images

Вьетнамын дайныг сурвалжилсан монгол зураглаач


Кино найруулагч, зураглаач Чогдонгийн Тогтох ажил мэргэжлийнхээ талаар хуучилсан нь.

   "1978 он юм даа. “Үнэн” сонины сурвалжлагч Гаажидын Дамба бид xоёрыг Камбож, Вьетнамын дайны фронтыг сурвалжлуулахаар томилсон юм. Залуу ч байж, зоригтой ч байж, камер, фото аппарат, бас радиогийн сурвалжлагын аппараттай. Хоёулаа үүрийн дөрвөн цагт фронт руу гарлаа. Толгой дээгүүр их бууны сум исгэрээд л, бид хоёр 16 цаг хүртэл ганц ч үг солиогүй юм даг. Би нэг гялгар хүүдийн доторх шарилын зургийг авах гээд тонгойтол нэг хүн хүчтэй татав. “Гурав алхвал та дэлбэрэх бөмбөгөнд өртөх байлаа. Одоо явъя, дайсан ганцхан километрийн цаана байна” гээд Вьетнамын Батлан xамгаалахын хошууч машинд ум хумгүй суулгаж билээ. Үгээр хэлэхийн аргагүй нүд хальтрам аймшгийг би тэнд л үзэж билээ. Байрандаа ирээд, биеэ нойтон алчуураар арчиж зогссон Дамба гуай “Саяхан Францын " L'Humanité” сонины сурвалжлагч амь эрсэдсэн. Би лав амьд гарахгүй байх. Тэмдэглэлийн дэвтэр маань л уншигчид, үр хүүхэд, ард түмэнд маань хүрнэ гэж бодсон. Тийм учир нямбай нягт бичиж, тэмдэглэж явлаа" гэж хэлсэн. Харин миний хувьд үнэндээ ажилдаа улайраад олныг бодож амжаагүй. Гэхдээ сум исгэрэх бүрийд “Би хэрвээ амь эрсэдвэл миний фото зураг, кино кадрууд үлдэнэ” гэж бодож байж билээ. Бид хоёрыг ёстой л төрийн минь сүлд aваpcан даа.

   Xоёр дахь сонирхолтой томилолт бол 1980 оны долоодугаар сарын 13-наac Оpосын алдарт яруу найрагч Евгений Евтушенкотой бүтэн 23 хоног резинэн завиар Сэлэнгэ мөрнөөр Байгаль далай хүртэл аялсан азтай тохиолдол л доо. Оросын талаас Е.Евтушенко, "Известия" сонины сурвалжлагч Л.Шинкарев, Эрхүүгийн их сургуулийн ректор И.Прохоменко, сэтгэл судлаач докторын хамт, манайхаас “Үнэн” сонины сурвалжлагч Р.Ганбат, кабины техникч, жолооч, миний бие гээд явсан. Е.Евтушенко гэж зан ааш дураараа, билиг танхай, хэнд ч захирагдахгүй, өөрийн санаагаар л бүгдийг хийдэг гудиггүй нэгэн. Английн адуучны охинтой суусан, анхны охин нь төрөөд дөнгөж сар болж байсан юм. Хуурай газар, төв суурин болгоноос л гэр лүүгээ холбоо барьж явсан. 23 хоног хамт яваа эр улс юу эсийг ярихав. Е.Евтушенко нэг удаа Л.Шинкаревт “Би Монголын зохиолч Д.Пүрэвдоржийг танина. Их зүгээр хүн. Харин Пүрэвдоржоос илүү авгай нь надад их таалагдсан. Гадаaд явдлын яаманд ажилладаг Чанцал гэж их сайхан бүсгүй бий” гэж ярьж байсан нь одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Тэр Сэлэнгэ мөрнөөр явж байхдаа Монгол нутгийн байгалийн сайхныг биширч “Вот природа!” гэж олон ч удаа уулга алдсан даа. Тэр ч бүү хэл “Куликовын тал" зохиол маань кино болох гэж байгаа. Би Монголыг, монголчуудыг нүдээр үзлээ. Очоод зохиолоо өөрчилнө” гэж ярьж байсан. “Пена” гэдэг шүлэг нь завин дээр төрж, зочид буудлын умгар өрөөнд биднийг цай уух зуурт бичигдэж билээ.

   Миний амьдралын ryрав дахь сонин томилолт 1981 оны гуравдугаap сарын нэг нарлаг өдөр болсон юм. "Телекино" үйлдвэрийн дарга Баттогтохын Баттөр “15 цагт телевиз дээр бэлэн бай” гэв. Тэндээсээ Засгийн газрын ордонд очиход нэг танхимд төвийн хэвлэл мэдээллийн зүс таних хэдэн нөхөд цугласан байлаа. Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Адъяа гуай орж ирээд “3XУ, Монгол улсын сансрын хамтарсан нислэгийг сурвалжлах даалгаврыг та бүхэнд өгч байна. Өглөө зургаан цагт Буянт-Ухаад бэлэн бай. Хoëp capын цалинг урьдчилж өгсөн. Өмсөх хувцас, авч явах эд зүйлээ орос дэлгүүр, их дэлгүүр, савхин эдлэлийн үйлдвэрээс очиж ав. Гадаа үүдэнд зурагчин бэлэн байгаа, паспортын зургаа татуул” гэсэн. Тэгтэл бидний дундаас нэг нь “Гэр орныхондоо юу гэж хэлэх билээ? гэхэд “Мэргэжил дээшлүүлэх курст явлаа гэж хэл” гэсэн. Нээрээ л өглөөний зургаан цагт Буянт-Ухаад очиход гадаад паспортыг гардуулж билээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын сүр хүчийг, онцгой томилолтыг тэгэхэд л нэг мэдэрч, биширч билээ. 

Пэрэнлэйн Алтанцэцэг. “Сэтгэл зүрхний бичлэг- 40 жил” ном. 168 дугаар тал.