images

"United break guitars"


     2008 онд "Максвелл" нэртэй хөвгүүдийн хамтлаг  нэг муж руу тоглолтоор явахдаа United агаарын тээврийн компаниар үйлчлүүлжээ. Тухайн үед хамтлагийнхан онгоцонд суухаар дугаарлаж байтал ард нь нэгэн эмэгтэй "Бурхан минь, тэр ачаа тээш ачихдаа ямар хайнга юм бэ. Нэг гитарыг тээш рүү бараг шидэж орхилоо” гэж уулга алджээ. Бүгд гайхаж, эргэж харсан ч онгоц хөөрөх дөхсөн учир тийш төдийлөн анхаарал хандуулсангүй. Хөвгүүдийн хамтлагийн гишүүн Кэррол  тээшинд өгсөн гитартаа санаа зовон онгоцны үйлчилгээний ажилтнаас лавлаж, шалгаж үзэхийг хүссэн ч онгоц буухаас нааш боломжгүй гэсэн хариу авчээ. Кэррол Омахад газардаж онгоцноос буунгуутаа гитараа гаргаж үзвэл эвдэрсэн байв. Гитарыг 3500 доллароор худалдаж авсан бөгөөд түүний хамгийн үнэ цэнтэй зүйлийн нэг байжээ. Онгоц шөнө газардсан учир үйлчилгээний газар хэн ч байсангүй. Гомдол санал гаргах дугаар байсан хэдий ч утсаа мөн авсангүй. Тэр өдрөө асуудлаа шийдүүлж чадалгүй маргааш нь дахин утасдсан ч бүтэлтэй зүйл болсонгүй. Холбогдох ажилтан руу мэйл бичиж, утсаар залгаж лавласаар есөн сарын турш тус агаарын тээврийн компани асуудлыг нь шийдвэрлэж өгнө гэж хүлээжээ. Түүнийг залгах тоолонд "удирдлагууд ярилцаж байгаа гэхээс өөр хариу өгдөггүй байсан бөгөөд заримдаа утсаа тасалж үл тоомсорлодог байв. Нэлээд удаан ингэж явсны эцэст Кэррол тус компанийн ажилтан нэгэн эмэгтэйтэй цахим шуудангаар холбоо барьж гитарыг 1200 доллароор засах хүнийг олсон тухайгаа хэлээд "United" ийм хэмжээний нислэгийн эрхийн бичгийг олговол гомдол гаргахгүй гэдгээ хэлжээ. Гэвч тодорхой хариу өгөлгүй арав гаруй мэйл ийш тийш илгээсний дараа Кэррол аргаа барав. Тэрбээр 24 цагийн дотор нэхэмжлэл илгээгээгүй учир хохирлыг агаарын тээврийн компани хариуцахгүй гэсэн хариу авчээ. Эцэст нь тэрбээр энэ талаар дуу бичиж, YouTube-д нийтлэх болно гэдгээ анхааруулсан байна. Тэрээр дуучны карьераа дөнгөж эхлүүлж байсан бөгөөд "United Breaks Guitars" хэмээх анхны дуугаа хийжээ. Дууныхаа үгэнд түүнийг үл тоомсорлож байсан тус компанийн ажилтны нэрийг хүртэл дурджээ.

     Дараа нь дуугаа бичүүлж, клип хийхийн тулд хөгжим, кино урлагийн салбарын найзууддаа ханджээ. Найзууд нь ч зөвшөөрч, энэ компани өмнө нь олон хүнд ийм байдлаар хохирол үзүүлж байсныг нь мэдээд хамтарч ажиллахаар болжээ. Тэрбээр жүжигчид болон багийнхандаа 150 ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь нүүр будалт, өдрийн хоолны мөнгө байжээ. Кэррол өмнө нь өөрийн амьдардаг Уэйверли тосгонд сайн дурын гал сөнөөгч байсан бөгөөд  ахлагчтайгаа ярилцаж, буудлын зогсоол буюу нисэх онгоцны буудлын цардмал талбайд зураг авалт хийхийг зөвшөөрүүлж чаджээ. Бичлэгээ YouTube-д нийтлэхээсээ өмнө Кэррол Фэйсбүүкийн 400 дагагчдаа "Нэг агаарын тээврийн компани миний гитарыг эвдсэн тухай энэ бичлэгээс үзээрэй" гэчхээд тэр орой нь унтаад өгөв. Маргааш нь сэрээд хартал төсөөлснөөс их хандалт авчээ. Дөрөв хоногийн дотор “United Breaks Guitars” дууг YouTube дээр сая сая хүн үзжээ. Олон орноос өөртэй нь адил гомдолтой 10000 мэйл ирсэн байхыг харсан байна. 

     “United Breaks Guitars” нэг сарын хугацаанд дэлхийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд Кэррол гитар үйлдвэрлэгч компанитай хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж чаджээ. Түүнд мөн гитар үйлдвэрлэгчTaylor Guitars компанийн Боб Тэйлор санал тавсан байна. Түүнийг Калифорни дахь Тэйлорын үйлдвэртэй танилцах урилга явуулж, хоёр гитар сонгож бэлэг болгожээ. Тэр хэрээр "United Airlines" компанид гомдолтой хэдэн мянган хүмүүс гарч ирж, энэ нь хэвлэлийнхний анхаарлын төвд орлоо. Үйлчлүүлж байхдаа ачаа нь дундаасаа алга болох, компанийн хүнд суртал, зарим үйлчилгээний ажилчдын харилцааны доголдол зэргээс болж хохирол амссан хүмүүс өөрт тохиолдсон зүйлсээ дэлгэж эхлэв.  Лондоны "Таймс" сонинд "United Airlines "компанийн хувьцааны үнэ 10 хувь унасан тухай мэдээ хүртэл гарсан байна. Тус сонин "Үйлчилгээний байгууллагын жижиг мэт үйлдэл ийнхүү том сургамж боллоо" хэмээн мэдээлж байжээ.