images

АНУ-д үрчлэгдсэн монгол хүүхдүүдийг эргэв

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-11-29


   Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид АНУ-д үрчлэгдсэн монгол хүүхдүүдтэй Чикаго хотноо уулзалт зохион байгууллаа. Тэд олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлүүлсний дараах хяналтыг тогтмол тавих чиг үүргийнхээ дагуу өчигдөр АНУ-д амьдарч буй хүүхдүүд болон эцэг эхтэй нь уулзаж, ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй нь танилцжээ. Улмаар хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжиж, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдсан байгааг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисон, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудад нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа ажээ. Манай улс 1999 онд хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш гадаадын 18 оронд 277 хүүхдийг үрчлүүлжээ. Үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдарч байгаагаас 71 нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” олон улсын байгууллагаар зуучлуулсан байна. Тус байгууллага өчигдрийн уулзалтыг хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хийж иржээ.

     Гадаадын иргэн, харьяатын газар үрчлэгдсэн хүүхдүүдийн амьдрал ахуйд хараа хяналт тавихдаа үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай гурван талт гэрээг байгуулдаг байна. Мөн хүүхдийн ахуй байдал, өсөлт хөгжил, боловсролын талаарх мэдээллийг хүүхдийн насны онцлогоос хамааран тодорхой заасан хугацаанд тогтмол хүлээн авч, ирүүлсэн мэдээллийг гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан хувийн хэрэг үүсгэн хадгалдаг. Ингэснээр үрчлэгдсэн хүүхдүүд хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол улсын харьяат байх, түүнээс хойш иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.