images

"Хүрээ хүүхнүүд"


   1999 онд байгуулагдсан “Уруулын будаг” хамтлагийнхан 2000 онд “Пентатоник” наадамд түрүүлж "Хүрээ хүүхнүүд" дууг дуулсан нь тэдний анхны дуу байсан билээ. Уг дууны үгийг яруу найрагч Ш.Дулмаа 1970-аад оны сүүлээр бичжээ. Түүнээс хорин жилийн дараа хөгжмийн зохиолч Б.Долгион ая хийсэн нь учиртай аж. Тэрбээр энэ тухайгаа "Би “Хүрээ хүүхнүүд” дууг ээжийнхээ дурсгалд зориулж зохиосон юм. Миний ээж Барбаатарын Долгорсүрэн гэж хүрээ хүүхэн байлаа. Хотод өссөн тэр үеийн хүрээ хөгжим, соёлыг сайн мэддэг нэгэн байв. Тэгээд би Ш.Дулмаа эгчтэй уулзаж шүлгийг нь авсан. Шүлэг ээжид минь яг л тохирч байсан юм. Аяыг нь зохиохдоо рок-н-роллын хэмнэлийг монгол хэмнэлтэй хольж хийсэн" хэмээн Монголын үндэсний радиогийн "Дуун увидас" нэвтрүүлэгт ярьжээ. Харин чухам яагаад "Уруулын будаг" хамтлагаар дуулуулсан тухайд “Энэ хамтлаг миний ивээлд ирчихсэн, өөрөөр хэлбэл би продюсер нь болсон үе. Ш.Гүрбазар надад таван охин дагуулж ирсний дотор Г.Оюутцэцэн гэж охин нь байлаа. Үндэсний хөгжмийн анги төгссөн охид байсан учир шанз, ятга тоглодог тэр хүүхдүүдэд зориулж одоогийн “Хү” хамтлагийн жанраар этник хөгжим хийхээр оролдов. Чухам уруулын будагт зориулж уруулын будгаар шанз тоглуулах санаа төрсөн хэрэг. Тэгээд гармонио уруулын будагт зориулж бичээд дунд нь шанзны гоцлол оруулж, монгол хувцас өмсүүллээ. Ингэж л тухайн үед манайд этник хөгжим нэвтэрсэн юм” хэмээн ярив. Харин “Уруулын будаг” хамтлагийн гишүүн Г.Ичинхорлоо “Энэ дууны хэмнэл, аялгуу нь өвөрмөцөөс гадна хүрээ хүүхэн гэдэг сэдэв нь ч сонин. Ш.Дулмаа гуайн сэтгэлд буусан тэр шүлгэнд Б.Долгион ахын донжтой ая орж ирээд сайхан бүтээл болсон. Тухайн үед С.Ганчимэг шанзны анги байсан учраас дундуур нь үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй холиход сонирхолтой гэж бодсон нь нүдээ олсон. Дүрс нь мөн “Шилдэг клип” шагнал авч байлаа” хэмээжээ. "Уруулын будаг" хамтлаг Б.Халиуны найруулгаар "Хүрээ хүүхнүүд" дууг анх дуулснаас хойш "Харанга" хамтлагийн Ц.Чулуунбаатарын найруулгаар амьд хөгжимтэй мөн дуулжээ. Тэгэхдээ студид өөрсдөө хөгжмөө тоглож, хоолойгоо бичүүлээд амьд хөгжмийн CD гаргасан байна. Түүний дараа дахин өөр нэг шинэ найруулгаар дуулсан нь 2019 оны 11 дүгээр сард болсон С.Долгионы “Учралын блюз” тоглолтын үеэр аж. Учир нь, “Уруулын будаг” гишүүн С.Ганчимэг Францад хамтлаг байгуулж этник хөгжмийн чиглэлээр бүтээл туурвин хархираа, хөөмий сурчээ. Тиймээс тэд "Хүрээ хүүхнүүд" дууныхаа дундуур хархираа, хөөмий оруулан дахин нэг шинэ найруулгаар дуулсан нь тэр болсон байна. Харин энэ дууг төрснөөс хориод жилийн дараа өөр хамтлаг, дуучид Б.Долгион, Ш.Дулмаа нараас зөвшөөрөл авч дуулжээ. Тухайлбал, дуучин Г.Эрдэнэчимэг, “Замбуутив” хамтлаг дуулж, “Бэхи” хамтлаг ятгаар хөгжимдсөн юм. "Замбуутив" хамтлаг нь уртын дууч гурван гишүүнтэй тул дундуур нь шуранхай оруулж өөр найруулгаар дуулсан бол Г.Эрдэнэчимэг шуранхайлснаас гадна орчин үеийн хөгжмийн чиг хандлагад бүр илүү нийцүүлсэн дуулсан байна.

Эх сурвалж: МҮОНР "Дуун увидас" нэвтрүүлэг.