"Бүгд найрамдах Монгол улсын Ардын засгийн газраа өмч болгон шилжүүлэн өгсүгэй"
Соёл эрдэнэ
2025-01-17
ОХУ-ын Санкт-Петербург хотод буй Буддын сүмийн түүхтэй холбогдох нэгэн сонин чухаг баримтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан илрүүлэн олж Фэйсбүүк хуудсандаа өнөөдөр дэлгэн тавьсныг кирилл бичгээр буулган уншигч олондоо толилуулж байна.
“Далай ламын цаншав хамба Агваандоржийн бичиг
Монгол Бүгд найрамдах улсын Ардын засгийн Гадаад явдлын яамнаа өргөв. Манай Бурхан шашны охь Далай ламын зарлигаар төвд, монгол үндэстний өргөл хөрөнгөөр байгуулсан Ленинград хотын Старая деревняд бүхий Буддын ёсны сүм, байшин, хэсэг газруудыг зүйгээр хувь талбиж Монгол улсын хувьд оногдвоос зохих сүм, байшин, газар зэргийг Бүгд найрамдах Монгол улсын Ардын засгийн газраа өмч болгон шилжүүлэн өгсүгэй. Учир иймийн тул энэ өдрөөс хойш эрхэм Засгийн газраас тусгай албаны хүнийг томилон гаргаж тэрхүү сүм, байшин, хэсэг газрын зэрэг хөрөнгийг Орос улсын зохих газар мэдэгдэн Монгол өөрийн мэдэлд хураан авч хамгаалан хэрэглэх ажаамуу. Үүний тул өргөв.
Тамга дарж, гарын үсэг зурж өргөв.
Цаншав хамба Агваандорж
Монгол улсын арван дөрөвдүгээр он арван сарын хорин нэгэн.
Европын нэг мянга есөн зуун хорин дөрөвдүгээр оны арван нэгэн сарын арван долоон”.
Энэхүү бичгийн эзэн Агваандорж нь XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн Хаант Оросын Буддын шашны зүтгэлтэн, Буриадын эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, XIII Далай ламын гүн ухааны номын багш, цанид хамба, лхаарамба Агваанлувсандорж (оросоор Агваандоржиев) мөн. XIII Далай лам болон түүний санаачилга, хөөцөлдөлгөөр II Николай хаан зөвшөөрөл олгож Монгол, Төвөд, Оросын сүсэгтнүүдийн хандиваар Санкт-Петербург хотод зургаан жилийн турш барьж 1915 онд нээсэн Гүнзэчойнэй буюу Дүйнхорын дацан нь Европт байгуулагдсан Буддын анхны сүм байв. Энэ сүмийг байгуулахад Агваандоржийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Халх, буриад лам нар шавилан суудаг, тогтмол хуралтай байгаад 1935 онд большевикууд хааж лам хуврагуудыг нь хөнөөн устгасан энэ сүм 1990 онд дахин нээгдэхэд анхны хурлыг нь Монгол улсад Элчин сайдаар томилогдоод удаагүй байсан Кушок Бакула ринбүүчий хуруулсан билээ. Агваандорж 1938 онд хилс хэрэгт тулгагдан Улаан-Үд хотод байцаагдаж байхдаа 85 насандаа жанч халсан юм. Большевикууд Оросын засгийн эрхэнд гараад хэдийнэ бэхэжсэн 1920-иод онд ч тэрбээр Санкт-Петербург хотын Буддын сүмийн хувь заяанд санаа тавин чармайн хөөцөлдөж байсныг нотлох энэ чухал баримт Монголын хэвлэлд анх удаа нийтлэгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.