images

Сүмо бөхийн шинэ оны эхний башёд монгол бөхчүүд давлаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-15


   Японы мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны башё өчигдөр буюу ням гарагт Токиогийн Рюгокү Кокүгикан ордонд эхэллээ. Энэ удаагийн башёгийн зүүн жигүүрийг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Киришима Б.Лхагвасүрэн, баруун жигүүрийг Хоошёорюү С.Бямбасүрэн нар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн дээд цолтой гурван бөх нь монголчууд байна. Тэгвэл өнгөрөгч оны тавдугаар сарын башёд 14 давж түрүүлснийхээ дараа гэмтлийн улмаас завсарлаж байгаад дахин барилдаж эхэлсэн Тэрүнофүжи эхний даваагаа саняакү зиндааны бөх Үраг давж авлаа. Г.Ган-Эрдэнийн хувьд энэ башёгийн 15 барилдааныг алгасахгүй барилдаж дуусгахаар зорьж байгаа билээ. Харин Киришима энэ башёд түрүүлж, сүмо бөхийн дээд цолоо эхний оролдлогоороо авахыг хүсэж байгаа юм. Тэрбээр эхний барилдаандаа Вакамотохарүг давав. Тэгвэл Тэрүнофүжигийн дараагийн өрсөлдөгч Вакамотохарү байгаа бол Киришимагийнх Такаяасү юм. Харин баруун жигүүрийн тэргүүн бөх Хоошёорюү Атамифүжиг давсан бөгөөд түүнийг дараагийн даваанд Мидорифүжи хүлээж байна. Японы сүмогийн холбоо энэ жил оозэки Киришима, Хоошёорюү, Такакэйшо нарын дундаас ёкозүна төрнө хэмээн найдаж байгаа юм. Одоогийн байдлаар япон бөх Такакэйшо мөн л эхний өрсөлдөгчөө даваад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.