images

"Хос шарга"


Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат Д.Агвааны шүлэг, дуучин Н.Баасандоржийн ая “Хос шарга” дуу ийн бүтжээ.

     Ардын хувьсгалын 86 жилийн ойн наадмаар Э.Эрдэнэчулууны бага шарга тав дахь түрүүгээ авч, хонгор соёолон нь мөн л түрүүлж, хээр хязаалан нь айрагдсан байна. Төрийн их наадамдаа гурван хүлгээ хурдлуулсан уяач тод магнай цол хүртэж найр хийжээ. Түүний найранд дотнын найз Д.Агваан нь уригдахдаа шүлгээр бэлэг барья хэмээн сэтгэв. Чингээд уяачийн найранд ирсэн зочид эхнээсээ ерөөлөө айлтгаж Д.Агвааны ээлж ирэхэд шинэхэн шүлгээ уншин хурсан олныг уяруулсан нь “Хос шарга” дууны шүлэг байлаа. Сэтгэл догдолсон найрагч дуу болгохоор шийдэж нутгийн дүү Н.Баасандоржид хандан ая хийлгээд дуучин Банзрагчаар дуулуулахаар зэхэж байжээ. Тэгтэл ая зохиогч өөрөө дуулахаар шийдсэн байна. Ингээд дуу олон түмэнд хүрч, Н.Баасандорж дуундаа клип хийхээр Э.Эрдэнэчулуун уяач руу залгавал, “Хүрч ирээд клипээ хийж болно оо, харин би тусалж амжихгүй байх шүү” хэмээн учирлажээ. Уран бүтээлийн багийнхан тэднийхийг зорьж явахдаа бага шаргыг уралдаж байхтай таарч ихэд бэлгэшээсэн гэдэг. Их шарга Ардын хувьсгалын 78, 79 жилийн ойн баяр наадмаар хязаалан, соёолон насандаа түрүүлсэн ч 2000 онд гурван давхар уяатай уралдснаас эндсэн юм. Харин бага шарга шүдлэн наснаасаа эхлэн төрийн наадамд найм түрүүлж, нэг айрагдсан хурдан хүлэг билээ.