images

Тэйлор Свифт


   Дуучин Тэйлор Свифтийн нэрийг аав, ээж нь хайртай дуучин Жэймс Тэйлорын нэрээс санаа аван өгчээ. Жэймс Вернон Тэйлор нь зургаан удаа Грэммийн шагнал хүртсэн 1970-аад оны алдартай дуучин, цомгоо дэлхий даяар 100 гаруй сая хувь борлуулсан нэгэн юм. Иймээс Т.Свифтийн аав, ээж хоёр ууган хүүхдээ төрөхөд охин ч бай, хүү ч бай Тэйлор гэдэг нэр өгөхөөр шийдсэн гэдэг. Ингээд олон жилийн дараа буюу 1989 оны 12 дугаар сарын 13-нд охинтой болж Тэйлор нэрийг хайрлажээ. Дуучин бүсгүй нэрийнхээ тухай уг түүхийг 2011 онд хийсэн "Speak Now" дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ хэлсэн байна. Улмаар Нью-Йоркийн “Madison Square Garden”-д хийсэн тус тоглолтынхоо өдөр ээждээ зориулан Жэймс Тэйлорын “Fire and Rain” дууг дуулж өгчээ. Харин дараа жил нь буюу 2012 онд Массачусэтс мужид болсон “Tanglewood” фестивалийн үеэр Жэймс Тэйлортой хамтран түүний “Fire and Rain”, өөрийнхөө “Ours”, “Love story” дууг дуулжээ. Мөн Т.Свифт 2012 онд гаргасан “Red” цомог дахь “Begin again” дууныхаа гуравдугаар бадагт "You said you never met one girl who had as many James Taylor records as you, but I do" гэж дуулдаг. Мөн Ж.Тэйлор сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Т.Свифтийн нэрийн учрыг өөрөөс нь сонсоод баярласан тухайгаа ярьж, "Нэрээрээ холбогдсон энэ холбоо үнэхээр гайхамшигтай" гэжээ. Ийнхүү удмын дуучин бүсгүйн ээж, аавын хүсэл биелж Тэйлор Свифт нэр алдартай уран бүтээлч болсон байна. Учир нь, түүний нагац эмээ алдартай дуурийн дуучин байжээ. Харин одоо Т.Свифтийн нэр, дууны үгнээс санаа аван зохиосон 100 гаруй нэрийг дэлхийн олон шүтэн бишрэгчид нь хүүхдэдээ өгдөг байна. Энэ олон нэрнээс хамгийн түгээмэл нь түүний "Fearless", "Folklore" цомог дахь дууны нэрээс санаа авсан Айви, Виллов, Бэтти гэх нэрүүд аж. 2006 онд анхны “Tim McGraw" дуугаараа урлагт хөл тавьсан Т.Свифт Грэммийн шагналыг 12 удаа хүртсэн бөгөөд 500 гаруй хөгжмийн шагналтай гэнэ. Мөн дэлхий даяар цомгоо 114 сая хувь борлуулсан бөгөөд түүний бүх 10 цомог нь “Billboard 200”-д багтсан алдартай дуучин юм.

Зураг дээр Т.Свифт, Ж.Тэйлор нар хамтран дуулж байгаа нь.