images

Ц.Дэлгэрмаа: “Хар судар”-ыг уншаад Истанбулд хайртай болчихсон

Д.Бизьяа

Миний дуртай ном

2024-11-18


“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн зочноор “Болор судар” хэвлэлийн газрын редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаа уригдаж, дуртай номынхоо талаар ийн өгүүллээ. 

   Санаанд үлдсэн олон номоос онцлох хэцүү л дээ. Харин ямар цаг үед, ямаршуухан сэтгэл зүйтэй, юу хийж байгаад уншсан бэ гэдгээс хамаараад зарим ном онцгой сэтгэгдэл үлдээх нь бий. Надад тийм сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл Туркийн зохиолч, Нобелийн шагналт Орхан Памукийн “Хар судар” романыг нэрлэх  байна.

Надад ус, агаар шиг нөлөөлсөн ном

   Анх 2013 онд байна уу даа, нэрт орчуулагч, дипломатч Ц.Гомбосүрэн гуайн хөрвүүлгээр энэ романы хэвлэгдсэн байхтай таарч, шууд л авсан. Хүүхэд маань жаахан, нийгмийн амьдралаас хөндийхөн, гэр, ажил хоёрын хооронд л явдаг байсан цаг. Тийм үед энэ роман миний дотоод руу ус, агаар шиг л нэвчсэн. Ганцаардлын тухай, басхүү өөрөө өөрийгөө олох эсвэл бүтээх тухай сэдэв нь тэгж нөлөөлсөн байх. Нөгөө талаар энэ ном бүтэц болоод бичлэгийн хувьд ихээхэн өвөрмөц. Одоо надад байгаа “Хар судар”-ыг нээгээд харах юм бол бараг хуудас бүрийг нь нугалж, зурж, тэмдэглэсэн бий. Тэгэхэд 2 ой дөнгөж өнгөрөөд байсан охин минь дээр нь сараачаад орхисон нь хүртэл сайхан санагддаг.

Гацсан үед туслагч, заримдаа мэргэ төлгийн ном ч болно

   Ер нь сайн номыг нэг уншаад өнгөрөх боломжгүй л дээ. Ямар нэг байдлаар гацаанаас гарах, шийдэл хайх, урам зориг хэрэгтэй болох зэрэг үед би тиймэрхүү онцгой номуудаа сөхөж харах дуртай. “Хар судар”-ыг хаанаас нь ч сөхөөд харсан “Амьдралаас илүү гайхалтай зүйл үгүй, зохиолоос гадна” гэдэг ч юм уу “Найруулга чинь чиний дуу хоолой, бас бодол санаа чинь” гэх мэт мөрүүдтэй таарч болдог нь сайхан. Бүр заримдаа хуудас нээж хараад таарсан өгүүлбэрээр ойрын төлөвөө “мэргэлж” ч байх шиг. Сонирхолтой шүү дээ. (инээв)

   Аливаа ном, зохиол өөрийн хувь тавилантай байдаг шиг санагддаг. “Хар судар” Ц.Гомбосүрэн гуайн хөрвүүлгээр монгол уншигчдад хүрсэн нь уншигч бидний хувьд ч зол завшаантай хэрэг. Анзаараад байх нь ээ, би орчуулагчдаас Ц.Гомбосүрэн гуайн номыг хамгийн их уншсан байж магадгүй юм билээ. Редактораар ажилладгийн дээр өөрөө бичдэг болохоор тэр үү, хэл найруулга гэдэг миний хувьд хамгийн их автаж, татагддаг зүйл л дээ. Тэгэхээр энэ гайхалтай зохиолч, орчуулагч хоёр нэгдэнгүүт нөгөө хэл найруулгад шүтдэг уншигчийг чинь соронз мэт татаад авчхаж байгаа юм. Ер нь номтой олон талаар холбоо тогтоож унших, холбогдох амттай.

Хэлээр бүтээсэн лабиринт

   О.Памук Туркийн чинээлэг сэхээтний гэр бүлд төрсөн, архитекторч мэргэжлээр сурч байгаад дундаас нь орхиод, сэтгүүлчээр сурч төгссөн юм билээ. “Хар судар”-аас архитектор хүний уран сэтгэмж, сэтгүүлчийн ажигч гярхай чанар хоёулаа анзаарагддаг. Судлаачид энэ зохиолыг уран зохиолын хэлээр бүтээсэн лабиринт хэмээн тодорхойлсон нь бий. Памук энэ зохиолоо хэлбэр болоод зохиомжийн хувьд тийм гайхалтай бүтээсэн. Басхүү постмодерн зохиолын нийтлэг жишээ болох олон шугамыг нэгтгэн сүлжсэн, сүлжээсийг нь задалбал ил, далд олон давхар утга санаа илрэх тийм цогц, сонирхолтой бүтээл. Бас зохиолын үйл явдал аллагын сэдэвтэй холбогддогоороо ч нууцлаг, адармаатай.

“Хар судар”-т юуны тухай өгүүлэв?

   Истанбулд суудаг Галип хэмээх нэгэн хуульчийн эхнэр учир битүүлгээр алга болсон байна. Эхнэр нь хүний гарт үрэгдсэн үү эсвэл Галипын хардаж байгаагаар үеэл ах Желяльтай нь хамт зугтчихсан уу. Энэ бүхэн ер тодорхойгүй. Ингээд Галип эхнэрээ, бас Желялийг хайж, улмаар энэ эрэл нь өөрийнхөө хэн болох тухай, бүр цаашлаад үндэстнийхээ хувьд бид нар чинь хэн юм бэ гэх асуулттай тулгарах тийм өргөн эрэл болж хувирна. Галипын энэ битүүлэг эрлийн хажуугаар нэртэй сэтгүүлч Желялийн бичсэн өгүүллийг бүлэг хооронд сөөлжүүлэн оруулсан нь хэлбэрийн хувьд сонирхолтой болгосон. Туркийн өнийн үүх түүх, ялангуяа оюун соёлын хувьд тэд хэн байв гэдэгтэй уншигч Желялийн  нийтлэлээр дамжуулан танилцахаас гадна Галипын эрлээр орчин үеийн Истанбул уншигчдын нүдэнд нээгддэг. Памук ингэж Өрнө, Дорнын соёлын уулзвар болсон Истанбул хотыг уншигчдын сэтгэлд хоногшуулж чадсан. Ерөөс О.Памукийн ихэнх зохиолоос эртний хүчирхэг Османы эзэнт гүрэн байсан Турк улсын идэвхтэй баруунчлагдаж буй өнөөгийн нөхцөл байдлыг эргэцүүлсэн зохиолчийн эмзэглэл, зөрчил ямагт харагддаг. Аливаа нөхцөл байдлыг өөрт амраар хүлээн авч дасан зохицохын хажуугаар уг мөн чанарыг нь эрэн бэдэрч, эргэлзэж, асуулт тавьж байх нь хувь хүн болоод үндэстний оршихуйд яагаад чухал юм бэ. Зохиолч нэг ярилцлагадаа “Орчин үеийн үндэстний утга зохиолыг ийм маягаар бичих ёстойгоо ойлгосон” гэж дурдсан нь бий. Романаас нэг өгүүлбэрийг энд эшилмээр байна. “Өөрөөрөө байж эс чадах ард түмэн, бусдыг дуурайсан соёл иргэншил, бусдын түүхээр сэтгэл ханадаг үндэстэн сүйрэх, мөхөх, мартагдах тавилантай”.

Уран зохиолоор дамжуулан улс оронд “хайртай болох” нь ч бий

   Галиптай хамт Истанбулын булан тохойгүй хэссэний дараа Турк орон, тэр дундаа Истанбулд яагаад ч юм хайртай болчихсон. Нишанташ дүүрэг дэх Шехрикальп байшин, Аладдины мухлаг, кино театрууд, бөглүү гудамжнууд тэр бүхэн бүүдгэр дүн өвлийнхөөрөө толгой дотор зурагддаг. Памукийн “Хар судар”, “Истанбул: Дурсамж ба хот” номыг уншсаны дараа Туркийг сонирхохоос өөр аргагүй болдог. Найз нөхөдтэйгөө хэн, хэзээ О.Памук шиг Улаанбаатараа ингэж зүрхэнд хоногштол бичих бол оо гэж ярилцацгаасан ч удаатай. Дэлхийн өчнөөн улс гүрэн, хот, нийслэлүүдээс улс, хотоо бөмбөрцгийн хаа нэгтээ суугаад номыг нь уншсан хэний ч зүрхэнд хоногштол бичсэн болохоор О.Памукт би дуртай. Түүнд “Хүн төрөлхтний хоёр соёл иргэншлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан”-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг олгосон байдаг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.