images

“Анхны хайрын дууль” кино зохиолоо бичсэн минь


Зохиолч Балжирийн Догмид анхны кино зохиолоо бичсэн түүхээ ийн хуучилжээ

   "Энэ өгүүллэгийг хэрхэн бичсэн нь сонин түүхтэй. Тэр үед би нэг муу өгүүллэгэрхүү юм бичиж эхэлж байсан юм. Хорин хэдхэн настай, аймгийн захиргааны санхүүгийн хэлтэст байцаагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр аймгийн захиргааны цэргийн хэлтсийн дарга намайг дуудaaд “Чамайг цэрэгт татлаа” гэж байна. “Би явахгүй. Төрсөн нутагтаа ирээд аймгийн хэмжээний төсөв мөнгөн дээр сууж, орлого зарлагыг нь бүрдүүлдэг ажилтай хүн. Эх оронд аюул тулгарах юм бол та нартай, та наргүй хамгийн түрүүнд явна. Одоо бол би аймагтаа нүүр тахлах ганц зохиолч нь мөнөөсөө мөн учраас намайг цэрэгт явчихвал аймгийн захиргаа, намын хороо ханын сонин ч гаргаж чадахаа болино” гээд би тулж гарлаа. Гэтэл “Цэрэгт явах явахгүйг чи мэддэг юм уу!” гээд зандарч байна. Би бууж өгсөнгүй. 27-28 наснаас дотогш цэрэгт татдаг байсан болохоор би 20 гаруйхан настай их омголон байж дээ. Тэгсээр цэргийн хэлтсийн дарга ч жaaxан зөөлрөөд “Чамайг Зүүнбаянгийн Зенитийн хорооны Санхүүгийн албаны даргаар томилж, шууд дэслэгч цол өгөх гэж байгаа юм. Kapaнтин дамжуулж, шинэ цэргийн зовлон үзүүлэхгүй" гэх ухааны юм хэлэв. Би тас зөрөөд байтал манай нутгийн дэд хурандаa Дүгэрээ гуай “3a, за. Чамайг цэрэгт явуулахаа болилоо. Харин чи хилийн цэргийн тухай нэг сайхан зохиол бичээдэх гэж байна. Өөрөө хилийн цэргийн хүн юм байна лээ. Би ч уухайн тас “Тэгэлгүй яахав, би бичнэ” гэж хэллээ.

   Тэгээд “Суман даргын охин” гэсэн өгүүллэг бичив. Тэр үед уран сайхны кино хийх гэдэг амар биш байлаа. Кино үйлдвэр, Соёлын яамны Уран сайхны зөвлөл, Намын Төв Хороо гээд өч төчнөөн шат дамжиж, нэг жил хагас илүү болж байж дөрөв тавхан кино гардаг байжээ. Би кино яаж бичдэг хийгээд хэрхэн, ямар дамжлaгaap орж байж бүтдэгийг мэдэхгүй боловч өөртөө ихэд итгэн тэр дор нь шахуу Замын-Үүдийн анчин Мөнбиш гэдэг өвгөний буянааp нэг өгүүллэгэрхүү юм бичив. Нөгөө бичсэн өгүүллэгээ кино болгоод аль гээд Улаанбаатар хотод байгаа Ж.Лхагвад явууллаа. Ж.Лхагва кино найруулагч Б.Сумхүүтэй яриад, өөрийнхөө бичсэн “Арван долоотой байхад” өгүүллэг, миний “Суман даргын охин” хоёрыг нийлүүлээд тэд “Анхны хайрын дууль" гэсэн кино хийсэн юм. Киноны зургийг “Сүм хөх бүрд” дээр авсан. Киноны нээлтийг Замын-Yүдэд хийж, кино зоxиолын санааг анх надад хээр хөдөө анд явахдаа ярьж өгсөн, "Иж-49” мотоцикльтой Замын-Үүдийн өвгөн Мөнбиш гуайг урина гэж Ж.Лхагва бид хоёр хөөрч байсан боловч өвгөн насан өөд болсон байлаа.

   Tэр кинон дээр зохиогч миний нэр байхгүй. Яагаад гэxлээр тэр нөхөр архи их уудаг, Санхүү эдийн засгийн техникум төгссөн сампингийн нягтлан. Нэр усыг нь тавиад дээш нь гаргачихвал онгироод архиндаа шатаж үхээд хүн амины хэрэг гарна гэж "Монгол кино" үйлдвэрийн Уран сайхны зөвлөлийн нөхөд нэрийг минь хассан гэдэг. “Анхны хайрын тухай бодол адуунаасаа унтаж хоцорсон цагаан унага адил сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гэж эхэлдэг уг кино тийнхүү далаад оны үед дэлгэцэнд гарч олны талархал хүлээсэн юм. Цэрэг эх орны cэдэв, аxмадын баатарлаг, эх оронч дайчин үзлээр залуу үеийг хүмүүжүүлэхийг чухалчилж байх үед бүтээсэн кино болохоор саад бэрхшээл багатайгаар олон түмэнд хүрсэн. Халх голын дайны сэдвээр тийм үнэн байдлыг уянгын аясаар бичсэн уран сайхны кино өмнө нь үнэндээ байхгүй байсан. Богино хэмжээний юм шиг хэрнээ том, утга агуулга дүүрэн кино болсон доо. 3ХУ-д кино урлагийн өндөр түвшинд ном үзэж, мэргэжлийн жүжигчин болсон Намсрайн Сувдын Монголын уран сайхны кинонд тоглосон анхны дүрийн нэг тэр байлаа".

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” ном. 2022 он. 110-112 дугаар тал.