images

Ихэр заяа, салгуу тавилан


   "Хадлангийн салаанд дадлагаар ирсэн оюутан охиныг хараад “Уухай, практик гэдэг нь бидэндээ заах юм болж байна гүү, аль биднээр заалгах юм болж байна гүү?” хэмээн мушилзаж суудаг Базар хэмээх буриад өвгөний дүр бол “Анхны алхам” киноны гол шигтгээ юм. Тэрхүү шигтгээг урлагч нь Монгол улсын гавьяат жүжигчин Сандагийн Цэрэндаш билээ. С.Цэрэндаш тухайн үеийн ЗХУ-ын Буриадын АССР-ийн Ага нутагт Дульдаргын районы Тарвагатай гэдэг газар 1913 онд төржээ. Тэрбээр ихрийн өрөөсөн. Ээж нь нялхад нь нас барснаар ихэр хүү, охин хоёрыг салгуу тавилан угтсан байна. Цэрэндаш хүүг ээжийнх нь дүү, харин эгчийг нь ээжийнх нь эгч өргөн авч өсгөжээ. Тэгж байтал цаг төр үймж, С.Цэрэндашийг өргөж авсан эгч нь гэр бүлийнхээ хамтаар 1922 онд Монголд нүүн ирсэн байна. Харин эгч нь ЗХУ-д Ага нутагтаа үлджээ. Ийнхүү ихэр эгч дүүс хоёр өөр айл, хоёр улсад тусгаарлагдсан байна. Гэвч хожим нь тэрбээр зулай  гишгэн төрсөн ихэр эгчтэйгээ уулзаж учран сэтгэлээ дэвтээжээ. С.Цэрэндаш гуайн охин Лхамсүрэн ОХУ-ын Буриад улсад очиж өвөг дээдсийнхээ уугуул нутаг Агад суугаа үеэл дүүстэйгээ жил бүр уулздаг байжээ. Монголд ирж Дорнод аймгийн Баяндун суманд суурьшсан нагац эгчийнхээ гар дээр өсөж торнин эрийн цээнд хүрсэн С.Цэрэндаш 1934 онд цэргийн албанд мордов. Цэргийн ерөнхий сургуульд цэрэг, сурагч, салаа, суман, дивизийн даргаар яг 11 жил ажиллаад халагдсан байна. Ингээд аймгийнхаа клубийн даргаар нэг жил ажиллан урлагийн амьдралаа эхэлжээ. С.Цэрэндаш гуайг цэрэгт дивиз командалж байхдаа тун хатуу дарга байсан хэмээн түүний цэрэг байсан буурлууд хожим дурссан гэдэг. Цэргийн албанд зүтгэж хатуужил, зориг тэвчээр бүхнийг биедээ шингээсэн идэрхэн эр аймгийнхаа наадамд барилдан начин цол хүртэж ч явж. Мөн тун сайхан дуулдаг байсан гэдэг. Нэг удаа төрөлх Баяндун сумандаа очоод айлын найран дээр дуулахад нь нутгийнхан “Ямар гоё дуулдаг хүн гээшив” хэмээн гайхан биширч байсан ажээ.

   С.Цэрэндаш гуай насны наран хэвийсэн хойноо л кинонд тоглож, дэлгэцнээ дүрээ мөнхөлсөн билээ. Тэрбээр хот руу кино зурганд яваад нутаг буцахдаа их л баяр хөөртэй, хөгжилтэй, сэтгэл дүүрэн очдог байж. Мөн кинонд хамт тоглосон жүжигчид, найз нөхөд нь Дорнодод олонтаа очно. Тэр бүрд С.Цэрэндаш гуай хөл газар хүрэхгүй баярлана. Киноныхон маань ирнэ гээд л идээ ундаа зэхээд хөл хөөр болно. С.Цэрэндаш гуайн багш нь Ардын жүжигчин Н.Цэгмид, Д.Ичинхорлоо нар. Тайз, дэлгэцийн энэ хоёр аугаа зүтгэлтэн, Ардын жүжигчдийн эрдэм, ухаанаас өвлөж, өөрийн авьяас билгийг хурцалсан хүн бол яах аргагүй С.Цэрэндаш гавьяат. Үүнийгээ ч тэрбээр “Анхны алхам” киногоороо харуулсан. Нямын Цэгмид багштайгаа хамт уг кинонд тоглож Базар, Балдан хэмээх хоёр сайхан өвгөний дүрийг бүтээцгээсэн билээ. Нэрмэлд жаахан халамцаад хүд хүд инээж суудаг, улаан хоормог эргэсэн үертэй голын цаана байгаа морьдоо барьж чадахгүй өдрийн ажил алдах болсондоо бухимдах зөрүүдхэн буриад өвгөн Базар, ангийн хорхойтой, басхүү тарагны нэрмэл тамшаалан суух дуртай хашир өвгөн Балдан хоёр цаанаа л нэг “амттай” дүрүүд. Ер нь “Анхны алхам” киноны дүр сонголт тун оновчтой, найруулагч нь жүжигчидтэйгээ сайн ажилласан гэж үнэлэгддэг. Энэ бол тухайн үеийн залуу найруулагч, эдүгээгийн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн диплом хамгаалах бүтээл, анх найруулсан кино нь байсан бол гол дүрд тоглосон жүжигчин Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл нарын хувьд оюутан байхдаа уг кинонд тоглож мөн анхны дүрээ бүтээж байсан гэдэг. Хадлангийн бригадын дарга Доржийн дүрийг бүтээсэн Дорнод аймгийн драмын театрын авьяаслаг жүжигчин Д.Дондог ч кинонд анх тоглосон нь тэр байв. “Анхны алхам” киноныхны нэлээд нь ийнхүү уран бүтээлдээ ч анхны алхмаа амжилттай хийжээ. Тус кино багийнхан амьдрал дээр ч бие биедээ түшиг тулгуур болж явсан гэдэг.

   Ардын жүжигчин Н.Цэгмид багш нь С.Цэрэндаш гавьяатын амьдралд олон удаа тус хүргэж, үргэлж түшиг тулгуур болж явсан ажээ. С.Цэрэндаш гуайн бие чилээрхэн Дорнодоос ирж Н.Цэгмид гуайнд нэг хэсэг байсан гэнэ. Н.Цэгмид гуайн гэргий Банзрагч мөн л киноны хүн. Тиймээс киноны уран бүтээлчдэдээ их элэгтэй. Аавыг нь өөрийн ах дүү шиг асарч тойлж байсан хоёр бууралд С.Цэрэндаш гуайн охин Лхамсүрэн баярлаж талархаж, аавыгаа бурхны оронд одсоноос хойш Н.Цэгмид гуайтай байнга уулздаг. Санзай дахь гэртээ аваачиж цайлж хүндэтгэл үзүүлдэг байсан гэнэ. “Анхны алхам”-ынхан амьдрал, уран бүтээл аль алинд амь нэг явсны өөр нэг жишээ нь Мядаг буюу Б.Цэцэгбалжидтай холбоотой. С.Цэрэндаш гуай амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд бие тун чилээрхүү эмнэлэгт байхдаа Б.Цэцэгбалжидтай уулзах гэж их хүлээсэн гэдэг. Тухайн үед хөдөө бригадаар яваад эзгүй байсан Б.Цэцэгбалжид жүжигчин хотод ирмэгцээ л буриад Базар өвөө дээрээ гүйж очжээ. Харамсалтай нь С.Цэрэндаш гуай үг хэлж чадахаа больсон байв. Гэвч харцаараа “Анхны алхам”-ын Мядаг охиндоо нэг л дулаахан сайхан үг хэлэх шиг болж, бас сэтгэл нь амарсан байдалтай байжээ. Аавыгаа сахиж байсан Лхамсүрэн гуай тулгамдаж сандарсан Б.Цэцэгбалжид жүжигчнийг тайвшруулан “Аав минь чамайг сайн жүжигчин болоорой гэж байна” хэмээн хэлсэн гэдэг. Мядагтайгаа уулзсанаас хойш хэдхэн цагийн дараа дэлгэцнээ гэгээн сайхан дүрээ үлдээсэн буриад Базар өвгөн бурхан болжээ". 

Г.Сонинбаяр. "Монголын үнэн" сонин" . №028