Орчуулагч Г.Аким: Ийм ном хүнийг хэзээ ч хар буруу сэтгэлтэй болгодоггүй учраас би дуртай байдаг
Миний дуртай ном
2024-02-13
“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн зочноор Монголын өнөө цагийн гарамгай орчуулагч Хатагин Готовын Аким оролцлоо.
Би дуртай номоо л орчуулдаг хүн. Хэн нэгний хүсэлт, захиалгаар юм хийхгүй. Хэдэн орчуулга дотроосоо уран сайхны хэмжээнд давгүй болчихлоо гэсэн нь Александр Гриний “Аранзал дарвуулт хөлөг” гэж би хэлнэ. Тухайн үед номын дэлгүүр хэсэж яваад л авсан байх, Гриний зузаан түүвэр надад байдаг юм. Тэндээс “Аранзал дарвуулт хөлөг”-ийг уншаад, орчуулахаар шийдсэн. Нэрийг нь хармагцаа л “Би л орчуулах ёстой юм байна” гэж бодсон. Залуу ч байж, үнэхээр шунан, дурлан байж орчуулсан юм. Угтаа бол хоёр гуравхан хэвлэлийн хуудас ч гэсэн эргүүлж тойруулж явсаар хоёр жил болсон байх. Эргэж засаад л байсан хэрэг. Зассаныгаа бичгийн машин дээр бичнэ, дахиад засна. Хамгийн түрүүнд хөгшиндөө уншуулсан юм. Манай хөгшин багш хүн. Уншиж дуусаад гурван өгүүлбэрийг л “Болохгүй байна” гэж хэлсэн. Бусдаар бол юу ч хэлээгүй. Тэгэхээр нь би “Орчуулга маань болжээ” гэж дүгнэсэн юм. Хүний сэтгэл зүрхэнд хүрч, оюун санаанд нэгийг тунгаалгадаг ном, уянгын найруулал маягийн зохиол сайхан шүү дээ. Ийм ном хүнийг хэзээ ч хар буруу сэтгэлтэй болгодоггүй учраас би их дуртай байдаг.
Зохиолч нь “Аранзал дарвуулт хөлөг”-гийг 1923 онд бичжээ. Монгол хэлээр яг 60 жилийн дараа гарч байгаа хэрэг. Анх би орчуулаад хоёр удаа хэвлүүлэхэд суурин дээрээ алга болсон. Тэр үед манайхан их уншдаг байсан цаг. Номоор цангаж байсан гайхалтай уншигчид ихтэй. Эхлээд хэвлэхдээ 20 мянган ширхэг гаргаж, сүүлд 2000 он гараад дахин нэг хэвлэсэн. Энэ ном надад таалагдсан шиг бусдын ч гэсэн сэтгэлд нийцсэн юм билээ. Тухайн үеийн залуучуудад зориулан номоор үлгэрлэж залуу хүний хайр сэтгэлийн нандин зүйлийг харуулахыг зорьсон ухаантай. Тэгээд ч орчуулгаараа дамжуулж, хүмүүст чанартай юм уншуулахыг хүссэн юм. Миний гараас гарсан юм муу болсон бол миний сэтгэл дутсаных биш чадал дутсаных болно.
Орчуулагч Г.Аким "Аранзал дарвуулт хөлөг" номыг монгол хэлнээ орчуулсан нь
Загасчдын тосгоны охин, улаан дарвуулт хөлөг онгоцны ахмад
Энэ номд хүний хүсэл мөрөөдөл, итгэл найдварын хэзээ ч дуусашгүй хэлхээг өгүүлэхийн зэрэгцээ, жинхэнэ хайр дурлал ба түүний мөн чанарыг харуулна. Загасчдын жижигхэн тосгонд охин Ассолын хамт аж төрдөг бэлэвсэн эр Лонгрен амь зуулгаа залгуулахын тулд модоор сийлсэн тоглоомон онгоц хийж зардаг. Хөөрхий охиныг бүр багад нь ээж нь өөд болчихдог. Аав Лонгерн нь усан цэрэг, далайчин хүн. Далайд явсан хойгуур эх нь амаржиж байгаа юм. Идэх хоол дуусаж өлсөхийн эрхэнд ганц үлдсэн бөгжөө тосгоны хамгийн баян хүн дээр очиж, зарахыг хүснэ. Хариуд нь баян өөртэй нь явалдахыг санал болгож, мөнгө өгье гэдэг. Залуу эх ч баяныг үгүйсгэж, гэрээс нь зугтаж яваад ширүүн бороонд хатгаа авчихаж байгаа юм. Өвчнөө даалгүй эх нь өнгөрч, охин үлдэхэд хажуу айлын эмэгтэй нь аваад, анхаарч хандаад байж байдаг. Охины аав Лонгрен эргэж ирж, охиноо өсгөхөөр өөртөө авдаг. Нэг удаа охин жижиг горхинд завиараа тоглож байгаад урсгаад алдчихдаг. Араас нь тун чиг харамсаж, гунихарч байтал хажууд нь ажиглаж байсан нэгэн өвгөн түүнийг аргадна. Ассолын охины завь жижигхэн цагаан дарвуултай байсан юм. Өвгөн “Чиний энэ цав цагаан дарвуултай завь чинь маш гоёмсог улаан дарвуултай болоод, мөрөөдлийн ханхүүтэй чинь хамт эргээд ирнэ” гэдэг юм л даа.
Түүнээс хойш охин өвгөний ярьсан үлгэрээр л амьсгалсан. Дотроо төсөөлөөд л, цагаан морьтой ханхүүгээ хүлээнэ гэдэг нь болж байхгүй юү. Тэр үед язгууртан гаралтай хүү Артур Грэй хэрцгий эцгээсээ зугтан, тэнгис далайгаар аялж яваад худалдаачны хөлгийн ахмад болж, Ассолын тосгонд ирэх үедээ охинд сэтгэл алдардаг. Уул нь чинээлэг айлын хүүхэд ч гэлээ гэрээсээ оргоод шинэ газар очиж, бүхнийг ганцаараа эхлүүлж жирийн л нэгэн усан цэрэг болчихдог. Далайд багаасаа л дурлаж ирсэн тэр эрх чөлөөг хүссэн ч байж мэдэх. Ямар ч цэргийн эрдэм, мэдлэггүй чигээр далайн цэргийн фронтод хүчин зүтгэхэд олон зүйлд гар мухардах нь ойлгомжтой. Бэртэж барьж бэрхийг туулсан ч уйгагүй хичээж зүтгэсээр хөлөг онгоцны ахмад болж, өөрийн эзэмшлийн онгоцтой болдог. Хөлөг онгоцоороо далайд аялж яваад өнөөх тосгонд очно. Тэгээд тосгоноор явж байтал гадаа унтаж байсан Ассол охиныг олж хардаг. Охин ер нь л байгаль, ойгоор явж байгаад л унтаад өгчихдөг. Залуу ахмад алгуурхнаар охинд дөхөж сэрээгээд өөрийнхөө бөгжийг зүүж өгчхөөд, цааш явна. Тосгоноор явж охины ар гэрийг сураглатал нэгэн нүүрсчин өвгөн учир байдлыг нь үнэнээр нь өгүүлдэг. Харин тосгоныхон ядуу тарчиг хэмээн үзэхгүй, галзуу солиотой амьтан гэж харааж гарна. Гэвч залуу энэ бүгдийг тоодоггүй. Тэр түүний хүсэл мөрөөдлийг нь олж сонсдог. Хэсэг хугацаанд тосгоныг орхин яваад удаан эргэцүүлж бодсоны эцэст хэдэн метр урт аранзал торго худалдаж аваад, хөлөг онгоцоо улаан даавуугаар чимэглэдэг. Тэгээд тосгоныг улаан дарвуулт завиа хөлөглөн зорьж очиж охины мөрөөдлийг биелүүлдэг. Төрсөн тосгоныхондоо үгийн муугаар хэлүүлж, чулуу шидүүлж явсан охинд аз тохиолдоо юу гэлтэй сайн хүнтэй учирдаг.
Александр Грин Оросын "Интересные факты” сайтад
Грин бид хоёр адилхан романтик сэтгэлгээтэй улс
Номын зохиолчийг би тодорхой хэмжээнд мэднэ. “Давлагаан дээгүүр гүйгч” гээд ном нь ч маш сонин. Гринийг 1917, 1918 оны үед зохиолоо бичиж эхэлж байлаа. Түүнийг ядуу, орох оронгүй, идэх хоол ч үгүй Москвад явж байхад нь М.Горький тааралдаж нэг умгар өрөөнд оруулж өгөөд өөд нь татахыг хичээдэг. Тэр ч, одоо л амьдарья гэсэн шиг ном бичиж эхэлдэг. Яг ийм амьдралаар замнаж, сэтгэлийн хат суусан хүмүүсийн гараас чанартай юм гараад байдаг нь анзаарагддаг. Грин ч өөрөө далайн хөвөөн дээр өссөн, загасчид, далайчдын амьдралыг андахгүй. Дүрслэлийн хэв маягийг ухаж уншихаар энэ номын үйл явдал Орост биш өөр газар болж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Угтаа бол далайн хөвөөний тосгонд болж байгаа үйл явдал юм л даа. Нэрнүүд нь хүртэл орос нэр биш, тосгоны нэр ч мөн адил. Гэвч Орос орон л гэж бодохоор. Магадгүй, үйл явдлыг өөр хэв маягийн дүр, төлөөллөөр орлуулж хийсэн ч байж болох. Би ч бас өөрөө романтик юм шиг байгаа юм, орчуулчихсан явааг бодоход энэ л чанар зохиолчтой нийцсэн байх. Шигтгээ, нарийн дүрслэл, гэдэг маш гайхамшигтай уран бичлэгтэй. Бас Соломон хааны тухай, түүний хайр сэтгэлийн тухай номыг 20-иод жил орчуулсан байх жишээний.
Угаалгын өрөөнийхөө хананд улаан дарвуулт хөлөг зуруулсан
Би номоо орчуулж дуусаад хөлөг онгоцны нэг загвар аваад цагаан өнгөтэй байсныг нь улаанаар будаад ширээн дээрээ залчихсан. Тэр үед хөлөг онгоцны загвар олдохгүй л байсан л даа. “Соёл-Эрдэм” дээд сургуульд эрхлэгч байхад минь хэдэн шавь нар надад хөлөг онгоцны загвар өгөхгүй юу. Цагаан дарвуултай байсныг нь улаанаар будаад ширээн дээрээ гаргаад тавьчихаж байгаа юм. Энэ саяхны явдал. Аль наяад онд орчуулсан зохиол одоо хүртэл миний зүрхэнд байж л байгаа юм. Бас угаалгын өрөөний хананд хүртэл аранзал дарвуулт хөлөг зуруулж байлаа. Яг энэ номоо орчуулсныхаа дараа. Аливаа нэг юмыг орчуулаад бичихдээ заавал уусаад орчихдог золиг л доо. Хүн ер нь бичиж байгаа зүйлийнхээ гол руу орж мэдрэхгүй л бол сайн юм бүтээж чадахгүй санагддаг. Тэр орчуулсан зохиолынхоо учигт сэтгэл зүрхээрээ л орсон бол хэзээ ч мартагдахгүй. Би “Тэнгэрийн нохой” гээд монгол чонын тухай ном бичсэн. Одоо тэрийгээ дурсгал болгоод чонын тэмдэгтэй бөгж зүүж явдаг юм. Нөгөө гартаа монгол хасын тухай “Эргэсэн хасын очир буюу Эзэн Чингисийн сүлдний учиг” гэсэн ном бичсэнтэйгээ холбогдуулан хас тэмдэгтэй бөгж, эсвэл зүүлт зүүж явна. Надад Гриний бүх өгүүллэгийн хоёр ч түүвэр нь байна. Эх хэл дээрээ нэг ширхгийг аминчлан хадгалдаг. “Аранзал дарвуулт хөлөг” ном нэг их гоё улаан хавтастай ч байна. Бүжиглэж буй хүний зурагтай нь ч бий. Одоо харин Москва орохоор бол жижиг болгоод хэвлэчихсэн байдгийг нь олоод авчих юмсан гэж бодож байна.
“Чук Гек хоёр” хүүхдийн үлгэрээр номын амтанд орж байв
Аав минь намайг хоёрдугаар ангид байхад “Чук Гек хоёр” номыг авчирч өгч, номын амтанд оруулж байлаа. Уг зохиолч нь татар хүн, эх орны дайны үеэр Германтай байлдаж яваад амь эрсэдсэн юм билээ. Нэр нь монгол үгнээс гаралтай. Хүүхдийн хөөрхөн аяллын маягийн ном. Москвад суугаа хоёр хүүг Сибирьд ажиллаж байгаа аав дээр нь аваачих гэж байгаа үйл явдлын адал явдлууд нь тун сонирхолтой. Дараа нь аав маань аймаг ороод ирэхдээ “Залуу жуулчид” гэж хүүхдийн адал явдалт тууж авчирч өгсөн юм. Хөдөө гадаа явах дуртай болсон минь энэ номоос үүдэлтэй гэж боддог. С.Надмид гэж зохиолчтой нь сүүлд таарсан. Зохиолчдын хороонд жижүүр хийдэг өндөөр өвгөн байсан даа. Тэгтэл багад уншсан дуртай номын маань зохиолч тэр өвгөн байсныг огт мэдэхгүй хажуугаар нь мэндлээд л өнгөрдөг байж. Номтой нөхөрлөсөн маань өнөө миний хэр явааг тодорхойлдог доо. Уул нь би орчуулга хийхээ болиод, бичихээ дагная гэж бодсон юм. Гэтэл уулаасаа орчуулгатай зууралдсан хүн чинь юм орчуулмаар л санагдаад байдаг юм байна. Сая нэг сонин зохиол олж авлаа. Японы 13 дугаар зууны үеийн нэгэн баатрын тухай юм. Нэлээд дээхэн үед орчуулья гэж бодож байтал саяхан манай нэг шавь японоос англи хэл дээр байгааг нь явуулсан. Энийг л оролдъё гэж бодоод байж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.