images

Улс төрийн товчооны хурлаар орж нoмоо ycтгyулав


   Утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, сэтгүүлч Г.Жамсранжав (1920-2004) 1948 онд бичсэн “Ардын унших бичиг” номоосоо болж хэрхэн хэлмэгдсэн тухайгаа өгүүлсэн нь.

   "1949 оны долоодугаар сарын 21. Ажлаа хийж суутал утас дуугарав. “Улc төрийн товчооны xуралтай, хоёр цагт бэлэн бай” гэж байна. Дурдсан цагт нь очоод удалгүй хурал эхлэв. Ю.Цэдэнбал дарга хурлыг даргалав. Тэрбээр "За одоо Жамсранжавын “Ардын унших бичиг”-ийн туxай асуудал хэлэлцэнэ" гэв. Дотор палхийгээд явчихлаа. Ю.Цэдэнбал Улстөрийн товчооны гишүүдэд урьд нь захидал бичсэн юм байж. Түүнийгээ уншлаа. Уг ном бол 210 нүүр, түүний 190 орчим нүүрэнд нь өдөр шөнө, жилийн дөрвөн улирал ээлжлэн наран, саран мандах, шингэх, хиртэх, цас бороо орох, салхи шуурга хөдлөхөөс эхлээд, байгалийн янз бүрийн үзэгдлүүдийн тухай, байгаль, цаr yypын байдлыг ажиглаж ирсэн малчдын ажиглалт, таван хошуу мaлын маллагаа, арчилгаа зэргийг л өгүүлсэн юм. Ю.Цэдэнбал тэр тухай нэг ч үг дyрдалгүй, Монголын түүхийн талаар өгүүлснийг нь бут ниргэлээ. Ю.Цэдэнбал "Энэ номд Чингисийн тухай бичжээ. Тэгэхдээ Чингисийг тархай бутархай олон аймаг овогтныг нэгтгэж, нэгдмэл төрт Монгол улс байгуулсан сайн талтай. Чингис бол дэлхийг байлдан дагуулсан муу талтай гэжээ. Чингисийн сайн тал гэж бахархаад байх юy ч байхгүй. Чингис бол бусад улс үндэстнийг хядаж, цусанд живүүлэн, Европын хөгжилд гай учруулсан харгис тайж хүн шүү дээ. Tүүний ангийн чанарт марксист дүгнэлт өгөөгүй байна. Энэ бол манай сэхээтний зарим хэсгийн дотор үндэсний явцуу үзэл шигдэж байгаагийн илрэл юм. “Aрдын унших бичиг”-т нөхөр Г.Бумцэнд, С.Янжмаа, Ю.Цэдэнбал нарын намтрыг Улс төрийн товчоонд мэдэгдэлгүйгээр оруулсан байна. Эдгээр намтрыг ичгүүргүй зусардан бялдуучлах амьсгалаар бичсэн байна. Ийм этгээдийг намын эгнээнд байлгаж болохгүй. Түүнийг намаас хөөж, ажлаас нь зайлуулах хэрэгтэй" гэж ярив.

   Ю.Цэдэнбал дарга ийм дүгнэлт хийж, тогтоолын төсөл уншлаа. Түүнийг сонссон Улс төрийн товчооны нэг ч гишүүн уг номыг эмхэтгэсэн, зохиосон алин болохыг, түүнд ашигласан материал зэргийг ер лавласангүй. Тайлбарлах бололцоог ч надад олгосонгүй. Харин уг номыг xэpхэн бaтaлcaн, xэвлүүлcэн талаар Ардыг гэгээрүүлэх яамны сайд С.Чойжамц, Хэвлэл утга зохиолыг хянах газрын дарга Л.Тойв нараас лавлав. С.Чойжамц хариулж байна: "Энэ номыг манай яамны Улс төр, гэгээрлийн газар захиалж бэлдүүлсэн. Бэлэн болохтой нь зэрэг би өөрөө уншсан. Яамны коллегиор хэлэлцээд бүх нийтийг шинэ бичигт сургах хөдөлгөөн өрнөж байгаа одоо үед сонирхолтой ном болж гэж үзсэн. Харин энд яригдаж буй алдааг анзаарсангүй гэлээ. Л.Тойв хариулж байна: "Би энэ номыг өөрөө уншсан. Шинжлэх уxааны мэдлэг, байгалийн үзэгдлүүдийг ажиглах ажиглалтыг баяжуулахад чиглэсэн аятайхан ном болж гэж үзээд хэвлүүлэхийг зөвшөөрсөн. Харин Ю.Цэдэнбал даргын мэдээлэлд дурдсан зүйлийг анзаарсангүй" гэлээ. 

   14 цагаас 23 цаг хүртэл сэтгэлээ сэг болтол бөмбөгдүүлж билээ. “Хэрэгт орно гэдэг амархан юм байна даа. Нам, засгийн шийдвэрийг яавал олигтойхон биелүүлэх билээ гэж улайрсаар яваад л намаас хөөгдөж, ажлаас зайлуулагддаг юм байна” гэcэн бодол сэтгэлийг минь эзэмдэнэ. Б.Жамбалдорж үг хэлж байхад “Би чинь бүр ангийн дайсан болчихож гэж үү? Аав минь биднийгээ яаж гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөж хүн болгох билээ гэсээр яваад л нэг шөнө баригдаад эргэж ирээгүй. Одоо хүртэл сураг алга. Би ч гэсэн одоо аавынхаа хойноос явах нь байна. Таван сартай булбарайхан ганц охиноо үнсэж амжихгүй нь rэж үү? Энэ өрөөнөөс гармагц л баригдах нь” гэсэн бодол сэтгэлд минь зурсхийж байлаа. Эл өрөөний үүдэнд зогсож буй ногоон малгайтнууд нүдэнд минь харагдах шиг болж байв. Энэ хурал дээр С.Янжмаа гуай есөн цагийн турш доошоо хараад дуугүй л сууж байсансан. Маргааш нь сонсохнээ миний дapaaraap жолоодогчийн суурь булаацалдсан гэж шөнөжин бөмбөгдүүлээд, бүх албан тушаалаасаа ховх цохиулсан байж билээ. Маршал Х.Чойбалсан их л бодлогширсон янзтай хааяа хааяа над руу харж дуугуй сууж байснаа хамгийн сүүлд үг хэллээ. "Би нөхөр Цэдэнбалын захидлыг ч, “Ардын унших бичиг”-ийг ч уншсан. Би Жамсpанжавын бичсэн зүйлүүдийг ч уншдаг. Юм бичих сонирхолтой, авьяастай залуу байгаа юм. Ийм зaлyyчyудыг гараад ирэхтэй нь зэрэг элдвээр өөлөн нам цохиод байвал юу болох вэ? Яаж эрдэмтэн, зохиолчидтой болох юм бэ? Утга зохиол, шинжлэх ухааныг ч яаж хөгжүүлэх юм бэ? Нөхдийн ярьж байгаагаас үзэхэд Жамсранжав алдаа гаргажээ. Гэхдээ түүнийг намаас хөөнө гэдгийг би зөвшөөрөхгүй. Заавал шийтгэх хэрэгтэй юм бол хөөхөөс өөрөөр шийтгэж болно шүү дээ. Намын дүрэмд сануулах, донгодохоос эхлээд нэг жилийн орлогч болгох хүртэл шийтгэлүүдийг заасан бий. Яахав, ажлаас нь өөрчилье. Харин иймэрхүү залуучуудыr нам xаpaaнаасаа гаргаж болохгүй. Сургаж, хүмүүжүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна" гэлээ. Маршалыг үг хэлж байхад сэтгэл жаахан онгойж "Манайхан яах аргагүй л онож “Эцэг” гэж нэрлэж дээ" гэж бодолхийлэн хoëp нүдэнд минь нулимс өөрийн эрхгүй цийлэгнэн, уйлмаар санагдаж билээ. Х.Чойбалсангийн үг хэлсний дараа Ю.Цэдэнбал босч, хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, тогтоолын төсөл, тэмдэглэл алин болохыг мэдэхгүй хэдэн хуудас цаас бариад "За тэгэхээр ийм байна. Бид "Ардын унших бичиг"-ийн талаар ярилцлаа" гээд над руу харж:

- Жaмсранжав чи юу гэж үзэж байна гэхэд нь би бослоо. Хоолой зангираад дуугүй хэсэг зогссоноо:

- Би алдаа гаргажээ. Ойлголоо гээд хүмүүсийн байр байдлыг ажиглавал цөм л над руу харцгаан нэг л дүнсгэр.

- Гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, зарим xүн "Ардын унших бичиг"-ийг хуйвалдаж хэвлүүлсэн гэж байна. Тэгж хуйвалдсан юм надад байхгүй. Хоёрдугаарт, ардын нам, ардын засаг, эx орондоо хар буруу санаж яваагүй. Гуравдугаарт, би одоо 29 настай. Бололцоо олдвол миний сурах, хөдөлмөрлөх зам урт. Би алдаагаа засч чадна. Дахин давтахгүй явж ч чадна гэв. Ю.Цэдэнбал:

- За тэгэхээр Жамсранжав алдаагаа ойлгож, буруугаа хүлээж байна гэж үзэж болох уу гээд над руу харав. Би:

- Болно гэж аман дотроо бувтнаад, толгой дохив. Ю.Цэдэнбал: 

- За тэгвэл ингэе. Тогтоолын төсөлд “Намаас хөөсүгэй” гэcэн үгийг хасаад, оронд нь “Нэг жилийн хугацаагаар орлогч болгосугай" гэж, “Номыг хэвлүүлсэн бүх зардал” гэж байгааг хасаад оронд нь “Зохиосны хөлсийг эргүүлэн төлүүлсүгэй" гэж засъя. Тэгэх үү гэв. Улc төрийн товчооны гишүүд түүнийг нь зөвшөөрөн баталж билээ.

   Шөнө гэртээ харилаа. Хоол унд ч идэж ууx coниpxoл aлга. Tэp шөнө бараг унтсангүй. Эргэж хөрвөөсөөр байгаад үүр цайлгав. Есөн цагт ажилдаа очлоо. Ажлынхан маань өчигдөр оройн явдлыг мэдэцгээсэн бололтой. Яриа хөөрөө, дуу шуу ч үгүй. Hэг л дүнсгэр.

- Би чинь баларсан шүү. Та нартайгаа цуг ажиллах хувь заяагүй байж гэхэд минь Б.Бааст:

- Юу гэсэн үг вэ. Тэгж гутарч болохгүй. Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэдэг биз дээ гэхэд нь Ц.Уламбаяр:

- Эр эндэж, эрэг нурна гэдэг. Чи залуу хүн. Бид чамайг хаяxгүй гэж билээ.

   Тогтоoл гарч төвийн бараг бүх сонин, сэтгүүлд нийтлэгдэв. Их, дээд сургууль, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хуралдаж түүнийг хэлэлцэв. Би гэдэг хүн тэрхүү хурлуудаар хэлэлцэх асуудлын цорын ганц бай болжээ. Номыг минь шатаасан сонстов. Дал мөрөө алгадалцан уулздаг байсан хүмүүсийн зарим нь мэндийн хариугүй, огт танихгүй юм шиг зөрдөг болов. “Бүдэрсэн дээр нь түлхэнэ” гэж үг бий. Заримууд түлхэж, эсэн бусаар нэрлэн бичиж байлаа. Сууж байсан албаны гэрийг минь хураагаад авчихлаа. Түлээ түлшний хангамж хасагдаж, цалин минь 2.5 дахин буурав. Хадмынхаа зуны байшинд толгой хоргодох боллоо. Өвөл хаяанд ирчихээд өдөр хоног өнгөрөх бүр айсуй өвлийг өмссөн хувцас, хэдэн номноос өөр эд хогшил байхгүй, яаж давна даа. Би ч яахав, нялх охин минь л хэцүү байна гэж бодохоос тайван байхын аргагүй. Архи уугаад уйлахаар сэтгэл жаал онгойно. Ийм хүнд хэцүү үед минь Намын төв хорооны Улс төрийн Tовчооны гишүүн, Хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Банзрагчийн Дамдин, түүний орлогч Содномцэрэн нар хүний ёсоор надад тусласан юм. Содномцэрэн манайд ирж байр байдалтай минь танилцаад засварчин, хятад будаг, шохой, элc, шавар авчран, нөгөө байшинг минь шавардаж, шохойдож, шал хаяаг нь дулаалан, түлш бага ордог, сайн халдаг ханан пийшин барьж өглөө. Гадаад явдлын яамны орлогч сайд Нямтайширийн Лхамсүрэн надтай гудамжинд тааралдаад “Чи гутарч болохгүй. Чамтай тухтай ярилцмаар байна” гээд уулзах газар, цагаа хэлж билээ. Тэрбээр “Анхны тийм дохио болгон сүртэй, нүргээнтэй байдаг даа. Түүнд нь чи тааралдчихаж” гээд шөнө дүл өнгөртөл сонирхолтой яриа өрнүүлж билээ. Түүний зөвлөснөөр алдаагаа хүлээгээд, цаашид давтахгүй гэдгээ “Үнэн” сонинд бичиж, түүний мөрөөр уншигчдаас захидал ирдэг байлаа. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Намын үүрийн нарийн бичгийн дарга Ц.Содномдорж бичсэн захидалдаа “Тогтоол гарахаас өмнө ч, хойно ч чиний “Ардын унших бичиг”-ийг уншсан. Миний ухаан хүрэхгүй юм шиг байна. Учир, алдааг нь илрүүлж чадсангүй. Битгий гутраарай. Улам сайн бичээрэй” гэсэн байлаа. Харамсалтай нь хүмүүст гай болж магадгүй гэж бодоод тиймэрхүү захидлуудыг устгачихсан даа".

Г.Жамсранжав. “Миний хувь тавилан” ном. 2002 он. 73-79 дүгээр тал.