images

Японы музей Шолой сэцэн ханы ургийн бичгийг олон нийтэд үзүүлж байна

Б.Бадамзул

Соёл эрдэнэ

2025-04-17


   Японы Нара мужийн Тэнри хотын музейд энэ сарын 16-наас ирэх зургаадугаар сарын 2 хүртэл гарах Тэнри их сургуулийн 100 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнд монголчуудын хөтөлсөн, дэлхийд томд тооцогдох ургийн бичгийг дэлгэлээ. Энэ нь Чингис хааны удам, Халхын Сэцэн хан аймгийн засаг ноёдын өвөг Шолой сэцэн ханаас (1577-1655) эхлэх ургийн бичиг бөгөөд түүний нэрийг голд нь монгол бичгээр томоор бичсэн байна. Улмаар түүнээс хойшх 14 үеийн 12 мянган хүний нэрийг багтаасан аж. Нийт 5.6 метрийн диаметртэй уг бичгээс Шолой цэцэн хааны хоёрдугаар үе 11, гуравдугаар үе 54, дөрөвдүгээр үе 156 болж өссөн нь харагдаж байгаа аж. Гэхдээ энэ бичигт зөвхөн эрэгтэй хүүхдүүдийн нэрийг оруулсан буюу охид, эхнэрийн нэрийг орхисон байна. Харин эцэг, хүүгийн холбоог цэгэн зураасаар холбож, үеүдийг улаан шугамаар тусгаарлажээ. Энэ бичиг ЮНЕСКО-гийн Дэлхийн ой санамжийн бүртгэлд байдаг бөгөөд 1577 оноос 1905 онд төрсөн хүмүүсийг багтаасан гэж судлаачид үздэг. Тэнри хотын музейд үүнээс гадна дэлхийн олон улсын эрт, эдүгээгийн хүн хоорондын холбоог харуулсан дурсгалуудыг дэлгэжээ. Сонирхуулахад, Шолой цэцэн хааны таван ханатай гэрийн буурин чинээ ургийн бичиг Монголын Үндэсний архивт хадгалагддаг. Гэхдээ Үндэсний архив дахь ургийн бичгийн тойргийн урт 20 метр, нийт 11 үеийн 13 мянган хүний нэрийг багтаасан байдаг аж.

Нүүр зурагт: Тэнри хотын музейд дэлгэсэн Шолой цэцэн хааны ургийн бичиг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.