images

Шомбо


Ховд аймгийн Буянт сумын бариач Гаалиагийн Шомбо гуайн нэр Монголдоо ганц ажээ. Тэрбээр манай сайтад нэрийнхээ учрыг ийн ярилаа.

    Би 1959 оны хоёрдугаар сарын 22-нд Ховд аймгийн Буянт сумын Улаан бураа гэдэг газар хээр төрсөн юм билээ. Тэр жил их ядруу, зудтай байсан гэдэг. Манайх тува айл. Тувачууд эсгий хаалгатай жижигхэн шовгорт амьдардаг шүү дээ. Тэр үед манай гэр тийм л байсан гэдэг. Аав хэлмэгдээд баригдчихсан, ээж ганцаараа үлдэж. Тэгээд хээр явахад нь гэнэт өвдөөд айлын өтөг бууц бараадаж хорголыг нь хамж овоолоод намайг унагасан гэж ээж ярьдаг байлаа. Хүйг минь хөх чулуугаар хэгз цохьж таслаад хормойлоод харьжээ. Манай гэр ч их холгүй, 250 метр орчмын зайд байсан юм уу даа. Одоо ч миний хүйг тасалсан хөх чулуу тэндээ бий. Дараа нь аав ирж намайг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ шууд Шомбо гээд нэрлэчихсэн юм билээ. Тэгэхээр би нэг нас хүрсэн хойноо ийм нэртэй болсон юм. Миний аав Ховд аймгийн Зэрэг сумын шохойны үйлдвэрт мэргэжилтэн хийж байгаад хэлмэгдэж шоронд орсон байв. Нааш гэрээдээ ирж чадахгүй, ээж хээр амаржсан, нялх нярай хүүхэдтэй холдож чадахгүй байсаар улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байж. Уг нь долоо, найман сартай байхад минь бүртгэл хийлгэх гээд чадаагүй гэсэн. Шомбо гэдэг нь тувагаар Сонин гэсэн үг. Хээр төрснийг минь сонин содон тохиолдол гэж ийм нэр өгөө болов уу гэж би боддог юм. Би дээрээ нэг ах, дороо нэг охин дүүтэй хүн. Өвөө минь нэрээ битгий солиорой гэж захьж байв. Одоогоор би өөртэйгөө ижил нэртэй хүнтэй таараагүй л байна. Манай Буянт суманд Шомбоо, Шонт, Шовоо гэж хүмүүс бий. Харин аавын Гаалиа гэдэг нэр гайхалтай, танихгүй гэсэн утгатай.