images

Жазз дуучин Э.Энхжаргалын анхны аялан тоглолт Хятадад болно

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-15


   Германы Мюнхэн хотноо суралцдаг жазз дуучин Эрхэмийн Энхжаргал буюу Энжи анхны аялан тоглолтоо Хятадаас эхлүүлэх гэж байна. Түүний тоглолт энэ сарын 18-21-нд Бээжин, Шанхай, Жянсу мужийн Сүжөү хотод болох юм. Түүний тоглолтыг Хятадын "Stallion Era Cultural Communication" компани “Stallion World Music Festival” наадмынхаа хүрээнд зохион байгуулна. Ингэхдээ Энжи хоёр цомгийг нь хамтран бичсэн гитарчин Пол Брэндли, басс гитарчин, түүний жазз хөгжмийн багш Мартин Цэнкерийн хамт цомгийнхоо дуунуудыг дуулах аж. Тэрбээр уртын дууг жазз хөгжимтэй хольж дуулдаг тул энэ өвөрмөц байдлаараа жазз хөгжим сонирхогчдын дунд алдаршсан билээ. Тиймээс ч түүний гурав дахь цомог болох "Улаан" нь өнгөрсөн онд “New York Times”, “The Washington Post” сонины “2023 оны шилдэг 10 жазз цомог”, “The Guardian” сонины “2023 оны 10 шилдэг глобал цомог”-т багтсан юм. Тэрбээр энэ цомгийн нэр нь түүний хоч болохыг "China Daily" сонинд ярьжээ. Ингэхдээ “Би төрсөн цагаасаа л өөрийгөө Улаанаа гэдгээр мэднэ. Тиймээс цомгоороо цэвэр, үнэн, гаднаас нь хэлбэрт оруулаагүй анхны хүсэл, мөрөөдлөө хайрлаж, дахин нэг эргэж харахыг хүссэн” гэжээ. Мөн тус сонинд аав, ээж нь гэртээ найзуудтайгаа дуулах дуртай байсан болохоор багаасаа дуунд хайртай болсноо ярьсан байна. Түүнчлэн дунд сургуулийн дуу хөгжмийн багш нь хичээл дээр байнга ардын дуу дуулуулдаг байсан учраас ардын дуу дуулах дуртай болсноо ч хэлжээ. Энжи Хятадад тоглолтоор ирсэн тухайгаа "Өмнө нь Хятад руу аялах боломж олдож байгаагүй. Гэхдээ би хятад хоол, уянгалаг хэлэнд нь маш дуртай” гээд Мюнхэн дэх сургалтынхаа жазз хөгжимчин хятад найзуудынхаа талаар ярьж тэднийг "Маш өвөрмөц, дулаахан хүмүүс, надад нутгийнхаа тухай маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн" хэмээн ярьжээ. Сонирхуулахад, “Stallion World Music Festival” хөгжмийн наадамд Буриадын дуучин Намгар Лхасарановагийн “Намгар” хамтлаг оролцох аж. Тус хамтлаг энэ сарын 18-нд Хөххотод, 19-нд Бээжинд “Наян Наваа”, “Нүүдэлчин” цомгийнхоо дуунуудыг дуулна. Дуучин Н.Лхасаранова Монголд амьдардаг бөгөөд түүний хамтлаг ятга, шанз хөгжимтэй дуулдаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.