НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-10-03
Иран улс Израиль руу довтолж олон зуун пуужин харвасан асуудлыг хэлэлцэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хурал зарлан хуралдуулав. Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь хурцадмал байдлыг намжаахын тулд дуу хоолойгоо нэгтгэх ёстойг чухалчилсан бол Иран, Израиль бие биенээ шүүмжилсэн хатуу байр суурь баримталж байна. Хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Ойрхи Дорнодын ард түмнийг хямрал руу түлхэж буй мөргөлдөөнийг бид нэн даруй зогсоох ёстой” хэмээн онцолжээ. Харин АНУ, ОХУ-ын тал өөр өөр байр суурь баримталж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын төлөөлөгч Л.Томас-Гринфилд "Ираны дэглэм энэ бусармаг үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэсэн бол НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайд В.Небензя Израилийг хатуу шүүмжлэв. Мөн Иран улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Амир Саид Иравани "АНУ зэрэг Барууны орнууд Израилийн түрэмгий террорист дэглэмд урьд өмнө байгаагүй дархан эрх олгосон" хэмээн шүүмжилсэн бол Израилийн төлөөлөгч Дэнни Данон “Ираны халдлага бол энгийн иргэдийн амьдардаг байгууламж руу зориуд хийсэн, урьдчилан төлөвлөсөн халдлага” гэлээ. Хуралдаан үргэлжилж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.