Туул голоос загас, шувуу агнахыг хориглосон тухай
Соёл эрдэнэ
2024-11-18
Олноо өргөгдсөн Монгол улсын Дотоод яамны 1916 оны нэгэн бичигт Нийслэл хүрээ, Туул голоос загас, шувуу агнахыг хориглосон цаазыг чангатгах болсон хийгээд үүний шалтгаан юу байсныг өгүүлжээ.
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг.
Нийслэл хүрээний Эрдэнэ шанзудба нар, Түшээт хан, Сэцэн хан аймгийн чуулганы дарга жанжин, Нийслэл хүрээн дэх Засагт хан, Сайн ноён хан аймгийн жасааны гүн, түшмэдэд тушаан илгээв. Тушаан явуулах, тушаах учир. Эдүгээ Гадаадын яамнаас хүргэж ирсэн бичигт илгээв. Явуулах учир. Умард хэлтсийн өргөсөн нь, байцааваас Олноо өргөгдсөний гуравдугаар он, гурван сарын гучинд манай Гадаад яаманд Дээд зарлиг буулгасан нь, энэ өдөр орос хоёр хүн Хайстай сүмийн зүүнтэй ойр газар шувуу буудаж гөрөөлөхөөр явсан нь үнэхээрийн нийлэлцэхгүй тул даруй зохих газар явуулж үүнээс хойш энэ мэт буу тавин явагчдыг цаазлан зогсоож дагаж явуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж уг буулгасан зарлигийг хянан үзэж,
Нийслэл хүрээний өмнөд Богд хаан хайрхан уул, баруун этгээд гурван Сонгино хайрхан уул, хойд этгээд Чингэлт уул, Билгэх уул, Өндөр улаан уул, зүүн этгээд Баянзүрх уул цөм эрхэм сүлд тахилга бүхий уулс болох учир язгуураас аливаа хүн модыг үл огтлох ба гөрөөчилж үл болохын дээр Богд хаан хайрхан уулын ар тохиолдох Туул голоос мөн загас агнахыг цаазалсан зүйл бүхүй учрыг Дотоод хоёр яамнаа мэдэгдсэнд Туул голоос аливаа хүн загас, шувуудын зэрэг ан агнаж үл болох учир цаазалсан газруудад хэмжээ тэмдгийг хурдлан тогтоож тодорхойгоор мэдэх гурван этгээдийн үсгээр хавсран бичсэн пайз тэмдгийг байгуулан босгож, чухам алинаас аль газарт хүртэл хэчнээн тэмдэг байгуулсан явдлыг тодорхойлон гаргаж мэдүүлэн ирүүлээд уламжлан явуулж дагаж шийтгүүлэхэд бэлтгүүлсүгэй. Үүний тул тушаан илгээв. Тушаав.
Олноо өргөгдсөний зургаадугаар он, таван сарын гучин.
Эх сурвалж: Нийслэлийн Архивын газар. “Их хотын баримтат өв” Фэйсбүүк хуудас.
Зураг дээр: Туул гол. 1917 оны байдал.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.