images

2024 онд Билл Гэйтсийн уншсан онцлох 5 ном

Ж.Ариунгэрэл

Миний дуртай ном

2024-12-11


Microsoft корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс жил бүрийн төгсгөлд, тухайн жил уншсан номуудаасаа хамгийн сайн гэж үзсэнээ зарладаг уламжлалтай. 2024 оны хувьд түүний хамгийн шимтэж уншсан таван ном ийм байна.

1. “An Unfinished Love Story”. Дорис Көрнз Гүүдвин

   Д.Гүүдвин нь АНУ-ын хэд хэдэн ерөнхийлөгчийн намтрыг бичсэн, Пулитцерийн шагналт сэтгүүлч, зохиолч, түүхч, улс төрийн тоймч юм. Энэ ном нь АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннэди, Линдон Жонсон нарын зөвлөхөөр ажиллаж байсан, өөрийн нөхөр Ричард Гүүдвинтэй өнгөрөөсөн амьдралаа голлон бичсэн намтар нь ажээ.

2. “The Anxious Generation”. Жонатан Хэйдт

   Нийгмийн сэтгэлзүйч Ж.Хэйдт энэ номдоо ухаалаг утас болон олон нийтийн сүлжээ өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг ул суурьтай судалгаанд тулгуурлан өгүүлжээ. “Тоглоомд суурилсан бага наснаас гар утсанд суурилсан бага насанд шилжих шилжилт хүүхдийн оюун санаа бүрэлдэн тогтоход хэрхэн тусч байгааг Ж.Хэйдт тайлбарлаж өгчээ” хэмээн Б.Гэйтс тэмдэглэсэн байна.    

3. “Engineering in Plain Sight”. Грэйди Хиллхауз

   Иргэний байгууламжийн мэргэжлийн инженерийн бичсэн энэхүү зурагт номын талаар Б.Гэйтс “Өдөр тутам тааралддаг боловч нарийн учрыг нь сайн мэддэггүй зүйл бидний амьдралд кабелийн телевизийн хар хайрцагнаас өгсүүлээд үүрэн холбооны сүлжээний антенн хүртэл үй түм бий. Тэр бүгдийн нарийн ширийн, хэрхэн ажилладгийг орой руу ортол өгүүлсэн энэ ном та бидний олон сониуч асуултад бүрэн хариулт өгнө” гэжээ.

4. "The Coming Wave". Мустафа Сулейман

   Хиймэл оюун хөгжүүлэлтийн хоёр компани байгуулснаа “Google”-д худалдсан М.Сулейман одоо “Microsoft” корпорацийн хиймэл оюуны салбарыг удирддаг. Хиймэл оюуны сайн, муу тал хийгээд генийн инженерчлэл гэх мэт шинжлэх ухааны үсрэнгүй ололтуудын талаар өгүүлсэн энэ номын талаар Б.Гэйтс “Хиймэл оюун өнөө цагт яагаад ийм чухал болсныг ойлгоё гэсэн хүнд үүн шиг сайн ном байхгүй” хэмээн бичсэн байна.  

5. "Federer". Дорис Хэнкэль

   Домогт теннисчин Рожер Фэдэрэрийн намтрыг гэрэл зургаар өгүүлсэн энэ номд өмнө нь олон нийтэд ил болоогүй олон зураг оржээ. Б.Гэйтс энэ номын тухайд “Би Рожерийг теннисчнийх нь хувьд дориун сайн мэддэг гэж өөрийгөө бодож явдаг байсан маань эндүү ташаа байв. Ялангуяа теннисчний амьдралынх нь эхэн үеийн талаар энэ номоос асар их зүйлийг мэдэж авсан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.