Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар боллоо
Дэлхий дүүрэн монголчууд
2025-01-17
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зодог тайлах болсныг Японы сүмогийн холбоо өнөөдөр зарлалаа. Макүүчи зиндаанд 10 удаа түрүүлсэн түүний энэ шийдвэр 45 түрүүтэй Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сард зодог тайлснаас хойш их аварга зодог тайлж буй анхны үйл явдал болж байна. Г.Ган-Эрдэнэ 2021 онд ёкозүна болсноосоо хойш 21 башё дараалан сүмогийн дээд цолтой ганц бөх байлаа. Гэвч хоёр өвдөг, нурууны бэртэл, чихрийн шижингийн улмаас 13 башёг нь алгасаж наймд нь барилдсан юм. Тэрбээр хүнд бэртлийн улмаас дээд зиндааны оозэки цолноос жонидан зиндаа хүртэл унасан хэдий ч хоёр жилийн дотор дахин макүүчи зиндааны дээд цолтой бөх болон эргэж ирсэн түүхээрээ монголчууд, япончууд төдийгүй дэлхийн нийт сүмо сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн юм. Түүний энэ түүх 2021 онд Японд “Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй хөрөг-дурсамж ном болон гарч борлуулалтаараа тэргүүлсэн төдийгүй 2023 онд монгол хэлээр хэвлэгджээ. Г.Ган-Эрдэнийн уналт, босолтын түүхийг товчхон сийрүүлбэл, 2011 оны Хацү башёд Вакамишо нэрээр анх барилджээ. Улмаар хоёр жилийн дараа Тэрүнофүжи нэртэй болж, гурван жилийн дотор дээд зиндаанд гарч ирсэн юм. Гэвч 2016 оны нэгдүгээр сард зүүн өвдгөндөө мэс засал хийлгэж гэмтлийн улмаас анх удаа башё өнжжээ. Түүнээс хойш бөөрний чулуу, чихрийн шижин, гэмтэл бэртлийн улмаас башё алгасах нь олширч цол нь буурах болов. Ингээд 2018 оны зургаадугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэж, эдгэртлээ гам барихын тулд дахин гурван башё өнжсөнөөр доороосоо хоёр дахь зиндааны бөх болсон юм. Ингээд 2019 оны гуравдугаар сард дахин барилдаж эхлээд 2020 оны гуравдугаар сард макүүчи зиндаанд эргэн орж ирснээр сүмогийн түүхэнд макүүчигаас жонидан руу буугаад дахин макүүчид гарч ирсэн анхны бөх болсон билээ. Улмаар 2021 оны гуравдугаар сард дахин оозэки болжээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард Японы иргэн болох хүсэлт гаргаад наймдугаар сард нь иргэншлээ авсан юм. Мөн тэр ондоо монгол бүсгүйтэй гэрлэж 2022 онд ууган хүү Тэмүүжингээ өлгийдөн авсан билээ. Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн 79 башёд барилдахдаа 49-д нь дээд зиндаанд барилдсан бол 10 түрүүлэхдээ зургаад нь ёкозүна, нэгд нь оозэки, хоёрт нь сэкивакэ, мөн нэгд нь маэгашира цолтой байсан юм.
Гэрэл зургийг Александр Дьяченко.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.