images

Ж.Нэргүй: “Амитаба”-г орчуулсан маань монгол ахуйн гүн ухааныг оросуудад харуулчихъя гэж бодсоных

Д.Бизьяа

Соёл эрдэнэ

2024-10-23


Д.Нямсүрэнгийн шүлгээс та яагаад заавал Амитаба”-г сонгож орчуулав. Энэ алдартай шүлэг яг ямар учиртай шүлэг вэ?

- Ер нь бол жинхэнэ орчуулагч хүн бол шилдэг юм сонгож орчуулах нь зүгээр. Гэхдээ яг тийм үүрэгтэй биш нь мэдээж. Амархныг нь биш, адармаатайг нь сонгож олонд хүргэх, ялангуяа гадаад хэлнээс бол тэндээ нэгэнт шалгарч туршигдаад олон хүний зүрхэнд хүрчихсэн юмыг сонгож орчуулах сайхан байдаг. Өөрөө өөртөө ч бардам болдог. “Амитаба”-гийн хувьд гэвэл энд жинхэнэ монгол илэрхийлэл нэвт шингэсэн байдаг. Мөнх ба мөнх бусын тухай өгүүлсэн, тухайлбал байгалийн зохицол гээчийг гэхэд л төрөлх Дорнынхоо ухаанаар аваачаад хийчихсэн эд. Тэрэнд нь болж сонгосон юм. Ухаандаа “Би чамайгаа торгонд яаж ороох вэ?” гэхгүй байгаа биз дээ? “Яаж би чамайгаа алтан харганаар үйслэх вэ?” гэж асууж байна шүү дээ. Энэ чинь л Дорнын яруу найраг болоод явчихаж байгаа юм. Эсвэл “Яаж би Амитаба шиг дэргэдээ ээжгүй болоход уйлахгүй суух вэ?”, “Дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?” гэж байна. “Яаж би Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ” гэж байгаа чинь тэр дээд сансар луу, жингүйдлийн хязгааргүй рүү, нирваан руу алга болчихсон байгаа биз? Манай яруу найрагт тэгвэл урьд нь ийм илэрхийлэл байсан юм уу? Үгүй байх аа.

- Тэгэхээр Дорнын энэ гүн ухааныг л орос хэлтнүүдэд уншуулчихыг зорьсон юм байна, тийм үү?

- Тийм л юм чинь. Бас нэг юм байна. Наана чинь “Яаж би Амитаба шиг эхийн хэвлийд хөврөл явагдахыг сарны түлхэлт гэх вэ?” гэсэн ч бил үү мөр бий. Тэгвэл, эмэгтэй хүний сарын хир ирэх энэ тэр чинь бүгдээрээ энэ сарны түлхэлт, таталттай холбоотой, тийм биз? Тийм болохоор нь л би энэ Дорнын, Монголын гүн ухаан гэдгийг энэ оросуудад нэг харуулчихъя гэж бодсон юм. Нэг муу жаахан орос хэлтэй гэдгээ монголчууддаа гайхуулах гэж орчуулаагүй юм шүү. Дээхэн үеийн оросууд бол Дорноос Ли Байг мэднэ, Дү Фүг мэднэ. Харин одоо үеийн оросууд Дорнын гүн ухааныг тоохоо больсон. Тоохоо больсондоо ч бас биш, тэрийг оросууддаа хүргэж өгөх гүүр нь байхгүй болчихсон. Тэгэхээр, би “Амитаба”-г орчуулахдаа үг буруу сонгосон байж болно, яруу шүлгийн хувьд хамаагүй дутуу юм хийсэн байж болно, тэрнийгээ үгүйсгэхгүй. Гол нь Дорнын яруу найргийн логикийг л хүргэхийг зорьсон.

- Орчуулгаа хүмүүст яаж хүргэв? Хандлага нь ямар байна?

- Орчуулгаа Фэйсбүүкт тавьсан, бас “Новости Монголии” сонинд гарсан. Тэндээсээ МОНЦАМЭ-гийн вэбсайтад авч тавьсан байна лээ. Гарсан даруйд нь хүмүүс хараад янз бүрийн юм л хэлж байна. “Сайхан үг, илэрхийлэл олж сонгожээ” гэж цөөнгүй хүн сайшаалаа. Атаархуу нэг нь ч голж л байна лээ. Тэд маань орос яруу найргийн хэр мэдрэмжтэй юм бол доо, харин?

- Хүмүүсийн тэгж сайшаасан үгийн тухайд жишээ хэлнэ үү.

- Жишээ нь “берестить” гэж үг байна. “Алтан харганаар үйслэх” гэдгийг би энэ үгээр буулгасан юм. Энэ үг орос хэлэнд тийм их хэрэглэдэг үг биш. Нөгөө талаар алтан харгана байтугай ердийн харганыг оросууд бараг мэдэхгүй. Үйс гэхээр зөвхөн хусанд л байдаг юм шиг ойлгодог. Тэгвэл алтан харгана чинь бас үйстэй шүү дээ. Тэрүүгээр л Нямсүрэн маань халуун янагаа гоёх гээд байж л дээ.

- Энэ үгийг олж оноосон талаараа яриач?

- Үйслэх гэдгийг оноох орос үгийн эрэлд хатаад, үсээ үгтээгээд суучихна биз дээ. “Харганын хальсаар орооно” гэлтэй биш, тийм үү? Харгана гэдэг үг ч Орост байдаггүй юм чинь. Дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд монголоор нь карагана (латинаараа Caragána) гэж авсан байдаг юм. Ингээд, юуны түрүүнд үйс гэдэг рүү орно биз дээ. Тэгээд цааш нь хөвөөд байсан чинь үйсийн үйл үг “берестить” гэдэг үг олж авсан. Надад чинь хуучны түмэн янзын толь бичиг байна шүү дээ. 1939 оны Д.Ушаковын 4 том боть нь ч байна, В.Далийн зүйр цэцэн үгийнх нь ч байна. Миний нэг найз байдаг юм, Оросын яруу найрагч, судлаач, шүүмжлэгч хүн. Тэрэндээ би онгирч Вайбераар утасдлаа л даа. “Ингээд, ингээд ийм вэбсайт дээр миний “Амитаба” гээд нэг орчуулга гарсан байгаа, үзчих” гэж. Абхази явах гээд вокзал дээр зогсож байсан нь таарч л дээ. Тэр маань Абхазидаа хүрчихээд, МОНЦАМЭ-гийн вэбээс олж үзчихээд “Чи берестить гэдэг үгийг хаанаас олов? Ийм үг байдаг гэдгийг би ч мэдэхгүй юм байна. Чиний орчуулгыг уншаад ийм сайхан орос үг байдгийг мэдэж авлаа” гэж байгаа юм. Тэгээд “Наслаждаюсь восточной поэзией” гэж бөөн хөөр болоод эргээд утасдсан. “Дорнын яруу найргаар цэнгэж байна” гэсэн үг л дээ. Энэ үгийг би мэддэг байсан хэрэг биш, эрж олсон хэрэг. Зүгээр л нэг алтан харганы хальсаар гэж орчуулж болохгүй еэ дээ? Орос хэлэнд хальс гэсэн утга илэрхийлсэн зөндөө л үг байна. Ер нь орчуулгад цаад хүнийхээ санасан бодсон амьсгааг нь зөвөөр буулгахын тулд үгийг маш зөв оноох ёстой, ингэж байж амьд хэллэг гарч ирдэг.

- Цаашилбал?

- “Яаж би есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?” гэсэн мөр энэ шүлгэнд байдаг даа. Орос хэлэнд эрдэнэ гэдэг үгийг илэрхийлэх тун амаргүй. Тэр дундаа “драгоценные камни” буюу үнэт чулуу гээд явчихвал бүр ч буруу. Тэр жил манай нэг театрынхан тоглолтоор Халимаг явлаа. Тоглолтынх нь хөтөлбөр, мэндчилгээ энэ тэрийг би оросоор орчуулж өгсөн юм. Тэгэхдээ тэнд орсон П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” гэдгийг би орчуулж чадахгүй гацчихлаа. Зүгээр л нэрийг нь шүү дээ. Орчуулах гэтэл ер болж өгөхгүй болохоор нь П.Бадарч гуай руу утастаж, урьдын орчуулж байсан туршлага юу байдаг талаар асууж үзлээ. Тэгтэл мань хүн “Драгоценные камни гэж л буулгаад байдаг шүү дээ” гэж байх юм. Намайг тэгж утастсаныг одоо ч өвгөн санаж л байгаа байх. Би тэрнийг нь голдогоо шууд л хэлсэн. “Драгоценные камни” гэхээр зүгээр нэг үнэт чулуу болчихож байгаа юм. Ер нь эрдэнэ гэдэг үг орос руу буудаггүй. Энийг Сэнгийн Эрдэнэ гуай ч надад хэлж байсан юм шүү. Би тэгээд “Амитаба“-гийн энэ мөрийг “Как же мне, подобно Амитабе, украсить тебя девятью сокровищ-камней?” гэж буулгасан. Есөн эрдэнэд хамгийн ойртож очих нь сокровище-камни” гэдэг үг байх. Миний л сонголт энэ. Би орос хүн биш, сонголт маань буруу байж магадгүй. Буруу, зөвийн алин болохыг их том эрдэмтэн, мэргэд хэлээд өгөх байлгүй.

   Дахин хэлэхэд, би өөрийнхөө орос хэлний муу өчүүхэн мэдлэгээр гайхуулж байгаа юм огт биш шүү. Оросууд энэ шүлгийн логикийг ойлгоосой, ойлгож авах хүний хувьд үгийн сайхан биш, утгын яруу сайхан л хэрэгтэй гэж бодсон хэрэг. Монголын яруу найрагчид, нөгөө муу хөдөөгийн бүдүүлэг, мал дагахаас өөр юм мэддэггүй, бөөстэй монголчууд чинь ингэж сэтгэж чаддаг юм байна шүү дээ гэдгийг мэдэж аваг гэсэн чин хүсэл л тээсэн юм. Арьсан дээлтэй, эсгий гуталтай, саравчиндаа малтайгаа ороод хамт унтаж байгаа, малынхаа хойноос үхэхээсээ сийхгүй цасан шуурганаар явж байгаа улсууд чинь ингэж сэтгэж чаддаг юм байна шүү дээ гэдгийг л харуулах гэсэн юм. Социализмын үед оросууд манайхыг Хятадаас хамгаалах далимаараа Хятадад алдахгүйн тулд эднийг жаахан соёлжуулъя гэж бодож байсан болохоос биш, Монголын жинхэнэ тэр өвөрмөц соёлыг, өвөрмөц иргэншлийг нандигная, танин мэдье, сэтгэлгээний гүнд нь нэвтэрье гэж бодож байгаагүй юм шүү. Тийм болохоор аливаа Дорнын юм бүхнийг Хятадынх, эсвэл Дундад Азийнх гэж сурталддаг байсан юм.

- “Хүйсний нууцыг хуруугаараа томьёолох” гэх мэт “айхтар” мөрүүд байдаг даа?

- Чи өөрөө монголоороо бод л доо. Бүсгүйн бие дээгүүр гар чинь тэмтэрч, тэнүүчилж яваад байгаа биз дээ? Гарын хуруу чинь юм уу, хурууны өндөг чинь юм уу, тийм үү? Энийг хэлж байгаа “томьёолох гэдэг үг онцгой. Монголын яруу найрагт яг энэ үг орсон нэг ч шүлэг байхгүй байх. Томьёолох гээч энэ үг дангаараа бол шинжлэх ухааны нэг л хуурай хэллэг шүү дээ. Гэтэл Д.Нямсүрэнгийн шүлэгт ороод ирэхээрээ амь ороод, эгшиглэнтээд, ийм сайхан үг болчихож байгаа юм. Манай Д.Нямсүрэн чинь шүлгийг ингэж л хийдэг байсан хүн. Д.Нямсүрэнгийн яруу найраг гэдэг чинь энэ. Албаны юм шиг сонин хуурай үг мөртөө Д.Нямсүрэнгийн шүлэгт болохоор яруу найргийн үг болон дуулдаад, эмэгтэй хүний бодгальтай аваачаад холбочихоор жинхэнэ яруу найргийн үг болоод сонсогдчихож байна шүү дээ. Орос хэлэнд “формулировать” гэдгээс өөр үг олдохгүй байгаа юм. Яахав, томчуул нь, мундаг яруу найрагч нар нь гаргаад л ирэх байх л даа. Гэхдээ нөгөө талаар, үг байраа зөв олох ёстой гэдэг танин мэдэхүйн ухаан Д.Нямсүрэнгийн энэ шүлэгт яг гарч ирж байгаа биз дээ? “Дэнгийн галд эрвээхэй үйхийг хараад жишимгүй суух”. Их зөөлөн үгтэй мөртлөө аягүй хатуу харилцаа, хатуу хандлагыг гаргаж ирж байгаа юм.

- “Амитаба” яг хэдийд бичсэн шүлэг вэ?

- Д.Нямсүрэн маань энэ шүлгээ аль 1992 онд бичсэн юм. Үүнээс ч өөр гайхалтай сайхан шүлгүүд бий. Ер нь манайхан их хачин шүү дээ. О.Дашбалбарыг “Хүмүүсээ амьдад нь бие биенээ хайрла” гэх мэтийн сургаалын шүлгүүдээр нь л магтаад байхаас биш, гайхалтай сайхан уянгын шүлгүүдийг нь тоодоггүй. Тэр “Дарьганга аялгуу”, “Дорнын аялгуу” шиг яруу шүлгүүдийг нь нандигнан ойлгож, дээдэлж мэддэггүй улс юм уу даа, янз нь. Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” байна. Гэхдээ “Дөрвөн цаг” бол “Амитаба”-гийн дэргэд ердөө байгалийн болоод ахуйн зураглал юм. Айхтар гүн ухааны, мөнх бусын тухай юм байхгүй, энгийн зураглал. Монгол ахуйг дээрээс нь харсан хавтгай зураг. Холоос ирсэн хүн мориныхоо эмээлийг аваад орж ирэхдээ, борооноос өмнө амжлаа шүү гэж хэллээ энэ тэр чинь энгийн ахуйн зураглал мөртлөө Нямсүрэнгийн амьсгаанд ороод ирэхээр шал өөр юмыг илэрхийлчихдэг.  Д.Нямсүрэнгийн нүдэнд болохоор шал өөр харагдчихдаг. Энэ мэтээр “Амитаба”-д, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэж үзэх чинь жинхэнэ гүн ухаан.

- Энэ шүлгийг орчуулах бодол танд хэдийнээс төрөв?  

- Энэ их эртний бодол. Д.Нямсүрэнгийнхээ ямар нэг юмыг буулгахсан гэж олон жил бодож явлаа. Өөрөө ч надад хэлж байсан юм. 2002 оны нэгдүгээр сард байна уу даа, Д.Нямсүрэн маань сүүлчийн удаа Улаанбаатарт ирж “Аглагхан талаасаа” номоо гаргаад, сар гаруй болоод буцсан юм. Г.Мэнд-Ооёогийнхоор, Дарь.Сүхбаатарынхаар голчлон байна. Нэг гарахаар нь залуучууд дагаад хуйларчихна. Харин тэр хоёртоо жаахан гоморхоод ирэхээрээ манайд ирээд хэвтчихдэг байсан юм. Манайх тэгэхэд Зурагтын эцэст, толгойн орой дээр нэг муу ханарсан модон хашаанд байлаа л даа. Мөн ч олон хүн очиж архидсан, мөн ч олон хүн манайхаас ирж дагуулж гарсан даа, тэр бүхнийг тоочоод яахав.  Ирж хоёр гурван хоног хэвтээд, нэг гарахаараа хэд хоног алга болно. Нэг өглөө ажил дээрээ сууж байсан чинь яруу найрагч, нутгийн дүү Т.Содномнамжилтай хоёулаа ороод ирлээ. Шартчихсан, нэлээд хүнд байгаа бололтой. Со маань лам дээлтэй чигээрээ.  Тэгээд яах вэ, тэр дор нь гуйлга хийж байгаад, гурвуулаа сууж шараа дутуу хагас тайлсан боллоо. Яг тэр үед миний утас дуугараад, автал РЦНК буюу Оросын соёлын төвөөс ярьж байна. Борис Пастернакийн шүлгийн орчуулгын уралдаан зарлаад, би гурван шүлгийг нь орчуулаад явуулчихсан байсан юм. Тэгтэл миний орчуулсан шүлгүүд нэгдүгээр байр эзэлснийг дуулгаад, ирж шагналаа ав гэж байна. Нөгөө хоёртоо дуулгаж, бөөн баяр хөөр болоод гурвуул гараад нисчихлээ. Өвөр хоосон байсан улс шагнал гэхээр нь нэлээн том юм бодоод очсон чинь “Нэгдүгээр байр эзлэв гэсэн нэг муу диплом, А.Пушкин, М.Лермонтовын нэжгээд шүлгийн түүвэр өгдөг юм байна. Нимгэхээн, нимгэхэн. Гардуулж өгч байгаа нь гэсэн чинь, нэг муу хүүхэн үүдэндээ гарч ирээд жижүүрийнхээ хажууд коридорт зогсоож байгаад өгч байгаа юм чинь. Буцаагаад чулуудчихмаар. Д.Нямсүрэн маань ч бараг тэгж уулга алдсан байх. Гурвуулаа уур ч хүрлээ. Очоод дайлуулж цайлуулна, дугтуйтай шагналын мөнгө бол гарцаагүй гэж бодож очсон улс шүү дээ. Тэгээд тэндээс гараад наашаагаа гурвуулаа, Д.Нямсүрэн маань бүүр урвайчихсан амьтан дув дуугүй баахан алхаж явснаа “Миний шүлгийг чи л орос руу орчуулж чадна даа. Чамаас өөр сайн оростой хүнийг би  мэдэхгүй. Ямар нэг шүлгийг маань орчуулж өгөөрэй” гэсэн юм. Ухаандаа, миний сэтгэлийг засаж байгаа нь тэр. Мань эрийн нөгөө “Надгүйгээр Улаанбаатарт “Болор цом” болоод л өнгөрдөг” гэсэн гоморхол нь арилаагүй байсан цаг шүү дээ. Д.Нямсүрэнг надаас тэгж аминчилж гуйхад хажууд Т.Содномнамжил байсан даа гэдгийг би Со-гоо амьд сэрүүнд бичсэн Д.Нямсүрэнгийнхээ тухай хөрөгт ч оруулсан л байгаа, “Хүмүүсийн тухай роман-1”-дээ байх аа. Тухайн үедээ нэг шүлгийг нь орос руу хийсэн боловч үзүүлж амжаагүй өнгөрөөчихсөн.  

- Тэр явдлаас хойш 20 жил өнгөрчээ. Тийм шүлгийг нь, тэр дундаа тийм үгийг нь тэгж буулгана даа гэсэн бодол цээжин дотор явсаар ирсэн биз?

- Тэгэлгүй яах юм бэ. Тэр үгийг ингэж буулгах юм шүү, харин энэ үгийг нь яах билээ гэх мэт бодол байнга л толгойд хадаастай явж ирж. Хоёр, гурван жилийн өмнө Өнөөдөр сонины Д.Заяабат надад Амитаба”-г задлаад нэг сайхан юм бичээд өгөөч, та л чадна гэлээ. Тэрийг нь бодоод л явсан боловч чадаагүй ээ, өөрийгөө голоод. Уг нь ч... хэ-хэ, за, за, тэр яахав. Гэнэт л энэ хавар, яагаадыг ч бүү мэд, оролдохыг оролдсоных, ерөөсөө энэ Амитаба”-г нь үзээд алдвал яасан юм гэсэн бодол төрөөд хоёрхон шөнө суугаад л хийчихсэн юм.

Зураг дээр: Д.Нямсүрэн, Ж.Нэргүй нар. 1999 оны нэгдүгээр сарын 7. Төрийн ордон. Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ой. Зургийг Д.Цэрэннадмид. 

 

Д.Нямсүрэнгийн шүлэг

Амитаба

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?

Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?

Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?

Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?

Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?

Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?

Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?

Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?

Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?

Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?

Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?

Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?

Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?

Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?

Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,

Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,

Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,

Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

1992.02.12. Шинийн есөн.

 

Ж.Нэргүйн орчуулга

Амитаба

Как же мне, подобно Амитабе, скрестить ноги цветочным узлом?

Как же мне, подобно Амитабе, сотворить тебя священным богом?

Как же мне, подобно Амитабе, формулировать пальцами пупка тайну?

Как же мне, подобно Амитабе, заберестить золотой караганой девичью талию?

Как же мне, подобно Амитабе,  молиться корням трав в недрах земли?

Как же мне, подобно Амитабе, украсить тебя девятью сокровищ-камней?

Как же мне, подобно Амитабе,  подразумевать выходящую из воды красотку сидящей на берегу?

Как же мне, подобно Амитабе,  понять, что пение птиц, лай собак и вскрик женщин- одно и то же?

Как же мне, подобно Амитабе,  сравнить сон стояспящей лощади с  морским отливом?

Как же мне, подобно Амитабе, сравнить развитие плода во чреве матери с морским приливом?

Как же мне, подобно Амитабе, сличать листопад со своим сном?

Как же мне, подобно Амитабе,  стать единой мелодией всем своим телом?

Как же мне, подобно Амитабе, лучиться в просвет двери словно солнце?

Как же мне, подобно Амитабе, выткаться из-за облаков словно месяц?

Как же мне, подобно Амитабе, остаться в безвестии, словно улетевшая птица?

Как же мне, подобно Амитабе, услышать звон своих падающих волос?

Как же мне, подобно Амитабе, хоть облака, хоть льды, остаться на миллионы лет?

Как же мне, подобно Амитабе, быть невозмутимо, когда мотыльки возгораются в пламени свеч?

Как же мне, подобно Амитабе, понять, что смысл смерти превыше смысла жизни?

Как же мне, подобно Амитабе, не лить слезы, оставшись возле себя без мамы? 

Как же мне, подобно Амитабе, знать, что один цветок убивает пчелиный улей?

Как же мне, подобно Амитабе, знать, что одно слово губит весь стих?

Как же мне, подобно Амитабе, узнать, что пустота есть дальняя-дальняя планета?

Как же мне, подобно Амитабе, понять того, что вообще нет времени, жизни и пространства?

2024.06.01

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Энхээ

    Аа янзтөй

    2024-10-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.