images

Ибүкүро Томоко: Уран зохиол гэдэг чинь аймаар “нүгэлтэй”

Ж.Ариунгэрэл

Миний дуртай ном

2024-03-21


    Зөгийн аж ахуй эрхлэгч, "Михачи" компанийн гүйцэтгэх захирал, Японы иргэн Ибүкүро Томоко “Миний дуртай ном” буланд ээлжит зочноор оролцов.

     Миний хамгийн дуртай ном бол Нацүмэ Соосэкигийн "Уран зохиолын онол". Энэ бол уран зохиол биш, онолын ном. Нацүмэ Мэйжийн хувьсгалаас өмнө төрөөд Мэйжийн шинэчлэлд биеэрээ оролцож яваад уран зохиолын хэд хэдэн бүтээл үлдээгээд явсан хүн. Мэйжийн шинэчлэл зөвхөн технологи, шинжлэх ухаан, байшин барилга, улс төрийн хэв маяг, төр засгийн зохион байгуулалтаар зогсохгүй соёлын салбарт хүчтэй явагдсан. Төр засаг маш олон оюутныг Европ руу явуулж сургасан. Тэр дунд Нацүмэ багтаж Лондонд очоод уран зохиол, ялангуяа Шекспирийг судалжээ. Тэрнээс өмнө юу хийж байсан бэ гэхээр Токиогийн их сургуулийг төгсөөд англи хэлний багшаар ажиллаж байж. Уран зохиолд сонирхолтой байсан учраас Лондон руу явъя гэж л дээ. Ямар төсөөлөлтэй байсан гэхээр Японы уран зохиол ямар байх тухай бичих юмсан гэсэн хүсэл яваад байж. Түүн дээр нь тухайн үед суралцахаар явахад нь Японы засгийн газраас өгсөн үүрэг болохоор уран зохиолыг судалж ирэх даалгавар байсан.

     Нацүмэ зорьсон газраа очоод түүнийгээ судалсан ч сэтгэцийн өвчин туссан байдаг. Магадгүй Лондонд ганцаардсан байх. Тэгээд бүрэн бүтэн суралцаж чадалгүй төлөвлөсөн хугацаанаасаа өмнө Японд буцаж ирсэн. Буцаж ирүүтээ бие нь ч гайгүй болоод Токиогийн их сургуульд уран зохиолын багшаар ажиллаж эхэлжээ. Багшилж байх ганц хоёрхон жилийн богино хугацаандаа Япон улсын нэрийн өмнөөс засгийн газрын томилолтоор Англи явсан юм чинь ямар нэгэн юм бүтээхгүй бол болохгүй гээд "Уран зохиолын онол" номоо гаргасан. Сайн уран зохиол гэж юу юм? Муу уран зохиол гэж юу юм? Уран зохиолыг яаж шүүмжлэх ёстой юм? Уран зохиолд ямар боломж байгаад цаашид ямар байх ёстой юм? Уран зохиол ёс суртахуунтай ямар холбоотой юм гэх зэргээр ерөөсөө л Европын уран зохиол орж ирээгүй байхад, дөнгөж орж ирж эхэлж байхад уран зохиол унших суурийг нь хүмүүст тавьж өгсөн байгаа байхгүй юу. Түүний үеийн Японы уран зохиол, одоо байгаа уран зохиол хоёр шал өөр шүү дээ. Нийгэм, цаг үе яаж өөрчлөгдчихөөд байгаа билээ. Гэтэл сайн муу уран зохиолын тухай ч юм уу суурь ойлголт өөрчлөгддөггүй юм байна.  Би саяхан 2015, 16 оны үед уншсан юм байна. Уг нь оюутан залуучуудад зориулсан ном юм. Английн яруу найргийг жишээ болгож гаргаж ирсэн, хэд хэдэн орос зохиолтой бас танилцуулна. Энэ чинь уран зохиол биш шүү дээ. Ихэнх хүн Соосэкиг зохиолч гэж боддог. Би яагаад энийг ухаж гаргаж уншсан бэ гэхээр Японы зохиолчдоос анх Нобелийн уран зохиолын шагнал авсан Кавабата Ясүнаригийн оюутан байх үеийн өдрийн тэмдэглэлийг би уншиж байсан юм.

     Кавабата Соосэкигээс шал өөр хүн. Хүсэл, сэрэл тачаалаа ерөөс нуухгүй. Ингэмээр байна гэсэн бүхнээ бичдэг, задгай хүн. Зохиолдоо хөөрхөн охиныг бүр цоожилж хаячихаад хүчинддэг хүн байгаа байхгүй юу. Багаасаа л өөрийнхөө хүсэл тачаалд хорио тавиагүй. Өдрийн тэмдэглэлийг нь уншиж байхад л уг хүн нь тийм юм билээ. Нацүмэг бодоход өөрийгөө хүлээн зөвшөөрөх зай талбай ихтэй. Эцсийн эцэст Нацүмэ өвчнөөр нас барсан, Кавабата амиа хорлосон ч гэсэн Кавабата өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаад амиа хорлосон биш өөрийгөө харин ч бүр чөлөөтэй тавьдаг хүн байсан байгаа байхгүй юу.

     Нацүмэгийн зохиол Кавабатагийн зохиол хоёрт хэдэн төстэй юм байгаад байгаа юм. Төстэй гэж хэлэхэд бас биш. Кавабатагийн зохиолыг уншиж байхад нөгөөдхөөсөө санаа авчихжээ гэх хэсгүүд таарсан юм л даа. Ямар учиртай юм бол ухаж үзэхсэн гэж бодоод явж байхдаа Кавабатагийн өдрийн тэмдэглэлийг уншсан юм. Тэгсэн "Нацүмэгийн "Уран зохиолын онол" -ыг уншиж байсан чинь гэнэт нэг охин бодогдоод ..." гэж авдаг байхгүй юу (инээв). Маргааш нь бас ахиад л “... "Уран зохиолын онол"-ыг уншаад” гээд л тааралдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэлээн сайн уншсан байгаа юм. Тэгэхээр Нацүмэ Соосэки бол Кавабатагийн суурь, бас Японы ихэнх зохиолчид энэ хоёроос салж чадахгүй байгаа нь учиртай. Тэгээд би гаргаж ирээд уншсан нь тэр. Уншсанаар цаг хугацааг давж Нацүмэтэй ярилцаж байгаа ч юм шиг… Ерөөсөө л Англид ганц жил байхдаа ийм их юм үзчихээд ирж байгаа юм шүү дээ, аймаар л даа. Яаж зовсон бол гэж бодоод өрөвдсөн. Энэ бол ёстой гоё ном. Яаж манай Японы засгийн газар энэ уран зохиол, хэл, жүжиг, Шекспирийг орхилгүйгээр хүн явуулж ийм агуу ном бичүүлсэн юм гэж бодохоор их л баярладаг. Соосэкигийн 16 цуврал, Кавабатагийн 35 цуврал байна. Нацүмэгийн цувралыг бүгдийг уншсан. Кавабатаг харин бүгдийг уншаагүй, гэхдээ ихэнхийг нь уншсан. Уншаагүй үлдсэн нь эсээ, уран зохиолын шүүмжүүд. Шүүмж бас бичдэг байсан. Кавабата маш сонин, бичсэн юм бүрээ огт ичиж зоволгүй сэтгүүлд зарна.

 

  Кавабатагийн “Изүгийн бүжигчин охин” гэж алдартай ном бий. Аймаар хөөрхөн ном. Ерөнхийдөө хайр дурлал бичдэг хүн байгаа байхгүй юу. Заавал уншаарай. Юу гэмээр юм бэ дээ, уншвал ойлгоно. Кавабата тэгээд бичсэн зохиолуудаа жижиг жижиг хэсгээр нь ч хамаагүй дасгал хийж байгаа аятай энд тэнд гаргадаг. Нацүмэгийн хажууд маш олон бүтээлтэй. Харин Нацүмэ тэгж бичээгүй. Угаасаа ч Нацүмэгийн бичсэн цаг хугацаа 10 жил ч хүрэхгүй, маш богино. Дөчин хэдтэйдээ нас барсан.

     Би бол маш сайн уншигч. Нацүмэ Соосэкигийн суурь байгаа учраас. Би багаасаа уран зохиолд дуртай байсан. Миний хажууд дандаа л уран зохиолын ном байдаг байсан. Анхны дурлал минь Дазаи Осамү байсан. Тэрнээс хойш уншиж эхэлсэн. Уран зохиолыг уншихаар л сэтгэл аймаар хөдөлдөг. Тэр сэтгэл хөдлөл яг дурлал шиг. Хүмүүс яаж ингэж үсгээр байшин барьж, үсгээр хүн бүтээж, үсгээр амьдрал зохиож хүний тархи руу буулгаж чаддаг юм бол гэж бодно. Зохиолчдын ур чадварт дурлана. Уран зохиолын ертөнцөд ч дурлана. Ийм “заваан юм”-анд татагдаад гэх ичмээр байдал, яг юу гэмээр юм бэ дээ, жаахан хүүхдээс “Чи тэрэнд хайртай юм уу?” гэхээр, хайртай байж “Үгүй” гэж мэлздэг дээ. Яг түүн шиг тийм нэг банталт, гэмшил гэх юм уу тийм сэтгэл надад өгдөг. Уран зохиол гэдэг чинь аймаар “нүгэлтэй”. Ичих нүүргүй хүн бол уран зохиолыг уншиж чадахгүй гэж боддог.

   Шекспирийн хэдэн жүжиг, Достоевскийн хэдэн зохиол, Чеховын өгүүллэгүүд... ер нь унших ёстой ном байдаг байхгүй юу, мэдэж байх ёстой юм. Суурь цутгахад хэрэгтэй номнууд гэсэн үг. Зүгээр л бичмээр санагдаад бичсэн номнууд Японд ч, Монголд ч хаа сайгүй байдаг ш дээ. Тэр номнуудаас эхлээд уншвал яах юм.  Сургуульд юуны төлөө үсэг зааж байгаа билээ. Үсэг нүдлэхээс хэл эхэлнэ, тоо тогтоохоос математик эхэлнэ. Тэрэн шиг суурь юм хэрэгтэй.  Унших ёстой ном гэж байдаг юм. Гэхдээ тэрийг заавал уншихгүй бол цагдаад баригдана гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ уншиж байсан нь дээр шүү. Уншаагүй бол онигоонд орно шүү л гэж байгаа юм (инээв).

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.