images

“Намрын дурсамж”


     Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн ая, Дуучин Н.Төмөрхуягийн дуулснаар “Намрын дурсамж” дуу бүтсэн түүхийг хүргэж байна. “Яруу найргаа хөгжмийн зохиолчид сайн мэдэрч, тохирох дуучнаа олсон тохиолдолд сая нэг амьд дуу төрөн гардаг.  Хэчнээн сайхан аялгуу зохиогоод ч үг муутай, дуучин нь тааруухан бол хол явахгүй” гэж ярих  хөгжмийн зохиолч Ц. Чинзориг нь 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ дууны түүхээ ингэж ярьжээ.

​     Хамгийн анх сургуулиа төгсөж ирээд ажилласан газар минь Баянхонгор аймгийн театр байлаа. Дөнгөж хойноос ирэнгүүт шууд орон нутагт хуваарилагдсан хүнд танил, нөхөд хомс. Эргээд оюутан байсан цаг хугацаагаа аргагүй эрхэнд нэхэн дурсдаг юм билээ. Нэгэн он цаг хугацааг хамт өнгөрүүлсэн анд нөхдөө дурсах явдал их гарна. Тэдний тухай дурсамжиндаа авч үлдэх ямар нэгэн юм хиймээр санагдаад болдоггүй.

     Нэг өдөр өрөөндөө сууж байгаад дуу хиймээр болж нэг ая зохиох гэж оролдмоор аядлаа. Нэлээн сууж, хэд гурван ая бодсон ч “Ай хөө, чи минь” гээд цааш үг орж ирдэггүй. Хэсэг амраад цонхон дээрээ очив. Амьсгаа аваад ажих нь ээ намрын өнгө нэгэнтээ газар дэлхийд ноёлчхож, найз нөхдөө санахын ялдамд энэ төрх улам л гуниг нэмээд болдоггүй. Тухайн үед дуун хамтрагч Сүхбат театрын зохион байгуулагчаар, би хөгжмийн багшаар ажиллаж байлаа. Сүхбат болохоор яг зэргэлдээ өрөөнд сууна. Оройд дандаа бичгийн машин нүдээд л сууж байдаг. Би тэр үеэр нь давхиж ороод “Би нэг найзаа санагалзаж захиа бичсэн юм, сонсох уу” гэлээ. Сүхбат ч сандлаа эргүүлээд чих тавьж байна. Үргэлжлүүлэн захиагаа уншиж өгөхөд түүнд таатай байгаа бололтой шимтэж сонсов. Намайг дуусмагц “Ямар хүнд зориулж бичсэн юм” гэж асуухаар нь хэлэлгүй, өрөөнөөс нь гарч одсон юм. Маргааш өдөр нь тааралдахад “захиагаа бодож явсаар байгаад дуу болгочихлоо, сонсох уу” гээд хөгжмийн өрөө рүү дагууллаа. Дуугаа сонсох гэсэн Театрынхан тойроод шавчихсан, нөгөө дууг минь бүгдээрээ сонсъё л гэж байна. Тэгтэл  нэг нь “Бороотой үед алхаад л сонсоход сайхан дуу юм аа” л гэв.

     Эхэндээ эмэгтэй хүнд зориулсан дуу болмоор аядаад, дараа нь удаан уулзаагүй хоёр найз ширээний ард суугаад дурсамжаа онгичин, түүх хүүрнэж байгаагаар болгомоор санагдсан. Найз нөхдийн мөн чанар, итгэл намар их үгүйлэгддэг ч гэх утга санааг давхар  илэрхийлэхийг зорьж байлаа. Тэр өдөр театрын зохиолч, хөгжимчид маань зэрэгцэж суугаад энэ үгийг нь ингэж өөрчилье, аяыг нь ахиад жаахан засварлая гэсээр тэр оройдоо багтаад дуусгачихсан. Анхны хувилбарыг нь Түмэнжаргал, Ерөөлт гэх залуус хосолж дуулан, урлагийн шагнал авч л байсан юм билээ. Сүүлд 1989 онд анх морин хуур уралдаанд Н.Төмөрхуяг орж дуулсан даа.