images

Э.Энх-Эрдэнийг багтаа авсан "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгч Хайди Клүм Монголд ирж байжээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-16


  "Монгол HD" телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч Э.Энх-Эрдэнэ “Авьяаслаг америкчууд” нэвтрүүлэгт оролцож байна. Тэрбээр нэгдүгээр шатандаа тэнцэж шилдэг 40 оролцогчийн нэгээр шалгарахад герман-америк модель, продюсер, шүүгч Хайди Клүм багтаа авчээ. Х.Клүм 1999 оны Үндэсний их баяр наадмын үеэр Монголд ирж дэлхийд алдартай загварын сэтгүүл “Marie Claire”-ийн есдүгээр сарын дугаарт зориулан алдартай гэрэл зурагчин Памела Хансэноор зураг авхуулжээ. Тэгвэл 2013 оноос “Авьяаслаг америкчууд” шоуны шүүгчээр ажиллаж байгаа түүний багт багтсан монгол залуу хоёрдугаар шат болох “Fantacy League”-д дуучин Гарт Брүксийн "Friends in Low Places" дууг дуулсан нь шүүгчид болон үзэгчдийн талархлыг хүлээгээд байна. Э.Энх-Эрдэнийн оролцсон дугаар Америкт NBC сувгаар даваа гарагт цацагдсан бол бичлэгийг нь “America’s Got Talent" нэвтрүүлгийн "YouTube" дэх албан ёсны сувагт зургаан цагийн өмнө байршуулсан нь 61 мянган үзэлттэй болсон байна. Э.Энх-Эрдэнэ англиар ярьдаггүй бөгөөд орчуулагчтайгаа хамт тайзан дээр гарсан хэдий ч дуугаа сайн дуулжээ. Энэ талаар NBC телевиз “Э.Энх-Эрдэнэ эхний ноотоо авахад л Х.Клүмээс бусад шүүгч, үзэгчдийн ам ангайсан. Учир нь, Х.Клүм түүнийг мөрөөдлийн багтаа сонгосон учраас энэ хүнд дууг сайн дуулахыг нь мэдэж байсан” гэжээ. Мөн түүнийг энэ дууг гүнзгий, зөөлөн хоолойгоороо маш тайвнаар хэлний бэрхшээлийг үл ажран дуулсныг нь онцлов. Түүнийг дуулж байхад Х.Клүм мөнгөлөг ковбой малгай өмсөн дэмжсэн бол үзэгчид удаанаар алга ташсан юм. Үүгээр зогсохгүй шүүгч Саймон Коуэлл багтаа авахыг хүсч байснаа хэлжээ. Э.Энх-Эрдэнэ 2019 онд АНУ-д очиж “The World’s Best” шоу нэвтрүүлэгт орж байсан туршлагатай. Мөн тэрбээр өнгөрсөн онд “Амьдрал баян” нэртэй анхны цомгоо гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.