images

Анд явж чөтгөр харсан нь


   "17 настай байхад надад тохиолдсон аймшигт явдлын тухай тэр цагаас хойш тавиад жил ард олон, найз нөхдөөсөө нууж явснаа одоо бичиж үлдээе гэж шийдлээ. Тэр цагт чөтгөр шулам, алмас гэх мэт элдэв зүйлийн тухай ярьж болохгүй, түүнийг хатуу хориглосон, социализмын номлол, хувьсгалт намын зарчим бүхий үе байлаа. Энэ бол Доржренчин, Р.Мөнбиш бид гуравт тохиолдсон үнэн түүх, нүдээр харсан бодит явдал юм.

   1948 оны 8 дугаар сарын нэгэн өдөр бид гурвуул гөрөөлөхөөр гарч, хоёр тарвага агнаад, айлын өвлийн байшинд очиж боодог хийв. Нэгийг нь хувааж идээд, нэгийг нь бүтэн үлдээж, орой ирээд хөрсөн хойно нь идье гэж ярилцаад, цаашаа бор гөрөөсөнд явлаа. Явж байтал нэг хүн булгийн дэргэд, зүүн тийшээ хараад өвс хадаж байгааг гурвуулаа хараад 500 м газар ойртож явтал гэнэт алга болсон байлаа. Түүнийг хэн нь ч дахиад харсангүй. Тэгээд нар уулын толгойд очсон хойно хамтдаа буцаж явтал Эгийн голын Ганга гэдэг газар, замын голд эртний баатрын хувцастай нэг хүн зогсож байгааг би олж харангуут хамт явсан нөхдөө "Зогс" гээд, энэ тухай хэлэхэд тэд "Бид юу ч харахгүй байна" гэлээ. Энэ бол 50 м орчим зайтай газар байсан. Би "Тэр наашаа ирлээ" гэхэд нөгөө хоёр намайг "Бууд, бууд" гэсэн. Тэгээд би сандран буугаа мулталж авангуут нөгөө хүн голын эрэг рүү шууд буугаад, усан дээгүүр хөл нь доошоо орохгүйгээр алхаад явж байхыг харлаа. Нэгэнт нөгөө хоёрт харагдахгүй байсан учир би араас нь чиглүүлэн нэг удаа буудахад тэр хүн гэнэт л юу ч үгүй алга болчихсон. Дахин харагдсангүй, бид явсаар нөгөө байшиндаа эргэн ирж, үлдээсэн мах юмаа идэхээр буув. Морьдоо уяад ороход манай хоёр надаас түрүүлж ороод, үлдсэн боодгоо задлаад "Хөөш, их сайхан болсон байна. Бушуул, махаа ид" гэж байна. Би ч тэдэнтэй зэрэгцэн сууж, хэсэг мах огтлоод амандаа гараа ойртуулж байтал гэнэт миний чихэнд "мах" гэх дуу сонсогдоод, гар татвасхийв. Би "Хэн чинь мах гэж дуугарав?" гэвэл нөгөө хоёр нөхөр маань "Хэн мах гэх юм" гэж нэгэн зэрэг хариулж байна. Огтолсон тэр махаа галд өргөчихөөд гараа хөдөлгөхөд миний гар өөрийн мэдээгүй сул хөдөлж байв. Дахиад мах огтлоод идэх гэсэн чинь бас л болсонгүй тул "Надад мах үлдээнэ шүү, би маргааш иднэ" гээд өөдөө хараад хэвтэж байтал дээрээс анх хий агаар маягаар цээжин дээр даралт гарч ирэхэд нөхдөө дуудлаа. Тэгээд намайг их үстэй, маш том амьтан аваад явахыг завдаж байгааг мэдээд л би ухаан алдчихсан юм. Нөгөө хоёр нөхөр сүүлд энэ тухай ярихдаа, намайг байшингийн таазанд наалдаж, сарвалзаж, ноцолдож байсан гэсэн. Тэндээс мориндоо мордож чадахааргүй болж, эмээл дээрээ дүүрүүлж гэртээ ирсэн байхад эмч үзээд миний цээжин талд хөх няц болсон байдлыг их гайхаж "Хүнд юмаар цохисон байна" гэж билээ. Түүнээс хойш хоёр сарын турш миний бие маш муу, их ядарч, ямар ч хүч тэнхээ, тамиргүй хэвтэрт шахуу байв. Гэсэн ч социалист үзэл суртал ид дэлгэрч байсан болохоор алмас чөтгөр харсан гэж ярьсан бид гурвыг маш их хорьж, загнаж байсан. Тэр үед манай аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн дарга Дашдорж гэж, биднийг сургуульд байхад түүхийн хичээл орж байсан багш хүн ирж, биднийг үүнийгээ дахиад нэг ч хүнд, хэзээ ч бүү ярь гэж хатуу сануулсан юм. Энэ тухай Багшийн дээдэд сурч байхдаа алмасын тухай судалж бичдэг Дамдин гуайг асууж ирэхэд ч огт яриагүй. Өнөөг хүртэл өөрөө ч энэ явдлын учрыг олоогүй, түүнээс хойш тэр газраар олон удаа нөхөдтэй, нөхөдгүй унтаж хонож, ан гөрөө зөндөө хийлээ. Одоо хүртэл тийм тохиолдол дахиад таараагүй билээ”.

Монгол улсын өсөх идэр начин Ширнэнгийн Шаравжамцын 1995 онд өөрөө хэлж бичүүлсэн хууч. Р.Чүлтэмсүрэн. “Сэцэн ханы аман билиг” ном. 2022 он. 293-294 дүгээр тал.