images

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод ес дэх удаагаа түрүүлэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-29


   Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны анхны башё өчигдөр дуусаж, Монголын сүмоч ёкозүна Г.Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэрбээр 15 дахь барилдаандаа оозэки Киришима Б.Лхагвасүрэнгээр давж 13 даваа, хоёр унаатай болсон юм. Харин Японы 27 настай сүмоч Котоновака гэмтлийн улмаас Хацү башёг орхисон Хоошёорюү С.Бямбасүрэнг дагаж гарч ирсэн Тобизарүгаар давж давааны тоогоор тэнцэв. Иймд тэд цомын төлөө барилдаж Тэрүнофүжи давснаар тэр Эзэн хааны цомыг ес дэх удаагаа өргөв. Мөн энэ хоёр бөх 13 дахь өдрийн барилдаанд учраа таарахад ёкозүна ялсан юм. Тэрбээр өнгөрөгч оны тавдугаар сарын башёд түрүүлснээс хойш долоо, ес, арваннэгдүгээр сарын барилдааныг гэмтлийн улмаас алгассан. Учир нь, хоёр дахин өвдөгний хагалгаанд орсон нь эдгэрсэн ч бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээсэн нь нөлөөлсөн юм. Тэрүнофүжи бол яг одоо идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна цолтой бөх бөгөөд гэмтлийн улмаас завсарлаад дэвжээнээ дахин гарах бүртээ түрүүлж байна. Монгол сүмочдын 101 дэх цомыг авч буй тэрбээр залуу бөхчүүд улам хүчтэй болж буйд таатай байгаагаа хэвлэлд илэрхийлжээ. Мөн тэрбээр түрүүлсэн башёныхоо тоогоор Харүмафүжи Д.Бямбадоржтой тэнцлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.