images

Дандар баатрын морин жолооч хийж явсан минь


   "Намайг хүмүүс Дандар баатартай ойр дотно явж, агуу их Дагвын Лувсаншаравтай уран бүтээлийн анд нөхөд явсан гэхээр амьтан хүн үнэмшихгүй байх. Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самуурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний “морин жолооч” явах хувь тохиосон юм. Тавин нэгэн оны зун аав ээжтэйгээ, ээжийн эгч гэж хөгшинтэй Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч, замдаа Төв аймгийн Баян сум, одоогийн Төмөр замын өртөөний наадамтай таарч билээ. Уг наадмын гол сонин өнөөгийнхний хэлдгээр сенсаци нь Дандар баатар байв. Мань хүн улсын начин Хөхөөгийн хамт тухайн баярт барилдахаар ирсэн дуулддаг юм. Арван хоёр настай жаалхан надад өнөөх домогт Дандарыг харах хүсэл гозолзож байсан нь мэдээж. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг хажуунаас нь морьтой залуус дайрч хөлийг нь бэртээсэн яриа гараадахав. Ингээд Дандар барилдах эрхгүй болж, Хөхөө начин түрүүлэх нь тодорхой болсон хэрэг. Энэ бүхнийг би яаж мэдэх билээ. Ааваасаа л сонссон. Наадмын сүүлчийн өдрийн орой бид олны хөлөөс зайдуу майхан татаж буугаад, хонины гэдэс чанаад байж байтал морин туурай тачигнан, дөрөө харших чимээ гарч, яах ийхийн зуургуй өнөө миний хүсэн хүлээсэн Дандар баатар чинь Хөхөө начинтайгаа хамт ороод ирдэг байна шүү. Миний айж байна гэж юүхэв. Айх хэд хэдэн шалтгаан байсан. “Сэлэм гялс,толгой бөндгөс” гэдэг домогт баатар үдэш оройн цаагаар гэрийн хаалгаар багтаж ядан орж ирэхэд над шиг жулдрай нь байтугай, хэн хүнгүй л айна, бэргэнэ. Мөн тухайн үед Дандар гуай шоронгоос дөнгөж гараад Төв аймгийн хэдэн сумдаар баахан төрхгүйтэж яваа тухай янз бүрийн л яриа хөөрөө дуулддаг байсан цаг. Айлын уяан дээрээс эмээлтэй морийг нь, авдар дээрээс мөнгөн аягыг нь өвөртлөөд мордож гэнэ ээ гэж яригддагсан.
   Дандар гуайг анх харсан тэр үдэш санаа сэтгэлээс гардаггүй юм. Аавтай наадам найр, нутаг усны тухай ярьж байтал тогоон дээрх гэдэс боллоо. Хөхөө начин тэр хоёр гэдэснээс огтолж, гогцоо цус хэд хэд явуулчихаад хойш суулаа. Аав нэг архи гаргадаг юм. Ганц нэг тагш юм тогтоосны дараа Дандар гуайн яриа хөөрөө ч задгайраад, миний айдас хүйдсийн ч хүлээс алдуураад сайхан болов. Тэгтэл Дандар манай ээжийн эгч хөгшнийг заагаад “Би яг ийм ээжтэй байсан хүн. Дандаа л байлдаж, дайтаж муу ижийнхээ амар заяаг үзүүлээгүй дээ” гээд өнөө баатар чинь уйлдаг юм байна.

   Сүүлд бодож байх нь ээ, би гэдэг хүн Дандар гуайнхаа уйлахыг хэд хэдэн удаа үзсэн. Тийм хүн одоо Монголд надаас өөр байхгүй л болов уу гэж санах юм. Хөхөө начин, Дандар баатар хоёр аавтай баахан ярилцаад явах боллоо. Аав минь жаалхан намайг хөтлөөд “Хүү минь, хоёулаа Дандар баатрыгаа мордуулж өгье” гэдэг юм. Ингээд аавтайгаа хамт гартал Дандар цагаан бор мориныхоо хааг алгадан хэвтүүлж мордоод шөнийн гүн харанхуйд морин туурайн чимээ нь тачигнан алсраад одож билээ. Баатрыг анх харсан сэтгэгдэл энэ. Харин дотносож нөхөрлөсөн минь сүүлд л дээ. Миний бие 1976-1993 он хүртэл Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч гэдэг алба хашсан ухаантай. Тэр үед “Батлан хамгаалахыг сурталчлах сарын ажил” гэж сүртэй дуулиантай юм болдог байв. Энэ ажлаар Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Увс, Завхан аймгуудад Дандар гуайтай хамт явсан юм. Улаанбаатарт хотод ч цэргийн ангиудад уулзалтаар очиж, сүүлдээ гэр орноор нь ч орж гардаг дотно нөхөд болсон юм. Хөдөө явахдаа Дандар гуайг халамжилж энгэр дүүрэн олон одон тэмдэгтэй, бараг л сум нэвтлэхийн аргагүй жигтэйхэн хүнд хүрмийг нь өмсгөх тайлах, “маллаж” явах үүрэг надад ирнэ дээ. Хаана ч очсон Дандар гуай надтай хамт нэг өрөөнд л орно. “Намайг Бадарчтай оруулна шүү” л гэнэ. Тэр нь сайндаа ч биш. Нийлж ганц нэг юмны бөглөө мулталдаг л байхгүй юу. Далаад оны төгсгөлөөс наяад оны сүүл үе хүртэл Халх голын ахмад дайчид олонх нь сэрүүн тунгалаг байж. Сум болгон дээр Дандарын цэргүүд баатартаа ирж үнсүүлж, идээ ундаа болон хууч хөөр болдогсон. Манай хүн бусдын өгсөн бэлэг сэлт энээ тэрээг шууд л над руу явуулж “Манай морин жолоочид өг” гэнэ. Би Дандар гуайгаар морин жолооч гэж өөрийгөө хэлүүлэх дуртай.

   Увс аймгийн баруун талын сумдаар явж байгаад машины осолд орсон юм. Улаанбаатараас Улаангомд онгоцоор буугаад сумдаар “ГАЗ-66” машин хөлөглөж явлаа. Нүүр нүдгүй цасаар шуурч байхад бид “жаран зургаа”-гаар дайруулж яваад жалган дээгүүр харайлан урд талын цонхны шил хага үсэрч Дандар баатрын зүүн талын нүд, зовхийг нь зүссэн байлаа. Бид гэдэг нь БХЯ-ны Соёлын хэлтсийн дарга, хурандаа буурал Болд, Увс аймгийн Намын хорооны харийн бичгийн дарга Цэрэннадмид бид хэд л дээ. Арай гэж цусыг нь тогтоогоод, хоёр дарга айл руу гүйлээ. Би Дандар гуайтай хоёул үлдэж цасан шуурганаар гадаа гарч зогслоо. Даарч байна гэж юүхэв. “Дандар гуай өвдөж байна уу?” гэхэд, “Өвдөж байна шүү. Би дайны үед нэг японтой ноцолдоод гуя руугаа бууны хутган жадаар хоёр ч дүрүүлсэн, сургагч орос маань золоор ирж шархыг минь боогоод, цус алдуулахгүй гэж холбооны кабель утсаар гуяыг минь тасартал хэрж билээ. Тэгэхэд ингэж өвдөөгүй шиг санах юм” гэж яс янгинатал хариулт өгч билээ. Оройхон хэрд аймгаас эмч нар ирлээ. Одоогийн гавьяат, доктор Цэгээнжав, мөн Сүрэнжав гэж мөн л доктор нүдний их эмч сайхан бүсгүй ирж байлаа. Ойрх сумдын эмч нар ч ирцгээсэн. Машины зөөдөг гэрэл тавьж байгаад нүдийг нь эмчилж оёдол хагалгаа ч хийв. Болд дарга баатарт хандан “Төвөөс Ёндон сайд цахилгаан ирүүлжээ. Таныг буцаа, онгоц явуулна гэнэ ээ” гэхэд Дандар гуай “Цэргийн хүн үүргээ биелүүлээгүй хэзээ буцаж байсан юм. Би цаашаа сумдаар явна. Цаад Ёндон генералдаа намайг ингэж байна гэж хэл” гэдэг байгаа. Тэгээд л бид ёстой үүргээ биелүүлж дөрөв хоног яваад аймаг дайрч хаалтын тоглолт уулзалтаа хийгээд Улаанбаатарт ирж билээ".

Пунцагийн Бадарч. "Судартай ногоон дэлхий дээр" номоос.