон хоноцтой байхад нь дээрээс нь ирж хоножээ. Хоймроор дөрвөн залуугийн голд нь хэвтэж байхдаа гараа алдлан тэдний цээжин дээгүүр дараад “Алив та нар босоод ир дээ!” гэхэд цаадуул нь яаж зүтгээд өндийж чадсангүй гэнэ. Тэхэд Баянак ихэд сэтгэл хангалуун инээж “Арван эр ирэхэд би лав л дийлдэхгүй” гэхэд “Иш чи минь орох оронгүй, оочих аягагүй, амь наана, там цаана гэж яваад юу нь ч том ам гардаг юм бэ!” гэж гэрийн эзэгтэйд аашлуулж байжээ. Удал ч үгүй мөнөөх Дагва, Хөх хочтой Шынык, Урт хөл хочтой Дүгүр нарын гурван хүн Баянакийг барихаар цай ууж суухад нь гэнэдүүлэн дайрч үзээд золтой л бяцлуулчихсангүй, дээд газраас даалгавар хүлээснээ хэлж гуйж залбирч байж мэнд салжээ. Түүний хариуд Баянак Дагвын цэргээс ирэхэд нь оёсон цагаан хурган дотортой хөх чисчүү дээлийг өмсөж, маузер бууг нь үүрээд гарчээ. Тэмээн хүзүүний хавцалд түүнийг нэгэнт бүслэн авчээ. Гэтэл гэнэт өндөр дээрээс чулуу нураагаад унах нь тэр. Тэвдэж балмагдсан эрлийнхэнд тарж зугтан амь гарах арга бодохоос өөр зам үлдсэнгүй. Нэг сэхээ орж ирээд харвал өнөөх чинь өндрөөс харван бууж, Ховдын голын мөсөн дээгүүр гүйсээр гараад нөгөө талын эгц уулын нуранги асга өөд дөрвөн хөллөн самардаж маажсаар авирч байх нь тэр. Аймгийн хэлтсийн төлөөлөгч Имамбай цаад хад руу нь чиглүүлж хэдэнтээ буудуулжээ. Зэр зэвсэгтэй тэр олон хүн огт буу дуугаргалгүй байсаар алдчихлаа гэхэд толгой дээр нь буух зэм улам хүндрэх байсан биз. Гэнэт Баянак биеэ эзэмдэж чадахаа болив бололтой, эргэж зогсоод “Би хэнд ч муу юм хийгээгүй. Тува, хасаг та нарт бол бүр ч үгүй. Амьд л явах гэсэн нэг муу өнчин хүүг заавал алж дуусах гээд байгаа юм бол ал л даа!” гэж тува, хасаг хоёр хэлээр хашхирчээ. Тэгснээ нэг бяцхан дөрөлж дээр гарч суугаад гутлаа тайлж, шинээр ороож аваад хад асга өөд авирсаар арилаад өгчээ. “Муу юм хийгээгүй. Та нарт бол бүр ч үгүй” гэдгийн тухайд: Заримдаа өглөө босоод ирэхэд хүзүүнээс нь сийлбэртэй, бичигтэй пайз зүүсэн хурга хотон дотор, эсвэл тугал зэлэн дээр байж байна. Бас хөрзөнгөө ховхлохоор өвөлжөөнд очвол аль хэдийнэ ховхлоод бүр чулуун хороон дээгүүр үелээд хураачихсан байж байна. Тэгтэл нэгийн зэрэг хүнд муу юм бас хийсэн ч юм шиг: Пагвын цоохор морийг бахардуулж алаад сэтэртэй бор морийг унаж яваад осолджээ. Гэхдээ олон хүний ярих нь, цаадах нь түүнийг заавал бариулах, тэр ч бүү хэл бүр алуулах гэж хүүхэд залууст ацаглах хүртэлхийг хийснээс түүнтэй өстөн болжээ.

   Тэмээн хүзүүний хавцлын урагшаа харсан эгц ханан хадыг нэгжсээр яваад сайн газарчны буянд Баянакийн агуйг олж илрүүллээ. Тэрээр хэд хэдэн агуйтай байсан, цаашаа харсан талд бүргэд үүрлэх халил дунд байдаг гол агуйг мэдэх, мэдлээ ч түүнд хүрэх хүн одоо байхгүй гэнэ. Бидний олж очсон агуй бол өвлийн өдөр түүний нарлаж, гол нь харуулд суудаг, орчин үеийн хэлээр бол манаачийн шовгор нь ажээ. Бүтэн алхам голчтой, бүтэн хагас алхам өндөр тэр агуйд биерхүү Баянак бөгтийж орж гарч, зовж л эргэж байсан байж таарна. Агуйн дотроос хэд хэдэн зүйлийг оллоо. Доод үзүүртээ мухар сөөм голч бүхий булцуутай, дээшлэх тусам шувтан, дөрвөн төө урт иштэй, суран сагалдарга нь тасарчихсан хусан бороохой агуйн мухарт байлаа. Буу дуугаргахгүй, сум гарздахгүй гэсэн, бас сүрэг чононд ээрэгдэх зэрэг аминд тулсан үед хэрэглэхээр бэлдсэн зэвсэг нь биз ээ. Үнстэй шороон дотроос бас нэг хуруу зузаан, гурван хуруу өргөн, таван хуруу урт модон дээр урласан нэн сонин сийлбэр оллоо. Тал бүрийн сийлбэр өөр өөр юм. Ур дүйтэй хүн байжээ. Хамгийн сонирхолтой, эх орноосоо урвасан гэгдэх Баянакийг дур мэдэн цагаатгасан миний хувьд баярлууштай нь гэвэл хээ, угалзнаас гадна МОНГОЛ АРД УЛС хэмээн шинэ бичгээр чадварлаг сийлжээ. Галт бууны хараан дор хөөгдөж зэрлэгшиж явсан амьтан өөрийг бус, чухам тэр гурван үгийг эрхэмлэн урлан суусны тухайд аливаа тайлбар илүүц болох биз ээ. Навтас болсон нэгэн хувцас үнс шороон дундаас гарсан нь тэр үеийн эмэгтэйчүүдийн нударгатай дээл ажээ. Тэрчлэн цагаан нэхий өрөөсөн дэгтий, чүдэнзний хайрцгийн цуглуулга олдов. Бас бодын чөмгийн хэдэн яс тэнд хэвтэх нь бодоод байхад Баянактай холбоотой байхын аргагүй ажээ. Өндөр Алтайн нар, салхин дор 43 жил хэвтсэн яс нэгд, хувхайрч цайрахгүй байж чадахгүй, хоёрт, хүн тэдгээрийг таних нь зайлшгүй. Тэгвэл элсэн шаргал өнгөтэй тэр хэдэн яс бүв бүтнээрээ, зарим нь бүр үеэрээ хэлхээтэй хэвтэх юм. Олон жилийн сүүлд агуйд чоно үүрлэжээ гэж үзэж болмоор.

   Баянакийн тийнхүү амьдарч явсан зам мөрийг хөөсөөр дууссан газар нь хүрч очив. 1947 оны намрын орой олондоо “багш” алдартай Халтар гэдэг айлд хонож байтал эрлийнхэн мэдчихээд бүслэн авчээ. Дээлээ нөмрөн буугаа барьсан чигээр гэрээс гүйж гартал зүг зүгт л нижигнээд явчихжээ. Үхдэл хүүрийг хэдэн алхам цааш нь чирээд гутал хувцастай нь чулуугаар даруулжээ. Чингэхдээ дээрээс нь дээлээр бүтээсэн бөгөөд тэр нь мөнөөх хурган дотортой хөх чисчүү дээл ажээ. Дагва туужид Дака нэрээр гардаг бөгөөд энэ нь ч түүний жинхэнэ тува нэр нь юм. Тэрээр Сэлэнгийн Орхонтуулд цагаачлан ирж аж төрж байгаад хэдхэн сарын өмнө нас баржээ. Туужийг бичсэнээс хойно миний бие тэр хүнтэй уулзаж, оргодол барих гэж хөглөсөн тухай нь яриулсан юм. “Хөөрхий минь, сайхан ч эр, сайн ч хүн байсан. Яг алах байх гэж бодсон чинь амьд үлдээчихсэн. Тэр муу дээл яахав. Түүний өмнө би буруутай, түүнийг би бүр буудах даалгавартай, гэрийн үүдээр өнгөрч явахад нь буу шагайж хэвтсэн. Нүд бүрэлзэж, гар салгалаад болдоггүй юм чинь л тэр байлаа” гэж билээ. Хөлд нь миний аавд зориулан миний ээжийн оёсон цоо шинэ хүрэн хөмөн гутал үлджээ. Түүнийг уллаад дөнгөж гүйцэж байтал манайд Баянак орж ирээд “Гутлын ул цоорчхоод хөл хөрж явна. Гутлаа уллуулж автал ахын гутлыг өмсөж байгаад аваад ирье, эгч минь" гэсэнд ээж “Тэг ээ” л гэлгүй хайчхав. Түүний ердөө дараахан дээрх явдал болсон тул Баянак ээжид өгсөн амандаа хүрч чадсангүй.

   1990 оны тавдугаар сарын арван зургаанд бид Баянакийн осолдсон бууцан дээр очлоо. Уулын давчуу амны эхэнд нөмөр сайхан газар юм. Баруун дор Ховд гол харгиатан шуугьж, хойд, зүүн талаас хүрээ хад арсайн хүрээлээд урдаас эгц хүүш тулсныг харахад амьд явахын хүслэн болсон хүний хүүгийн зам энд арга ч үгүй мухарджээ гэмээр. Өндөрийн элс, чулуу гэрийн буурийг дээрээс нь даран дарсаар сорви гэмээр ором үлджээ. Чулуун хороог чулуу “гүүплэгчид” дээрээс нь амарчлан ачсаар мөн л ором төдий дөрвөлжин үлдсэн харагдана. Хэдхэн алхмын цаадах хадны ёроол дахь хэдэн хавтгай хөх чулууг хожим хүн авчирч зориуд овоолсон нь илт ч учрыг мэдэхгүй нэгэнд бол тэнд хүний ганц хүү, туужийн баатар, зүс үзээгүй үеийнхэнд домог болон яригдсаар, мөнхөд залуугаараа үлдэх хувьтай сайн эр дараастай хэвтээ гэж мэдэхийн арга даанч алга. Гэхдээ бидний үеийнхэн, олон зууны турш Монголын төрд данстай, түмэнд зартай явсан дөрвөн сумын тувачуулаас энэ нүцгэн уулстайгаа зууралдсаар үлдсэн сүүлчийн долоон зуун гучин долоон хүний ахмад үе нь тэрхэн зурвас үеийн түүхийг одоохондоо мэдэх юм алга.

   Баянакийг булшлаад 43 жил өнгөрчээ. Гэхдээ нэгэнт үхсэн хүний хувьд бол дөрвөн хоног ч, дөчин жил ч, дөрвөн зуун ч адилхан биз. Яагаад гэвэл, үхэгсдийн өмнө бүх юм, түүний дотор бас цаг хугацаа учир утгаа алддаг, тэхлээр үхсэн нэгнийг цагаатгах буюу буруутгах гэгч үлдсэн хүн мөнөөх өөрийгөө л бодож, чухамдаа өөрийгөө хуурсан хэрэг гэж би боддог.

   Бидний болон хойч үеийнхний тийнхүү өөрийгөө бодох ухааны үүднээс ч гэсэн энэ чулуун булш үүрд ингэж хөсрий мартагдан хэвтэж боломгүй санагдана. Өчигдрийн өдөр хүртэл Улаан номд орж ч чадалгүй явсаар мөхөх тавилантай юм шиг санагдаж байсан, өнөөдөр харин хүн төрөлхтний өнөр их бүлийн давжаахан, даруухан ч гэсэн нэгэн гишүүний хувьд үеийн үед байсаар байх хувьтай гэж бодогдох болсон тува түмний үр сад энд алгын чинээ дурсгалын самбар босгочих, эсвэл бүр дээдсийнхээ үед эндэж гэнэдсэн нэгнийгээ золбин нохой, галзуу чоно адил хаданд үүрд даруулж хаяхыг тэвчилгүйгээр ёс төртэй оршуулчих, тэгснээрээ хэзээ нэгэн цагт оргож босож явсаар алуулсан оргодлыг биш гэхэд бусдын л адил түүхийн бартаат замд бүдэрч сөхөрч явсан үндэс угсаагаа доромжлолоос аврах ухааныг олох ч юм билүү? Булшнаас хэдэн аргамжийн зайнд торойх чулуун хөшөөг хэзээ, хэн, хэнд зориулж босгосныг одоо мэдэхийн арга алга. Энэхэн эгшинд тэрээр нутгийн минь ах, туужийн минь баатарт зориулсан ч юм шиг. Магадгүй, хэзээ нэгэн цагт, хэн нэг нь түүнийг босгохдоо, бас хойч үеийнхэнд нөмөр бараа, чиг баримжаа болоосой гэж бодсон ч юм билүү, хэн мэдлээ".

Чинагийн Галсан. “Тэнгэрийн зүүд” ном. 2009 он. 193-200 дугаар тал.