images

"Үр хүүхэддээ хэлсэн үг" - Тэнгэр шиг бай!


   1991.12.20-ны өдөр МУБИС-ийн Утга зохиолын ажилтны анхны ангийн 10 хэдэн оюутан маань ангийн дарга Б.Хишиг-Ундралынхаа гэрт цуглаж, бяцхан боловч утга агуулга төгс найр наадам хийх гэж ангийн багш хэмээгдэх намайг урьж билээ. Тэр өдөр би очих гээд Д.Сүхбаатарын талбай хавьд явж байсан О.Дашбалбартай тааралдав. Тэрбээр нуруу цэх, уулын орой, хөх тэнгэр ширтэн ойр зуурыг ярихын ялдамд гартаа эрхи барьж, дүнгэнэтэл маани тарни уншиж, тэгснээ элдвийг хүүрнэн ярьсаар очих замыг минь өөрчлөн, намайг дагуулан "Хүүхдийн зуу" хэмээгдэх орчмын өндөр байшинд цай цүү болон түр саатав. Хоёул ярьсаар хүүрнэсээр манайд очиж, надаас дэлхийн сонгодог зохиол "Хонгор найз", "Амьдрал" номыг авч унших, бүр одоо өнөөдөр авья гэсээр Бага тойруугийн Баян бүрд орчмын хороолол руу хоёул дүнгэнэлдсээр явлаа. Нөгөө ангийнхныхаа баяр уулзалтад очих худлаа болж тэднийгээ айхтар их гомдоосон юм. Надад оюутнууд дээрээ очих нь чухал байсан ч О.Дашбалбартай цуг байх, ярих хөөрөх нь бас эрхэм байж билээ. Тэр үед яруу найрагч маань Улсын Их Хурлын гишүүн ажил алба ихтэй, хэл ам ч барагдахгүй цаг байсан бөгөөд манай бор гэрт жаал тайвширсан мэт диван дээр тавтай дугхийж билээ. Явахын өмнө цүнхээ билүү хавтасаа ч билүү уудлан, цай цүү зөөн гүйж байсан ууган охин Наранд минь гарын үсгээ зуран шүлгээ бэлэглэв. Дараа нь тэр эрхэм бэлгийг баярлан гэр бүлээрээ уншвал: Очирбатын Дашбалбар. Үр хүүхэддээ хэлсэн үг. Энэтхэг улсад 10 жил бурхны ном үзэж, буяны мөр хөөхөөр явах гэж буй хүү Д.Гангабаатартаа зориулмуу гэж бичээд бал үзгээрээ бяцхан дарсан нь ямар нэг сонин хэвлэлд хэвлүүлэх гэж байгаа тул хэрэггүй хэмээн дарсан эсвэл охинд маань дурсгахын өмнө тийн үйлдсэн байж ч магадгүй. Тэгээд бидэнд хамгийн гол хамгийн эрхэм дурсган бичсэн үгийг нь өнөөдөр сийрүүлэн бичвэл: ХҮҮ ГАНГАБААТАР БОЛОН ОХИН МӨНГӨНДАЛАЙ, ДЭЖИДМАА НАРТАА ЗОРИУЛСАН ЭНЭ ШҮЛГИЙГ НАЙЗ ЧҮЛТЭМСҮРЭНГИЙНХЭЭ ОХИН НАРАН-Д ДУРСГАВ. 1991-12-20 О.ДАШБАЛБАР гэжээ. Миний удаах хоёр охин тэр өдөр хичээлдээ яваад гэртээ байхгүй байсан тул О.Дашбалбар найрагчид нэр дурдагдаагүйдээ ихэд гомдож, та хэлэхгүй яасан юм гэж байж билээ.

   Энэ шүлэг төрсөн үр хүүхэддээ зориулсан, найзынхаа үрсэд бэлэглэн дурсгасан төдийгүй хүн төрлөхтөнд зориулсан, монгол найрагчийн, монгол түмний сэтгэл шингэсэн захиас, гэрээс, уриа дуудлага болсон монгол яруу найраг болж дэлхийд түглээ.

МУБИС-ийн багш, доктор, профессор Р.Чүлтэмсүрэн, 2023.9.02.

(Р.Чүлтэмсүрэн багшийн зөвшөөрлөөр нийтлэв.)