Богд Зонховоос эхдээ илгээсэн захидал
Соёл эрдэнэ
2024-11-19
“Богд Зонховоос эхдээ илгээсэн захидал” хэмээх үүнийг Гандантэгчэнлин хийдийн гавж Э.Гүндсампил төвөд хэлнээс орчуулжээ. Анхаарууштай нь, Зонхов Лувсандагва бээр өөрөө бичсэн захидал чухам мөн гэж үздэг нь байхад, үүнд эргэлздэг хүмүүс бас ч буйг орчуулагч зориуд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хүү нь эхдээ үнэхээр бичсэн мөн хэмээн бат нот тогтоосон зүйл хараахан үгүйн зэрэгцээ, биш гэж үзэхэд ч бэрхтэй аж. Бурханы шашны шар малгайтны буюу гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов 1357 онд Төвөдийн Амдоод монгол эцэг Лүнбүнгэ, төвөд эх Ачойн гэрт мэндэлсэн билээ. "Бодь мөрийн зэрэг" тэргүүтэй 18 боть ном туурвиж, олон зуун сүм дуган, бурхан шүтээн бүтээн тахил, хурал ном, лам хуврагийн баримтлах өдий төдий дэг жаягийг тогтоосноороо Бурханы шашинд шинэчлэл хийсэн тэрбээр Хоёрдугаар Бурхан багш хэмээн алдаршсан юм.
Багш хийгээд итгэлт Зөөлөн эгшигт дор мөргөмүй.
Хайр нь далайгаас гүн, энэрэл нь уулнаас хүнд ачит эх Шинса-Ачой танаа.
Та болон ах эгч, дүү бүгд амгалан уу? Худалдаачин Норовсамбуугаар дамжуулж илгээсэн таны сүлжмэл үс, дүү охины урласан цэмбэн хөнжил, ахын Силингээс худалдаж авсан зааны соёон эрхи, настай эцэгийн минь олон жил хэрэглэсэн маанийн гар хүрд тэргүүтэн ирсэнд сэтгэл баяр баярсалаар дүүрч, эдгээр эд зүйлс биднийг хамтдаа уулзалдсан мэт сэтгэгдэл төрүүллээ. Ялангуяа эх таны эдгээр цагаан үснүүдийг хараад намайг нутагтаа байх үеийн эцэг, эх та хоёрын минь идэр залуу дүр төрх нүдэнд ахин ахин үзэгдэж байна. Их нигүүлсэлт Бурхан багш "Хуран үйлдсэн бүгд мөнх бус" хэмээх зарлигийн рашааны амтыг хичнээн амссан ч эцэс төгсгөлдөө угаас хагацах бодол төрөх юм. Хэдэн жилийн өмнө аавыг хойд ертөнцийн зочиноор одсон гэсэн бичиг ирсэн бөгөөд өнөөдөр мөн ээж таны дун мэт цагаан тэргүүний сүлжмэл үснүүдийг хараад би, Зонха нутагруугаа нэг удаа ч атугай явах хүсэл маш их байгаа болов ч өнөөгийн энэ цаг нь болбоос богд багш Рэндаваагаас дээдийн номын гүн рашааны шимийг хүртэн амсаж буй их чухал цаг үе бөгөөд энэ богд багш нас сүүдэр маш өндөр ч намайг таалалдаа нэн болгоож судар, тарнийн ном юу айлтгасныг нууж хаалгүй хайрлаж байгаа хариулж баршгүй их ачтан. Тийм учир хэдэн жилдээ ганцхан энэ багшийн ойр дэргэд суун сонсох, санах, бясалгахыг салгалгүй үйлдэхээр тооцон төлөвлөсөн тул ачит эх тэргүүтэй хол, ойрын садан бүгдтэй энэ удаа уулзаж учрахаар очиж чадахгүй ч бид бүхэн эдүүгээ ахар богино энэ насанд мах, цусан төрлийн гүн холбоогоор бүрэн уягдсан учир та бүгд намайг сэтгэлдээ тээн дээдийн ном хийгээд амжиргааны чухал хэрэгсэл ахин ахин илгээсээр байгаа бөгөөд би ч өдөр бүрийн анхааран авлын үедээ та бүхнийг сэтгэлдээ бодон зориулга ерөөлийн аль гүн шимтэйг талбин талбисаар байгаа. Ачит эх минь, хэрвээ эх, хүү бид хоёр энэ насандаа учран золгох хувь байхгүй бол хойд төрөлдөө Дүшидийн орны Идгаачойнзин (Сэтгэл баясгахуй ном баригч - Майдар бурхны орд өргөө) -д ялгуусны орлогч авралт Майдарын дэргэд энэ насны эх, хүү мэт ахин учрахын ерөөл айлтгая. Захианы хамт шүтээн болгон өөрийн цусаар бүтээсэн миний тавтай залрах дүр зураг, Энэтхэгээс ирсэн Бодь модны үрээр хийсэн гурван эрхи, Үй (нутаг) -гийн шар цэмбээр урласан хийгээд би өөрөө олон жил өмссөн нэг шар бандида малгай, энэтхэг сайн цаасан дээр миний бичсэн бодьсадва Дагдү-Ү -гийн цадиг, миний "Сайн номлол Алтан эрхи" туурвих үеийн бэхний сав болон гурван үзэг сэлтийг өргөсөн байгаа.
Таны хүү, зүүн Зонха (Сонгины ам) нутгаас номын төв орон газар ирсэн гэлэн Лувсандагва бээр машид сайн сар, өдөр өргөв.
Захидлын төвөд эх бичвэр.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (2)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.