Төвөдөд суралцахаар явагчдад айлдсан сургаал
Соёл эрдэнэ
2025-04-07
XIX зууны Монголын их эрдэмтэн, гүн ухаантан, хэл шинжлэлч, яруу найрагч Агваандандарын бичсэн “Төвөдөд суралцахаар явагчдад айлдсан сургаал сувдан эрих” хэмээх багавтар бүтээлийг “Соёл эрдэнэ” буландаа толилуулж байна. Агваандандар нь 1758 онд Өвөр Монголын Алшаа хошуунд мэндэлж, долоон настайдаа нутгийн Буян арвитгагч сүмд шавилсан бөгөөд улмаар Төвөдийн Бэрээвэн хийдэд 24 жил сууж Буддын шашны их, бага таван ухаанд гүнзгийрэн мэргэшсэнээр лхаарамба хэмээх гүн ухааны дээд цолыг хүртсэн алдарт эрдэмтэн юм. Монгол туургатны дунд Алшаа лхаарамба хэмээн алдаршсан тэрбээр учир шалтгааны ухаанаар 14, хэл шинжлэлээр зургаа, шашны зан үйлийн чиглэлээр долоо, элдэв тэмдэглэлээр гурав, нийт гучин зургаан зохиол бичжээ. Толилуулан буй энэ шүлгийг Гандантэгчэнлин хийдийн гавж Э.Гүндсампил төвөд хэлнээс орчуулсан байна. Энэ хэдийгээр хоёр зууны өмнөх хуучин зохиол боловч шинэ үеийн эрдэм ухаан дэлгэрсэн таван тивийн улсад зорчин номд шамдаж буй эдүгээгийн манай хөвгүүд, охидын оюун боловсролд дуслын төдий боловч нэмэр болох болов уу хэмээн найдна.
Төвөдөд суралцахаар явагчдад айлдсан сургаал сувдан эрих хэмээх оршвой
Сайн ерөөлөөр бүтэж урлагдсан чөлөө, учралт нишингийн үзүүрт
Олонтой сонссон оюуны цэцэг нь үлэмж дэлбээлэн нахиалсан сууринд
Анхилам үнэрт үр болсон олон мэргэд бүрнээ боловсорч
Машид хэтэрхий ертөнцөд тархах тэд нугуудын сонорын дэргэд
Эшт усан сангийн цөмд нь үргэлж хэвтсэн ч
Онол амсалын эрдмийн чийгээр үл дэвтсэн
Хатаж хөшсөн үндэс ухааны чулууг овоолсон
Харалган нэгний ийн хэмээх өчлийг таална уу!
Бодож сэтгэх хурц ухаан төдийхөн нэгнээр
Мэргэд баясах нь эртнээс ер яригдаагүй учир
Номын утганд магад хүрэх сургууль хичээлийг
Яс маханд тултал туурвих нь нэн чухал.
Учир тиймээс зөрчил харшлалыг ойлгох чадвар нь
Лам хувраг тус бүрт ондоо буй.
Зөөлөн итгэлт багшийн сурвалжийг уг болгон
Утгыг магадлан таслан шийд нөхөд минь!
Онц чухал нууц тарнид авьяас эс тавивал
Бурханаас ч нэн ховор очир хөлгөн хэмээн
Магтан сайшаасны хэрэг нь ч мөн орхигдох аюул
Их буй бөлгөө, номын нөхөд минь!
Олонтой сонссон ч номлоход эс мэргэших аваас
Хэлээ зуу хувилган өгүүлсэн ч тэнэг мөн
Хэлцэхэд мэргэн ч туурвихад эс мэргэших аваас
Мэргэний алдар өөртэй нь хамт үхэн одно.
Амаараа туурвилаа ч буулган бичиж эс чадвал
Баатар зальтай мухар гартны ихэр болмуй.
Туурвил бүтээл номлол дагуу эс зохиогдвол
Мэргэд сонжин, буруу утгыг үзүүлэх гэмтэй.
Үг нь алдаагүй ч эгшиг яруу ядмаг аваас
Үзэсгэлэнт бүсгүй уранхай хувцас өмссөн адил
Ёгт хэллэг, шинэ хуучин үгээр эс баяжуулвал
Тосгодын үг хутгалдах учир мэргэд шоолмуй.
Тиймийн учир ухааны орон бүгдэд мэргэшин
Судар, тарнийн хослолд оюуны бяд юугаар
Мэргэжин судлаад эх нутаг эндээ заларвал
Харин одоо шашныг дэгжээж чадах болов уу!
Өнөөдөр уулзлаа ч үүнээс илүү хэлэх зүйлгүй ээ
Маргааш үхлээ ч үүнээс өөр захиас үгүй ээ
Айлтгасан үүнд шүүн тунгаах алжаал хэрэггүй ээ
Алин айлтгасанг тааллын оронд марталгүй бариарай!
Багшийн үнэн үг бүтэх үнэний хүч
Гурван лагшинг олсон багшийн адислал хийгээд
Үлэмж сэтгэл бүрдсэн бидний шүтэн барилдлагаар
Та бүхний юу санасан нь бүтэх болтугай.
Зураг дээр: Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Баян хотын Буян арвитгагч сүмийн үүдэнд 1996 онд босгосон Агваандандар лхаарамбын хөшөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.