images

М.Ганболд: Бага насанд уйгаржин бичиг зааж, үлгэр домог ярьж өгдөг байсан эмээ минь намайг эрдмийн аянд хөтөлсөн

Д.Бизьяа

Соёл эрдэнэ

2024-06-08


Соёлын өвийн үндэсний төвийн соёлын биет бус өвийн шинжээч, доктор, профессор Мөнгөнхүүгийн Ганболд манай сайтын редакцид зочилж, эрдэм судлалын ажлынхаа сонин сайхан, шинжилгээ судалгааны аянд туулсан замналынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлснийг уншигчдадаа толилуулж байна.

- Саяхан таны шинэ ном гарсан байна. Энэ номынхоо талаар танилцуулна  уу?

- Ойрад судлал, Монголын түүхийн судлалаар цуврал ном гаргадаг “Тод номын гэрэлт төв” нэртэй төрийн бус байгууллага бий. Гүйцэтгэх захирал нь Боловсролын их сургуулийн багш, дэд профессор На.Сүхбаатар. Энэ цуврал сурвалж судлал, намтар судлал, эрдэмтдийн аян замын тэмдэглэл гэх зэрэг тодорхой ангиллаар гардаг юм. Миний энэ удаагийн ном намтар судлал хэсэгт орж “Өндөр Алтайн өргөмж” нэртэйгээр 22 дахь боть нь болж хэвлэгдлээ. Энэ нэр нь бол манай Алтайн урианхайн дунд их тархсан дууны нэр л дээ.

Өндөр Алтайн өргөмжөөр

Өрүүнээ наран мандана

Үргэлжид сэрүүн байдаг

Ямархан сайхан Алтай вэ гэж үгтэй дуу. Нөгөө талаар ээж минь энэ дууг их сайхан дуулдаг байсан юм. Ээжийнхээ дурсгалыг санаад, Алтай нутаг, өв соёлоо бодоод, мөн ах дүү нартайгаа ярьж байгаад ингэж нэрлэсэн. Угсаатны судлал маягийн ийм тэмдэглэл хүмүүст, ялангуяа залууст хэрэгтэй гэж үзээд хийсэн ном. 

- Таны хэд дэх ном болов?

- 1989 онд анхны номоо хэвлүүлж байснаас хойш тооцвол том жижиг, судалгаа шинжилгээний янз бүрийн чиглэлээр гаргасан номын маань 23 дахь нь болж байна.  

- Судлаач, эрдэмтэн болох замд та хэрхэн орсон бэ? Ямар сургууль төгсөөд, ямар ажил алба эрхлэж ирэв?  

- Би 1980 онд МУИС-ийн түүхийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн МАХН-ын хорооны боловсон хүчин болж очлоо. Ингээд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч гээч албанд томилогдоод, залуучуудын хүмүүжил, соёл, үзэл санааны төлөвшлийн асуудал хариуцсан ажил хийж эхлэв ээ. Энэ албыг хоёр жил хашсан. Аймгийн эвлэлийн байгууллагуудтай хамтарч залуучуудын дунд лекц унших, МХЗЭ-ийн Бүгд хурлуудын материалыг сурталчлах, бүжиг наадам зохиох зэрэг соён гэгээрүүлэх ажил голдуу хийж байв. Ингээд 1982 онд цэрэгт мордож, барилгын цэрэгт хоёр жил алба хаагаад 1984 онд халагдлаа. Халагдаж очоод хуучин ажилдаа орж болох байсан ч өөрийн сонголтоор төрөлх нутаг болох Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр очиж ажилласан. Тэгж явснаа ерөөсөө багшаа хийе гэж бодоод түүхч мэргэжлээрээ багшлаад явсан нь хожмын миний эрдэм судалгааны ажилд чухал алхам болсон юм. Төрөлх сумандаа ажиллаж байхдаа Алтайн урианхайн соёлын өвийг тээсэн гайхамшигтай туульчид болох Б.Уртнасан гуай, Б.Авирмэд гуай, алдарт цуурч П.Наранцогт нартай ойр дотно явлаа. Сумын сургуулийн багш нарыг сурагчийн амралтын цагаар өвс хадлан хадах, мал төллүүлэх ажилд дайчилж хөдөө их явуулна. Тэр ажилд би их дуртай. Учир нь ажлын далимаар тэдгээр сайхан хүмүүстэй уулзаж хууч домог яриа сонсож, бичиж тэмдэглэж авдаг байсан юм. Тэгж сонссон үлгэр домог, хууч яриа зэргээ хичээлдээ аль болохоор ашиглахыг оролдоно. Түүхийн багш болгон тийм байгаагүй байх аа.

- Идэр залуу сэхээтэн хуучны өв соёл сонирхох болсон шалтгаан юу байв?

- Миний аавын ээж Шаравын Тошил гэж хүн байсан юм. Дал гаруй настай хэрнээ үлгэр домог ярина, монгол бичгээр нэрээ бичээд, бас миний нэрийг бичиж өгөөд, бас надад заана. Монгол бичиг, бас тод бичиг мэддэг хүн байсан юм. Дараа нь нэг хэсэг латин үсэг сурсан гэж байгаа. Надад үлгэр домог ярьж өгөхөөс гадна хичээлийг минь давтуулна. Хуучны өв, үлгэр туульд дуртай болох эхлэл энэ байсан байх. Бас аав маань эрдэм номыг чухалчилдаг сэхээтэн хүн байлаа. Дөч гаруй жил сумын намын үүрийн дарга, нэгдлийн дарга зэрэг ажил хийсэн хүн дээ. Дашрамд дурдахад аав минь ажиллаж байх хугацаандаа хоёр удаа арга хэмжээ авхуулсан байдаг юм. Энэ тухай аавыг минь өөд болсон хойно манай аймгийн намын хорооны архивын эрхлэгч Намсрай гэж хүн надад хэлж, архивын баримт үзүүлж байлаа. Эхнийх нь яасан гэхээр аав минь 1965 онд Намын дээд сургууль төгсөөд Цэцэг сумын намын үүрийн даргаар очсон байна. Хорин долоо наймтай, давгүй барилдчихдаг байсан тул хүмүүс “Та барилдаач” гээд байхаар нь барилдаад түрүүлж орхижээ. Тэгтэл “Намын үүрийн дарга ард түмнийг баясуулах ёстой байтал өөрөө барилдаж түрүүлээд өөрөө баяссан” гэж арга хэмжээ аваад, намын даргаас нь буулгаж сум нэгдлийн дарга болгосон юм байна лээ. Сум нэгдлийн дарга гэдэг чинь хоёрдугаар албан тушаал шүү дээ. Дараа нь Эрдэнэбүрэн суманд сум нэгдлийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн “Хөдөлмөр” сонин болон төвийн сонинуудад мэдээ, нийтлэл бичдэг байжээ. Эрдэнэбүрэн сумын малчид хашаа хороо барьж, хадлан бордоо сайн авав гэх маягийн л мэдээ байж. Тэгэнгүүт, энэ нэгдлийн дарга байж өөрөө өөрийгөө магтлаа гэж бас дахин арга хэмжээ авсан байдаг юм. Аав маань бичиг зохиолд нэлээн ойр, товхийсэн сайхан номын сантай, ном сонин их цуглуулдаг ийм хүн байлаа. Энэ бүхэн л намайг эрдэм судалгааны хүн болоход нөлөөлсөн дөө.

   Би хөдөө сумандаа ийн ажиллаж байгаад 1989 онд сумаасаа заах аргач багшаар шалгараад аймгийн төвд ирж, заах аргач багш нартай уралдах болов. Тэр үед бүх хичээл тэнхимээр явдаг байсан шүү дээ. Би аймгийн төвийн хоёрдугаар арван жилийн сургуулийн нэг ангид түүхийн хичээл заахаар болов. “Дундад зууны түүх, соёл” гэсэн хичээлээ музейд хийхээр болж сурагчдаа дагуулан аймгийн Орон нутаг судлах музей дээр очиж хичээллээд, Дундад зууны соёлын нэг оргил нь энэ шүү гэж Алтайн урианхайн туулийн тухай ярьж өгөөд, сүүлийн хэдэн минутад нь урианхайн нэрт туульч Б.Авирмэд гуайг урьж ирүүлэн хэдэн минут тууль хайлуулж орхив. Тэгтэл бас буруудав. Шүүгч нарын зарим нь “М.Ганболд багш хичээлээ их сонирхолтой, сайхан заалаа” гэж байтал зарим хүн “Энэ нөхөр ерөөсөө хичээл заасангүй. Зүгээр хэдэн хүүхэд аваачиж музей үзүүлээд, хичээл нь хаана эхэлж, хаана оргил хэсэгтээ орж, хаана бататгаж байгаа нь мэдэгдэхгүй юм хийлээ” гэж шүүмжилж байлаа. Хөдөө суманд байхдаа ажил болон амралтаараа байнга хөдөө явж хөгшчүүд дээр очоод хонон өнжин хууч хөөрч, сонин сайхан яриаг нь тэмдэглэж авна. Цуурч П.Наранцогт, туульч Б.Уртнасан зэрэг хөгшчүүд сумын төв орж манайд зориод хүрээд ирнэ. Ингэж бичиж тэмдэглэж авсан зүйлсээ аймгийн “Хөдөлмөр” сонинд нийтлүүлнэ.

   Нэг удаа 12 дугаар сарын мал тооллогоор манай сумын холбооны эрхлэгч Батжаргал гэж залуу бид хоёр сумын төвөөс 40-өөд километр зайтай Нөрөөт гэдэг газар өвөлжиж байсан П.Наранцогт гуайнд өртөөний мориор өдөржин явж харуй бүрий болж байхад очлоо. Тэднийх голдуу ганц гэрээрээ нутагладаг, модон дөнгөтэй банхар нохойтой, нохой нь хүн рүү дайрахад модон дөнгө нь хөл рүү нь цохиод явдлыг нь хорьдог, нэг тийм сайхан монгол ахуйтай айл байсан юм. Малыг нь тоолох гэж очсон хүн чинь шөнө хагаслатал элдэв хууч хөөрөөд, П.Наранцогт ахын эхнэр Ширнэн эгч бид хоёрт дөрөв, таван үлгэр ярьж өглөө. Би хөдөө явахдаа байнга дэвтэр, харандаатай явдаг тул тэр үлгэрүүдийг бүгдийг нь гараар бичиж авав. Улмаар тэр сэдвээр сайхан тэмдэглэл, нийтлэл бичээд мөн л аймгийн сонинд нийтлүүлтэл тэр жилийнхээ Оны шилдэг бичлэгийн шагнал авч их урамшсан юм. Үүнээс хойш тасралтгүй бичих болсон.  

- Яг эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэдийнээс эхлэв?

- Дуут сумандаа таван жил багшлаад Ховд их сургуульд шилжсэн юм. Яг тэр үед “Ойрад монголчуудын угсаатны зүй, аман зохиол” сэдэвтэй судалгааны төсөл орж ирсэн. Төслийн угсаатан зүйн удирдагч нь Н.Бадамхатан багш, аман зохиол талын удирдагч нь Х.Сампилдэндэв багш байв. Тэр төсөлд оролцоод жинхэнэ эрдэм шинжилгээ, судалгаа руу орж эхэлсэн дээ. Ховд их сургуульд очихдоо би чинь бас ч гэж “Урианхай ардын дуунууд”, мөн урианхайчуудын зан үйлийн тухай “Үлэмж буян” гээд хоёр ч ном гаргачихсан байлаа. Энэ мэт нь Ховд их сургуулийн багш нарын анхаарал татсан байх, намайг ирж багшлахыг урьсан юм. Ингээд энэ сургуульдаа 2018 он хүртэл буюу тэтгэвэртээ гартал багшилсан даа. 2000 онд Түүхийн хүрээлэнд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Г.Цэрэнханд багшийнхаа удирдлага дор “Алтайн урианхайчуудын эртний шүтлэгийн зан үйл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

- Та гадаадын эрдэмтэдтэй олон жил хамтарч ажилласан байх аа? Энэ талаараа сонирхуулна уу?

- Хятад, Орос, Америк, Англи, Япон, Германы эрдэмтэн судлаачидтай хамтарч ажилласан байна. Японы Токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Акира бид хоёр 1993 оноос хойш ганзага нийлжээ. Анх ерээд оны эхээр Монголд ирээд хаана очиж суурин судалгаа хийх талаараа бодож, эрэлхийлж байсан юм билээ. Энэ үед нь “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар надтай танилцуулсан юм. Ингээд тэрбээр урианхайн түүх, зан үйлийн чиглэлээр суурин судалгаа хийхээр болж бид хоёрын олон жилийн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Акира Ховд аймгийн Дуут суманд очоод хаашаа ч явалгүй тэндээ хоёр жил болсон юм. Өвөлжин, хаваржин мал хариулаад, судалгааны ажлаа хийгээд суучихсан. Япончууд аливаа зүйлийг судлахдаа тийм нарийн нягт хандах юм билээ.  

   Акира бид хоёрын хөглөсөн түүх их ээ. Анх манай суманд очоод, заавал хөдөө малчин айлд байна гэхээр нь би дүүгийндээ аваачиж суулгав. Акирагийн малчин амьдрал тэгж эхэлсэн юм. Хурганы уут үүрч хонь хариулаад, хонь төллөвөл хургыг нь уутандаа хийгээд үүрээд ирнэ. Хонь хариулж явахдаа аргал түүнэ. Заримдаа очиход дүү тэр хоёр муудалцчихсан, дүү “Энэ Улаанаа сумын төв явж алга болоод надаар байнга хонь хариулгаж зарцалж байна” гэж суудаг байлаа. Тэр нь наргиа л даа. Нэг удаа сумын дарга, хэсгийн төлөөлөгч хоёр аймгийн тагнуулын газар руу мэдээлэл маягийн юм бичсэн байгаа юм. Тэр нь “Ховд их сургуулийн багш Ганболд нэг япон хүн дагуулж ирээд, айл айлаар ороод уг удам янз бүрийн юм асуугаад, булш бунхан үзэж зураг хөрөг аваад яваад байна. Энэ лав Японы тагнуул байх” гэсэн утгатай. Удалгүй аймгийн тагнуулын ажилтнууд намайг дуудаж асуугаад Акирагийн паспортыг хураагаад авчихлаа. Акира Элчин сайдын яам руугаа ярьж орхиж. Удалгүй тагнуулынхан түүний паспортыг авчирч өгөөд, уучлал гуйгаад, сайхан танилууд болоод салсан. Акира маань Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгийн Булган сум, мөн Шинжаан-Уйгарын урианхайчуудаар явж судалгаа хийсэн хүн дээ.

Японы Токиогийн их сургуулийн монголч эрдэмтэн Акирагийн хамт.

- Өөр бусад эрдэмтдийн талаар гэвэл?

- Өмнөд Солонгосын эрдэмтэн Пак Су Ён хэмээх бүсгүй урианхайн алдарт туульч Б.Уртнасан гуайгаар бүрэн тууль хайлуулж соронзон хальсанд бичиж авсныг би хожим нь сийрүүлж ном болгон хэвлүүлсэн. Оросын Томскийн их сургуулийн эрдэмтэн, угсаатны зүйч, археологич Юрий Ожередов гэж хүн мөн олон жил судалгаа хийж, бид удтал хамтарч ажилласан даа. Би 2018 онд Германы Боннын их сургуульд очиж нэг сар гаруй ажилласан юм. XIX зууны дунд, сүүл үеэс Европын олон орон, тухайлбал Шотланд, Норвеги, Герман, Шведийн жуулчид, судлаачид Монголд цөөнгүй ирсэн байдаг. Тэд тухайн үеийн монголчуудын нүүр царай, хувцас хунар, эд хэрэглэлийг фото зурагт гайгүй сайн буулгажээ. Тэдгээр зургаас Боннын их сургуульд нэлээд их байна. Тэгээд Монгол, Өвөр Монгол, Төвөдөөс мэргэжлийн хүмүүсийг урьж аваачаад тайлбар хийлгэдэг юм байна. Миний хийсэн ажил бол, тэр зургуудыг Монголд авсан зураг, Өвөр Монголд авсан зураг гэх мэтээр ангилж, тайлбар хийнэ. Мөн хажуугаар нь монгол хэлний ангийн оюутнууд, монгол судлалын докторантуудтай бага сага ажилласан.

- Гадаадын болон манай судлаачдын арга барил өөр байх юм уу?

- Ерөнхийдөө бол нэг юм судалдаг боловч гаднын судлаачдын арга бас өөр юм. Акира гэхэд л огт мэдэхгүй малчин айлд очоод хоёр жил суучихаж байгаа юм. Мэргэжлийн хувьд хамгийн нарийн арга зүй нь болбол тэр суурин судалгаа нь байна. Хэн нэгэн хүнийг, ямар нэгэн угсаатныг судалъя гэвэл тухайн газар оронд нь очоод удаан хугацаагаар суурин сууж судалдаг. Акира шиг жилийн дөрвөн улиралд хамт байж таньж мэдээд, мөн бид нартай адилхан их нарийн тэмдэглэж авна. Акирагийн хувьд гэхэд өглөө босоод, хонь хариулж ууланд яваад, орой ирэх хүртэлх тэр бүх л юм нь сонин байгаа шүү дээ. Сонирхуулахад манай ээж “Акира шиг ажилтай хүн алга” гэж ярьдаг байсан. Герман хүн бол их нягт нямбай, илэрхий ялгарна. Герман хүмүүстэй очоод ажиллаж байхад хүнийг нэг их шахаж шаардаад байхгүй. Ерөнхийдөө хийх ажлаа тохироод цагтаа ирнэ, цагтаа явна, нарийн дэг журамд сурчихсан хүмүүс.

- Бичих, тэмдэглэл хөтлөх бол таны залуу наснаас сурсан зуршил юм аа?

- Багш байхаасаа өнөөг хүртэл Монголдоо, нутагтаа, гадаадад, олон газраар явахдаа хамгийн сайн хийж ирсэн ажлын маань нэг бол тэмдэглэл юм. Бага залуу наснаасаа ч бичиж тэмдэглэж, түүнийгээ мэдээ, нийтлэл, хөрөг болгон аймаг, төвийн сонинуудад явуулж байв. Ингэх нь өөрөө их сонирхолтой. Энэ мэтээр эдүгээг хүртэл бичиж нийтлүүлсээр байна. Дараа нь сониноос халиад, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд миний судалгаа, нийтлэл хэвлэгдэж эхэлсэн. Харин өнөөдөр бол өөрөө “Баян цагаан нутаг” нэртэй Фэйсбүүк хуудас нээж аваад, бичсэн зүйлсээ тэндээ нийтэлж байна. Нөгөө талаар, хүмүүст ялангуяа залуучуудад монгол ёс заншлын тухай хүргэх нь зүгээр юм байна, энгийн үгээр тайлбарлах хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон гэх үү дээ. Сүүлд Шинжаан-Уйгарын нутгаар аялсан тэмдэглэл маань Ц.Балдоржийн нэрэмжит шагнал хүртсэн.

- Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?

- Тэтгэвэртээ гарчхаад Ховд их сургуульдаа бас гурван жил ажилласан. Дараа нь Улаанбаатарт шилжиж ирээд Соёлын өвийн үндэсний төвд соёлын биет бус өвийн шинжээч гэдэг албан дээр өнөөг хүртэл ажиллаж байна. Манай төвд дуу, дүрс бичлэгийн студи гэж байдаг. Ахмад судлаачид, тухайлбал урлаг судлаач Ж.Энэбиш багш, урлаг судлаач, доктор С.Юндэнбат багш, кино зураглаач Г.Жамсран гэж гурван хүн голлоод Монгол даяар явж судалгаа хийсэн байдаг юм. Ингэж явахдаа хуурчид, дуучид, бүжигчид гэх мэт биет бус соёлын өв тээгчдийн яриаг бичиж авсан хэдэн зуун цагийн хальс тэнд байж байна. Одоо тэр хальсыг сонсож буулгах, ангилах, компьютерт шивж оруулах зэрэг ажил дээр би залуучуудын хамт сууж байна даа.

Эрдэмтэн М.Ганболдын шинэ ном.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.