images

Ц.Шаравжамц: "Хүүгээ бүтэн улирлын турш дэмжихээр ажлаа өгөөд ирсэн"

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-11


     Шаравжамцын Энхийн-Од энэ сарын 7-нд “Dayton flyers” багийн тамирчин болсноосоо хойшх анхны тоглолтоо хийсэн билээ. Тус өдөр АНУ-ын оюутны аварга шалгаруулах тэмцээн буюу NCAA-ий үндсэн улирлын нэгдүгээр дивизионы тоглолт эхэлсэн юм. Дэйтон их сургуулийн баг эхний тоглолтоо Линдэнвүүд их сургуулийн багтай хийж 73:46 онооны харьцаагаар хожсон бөгөөд Ш.Энхийн-Од тус тоглолтын гарааны таван тамирчны нэг болсон байна. Мөн самбараас гурван удаа бөмбөг авч, ашигтай таван дамжуулалт хийж, багтаа 14 оноо авчрав. Харин өнөөдөр “Dayton flyers” баг улирлын хоёр дахь тоглолтоо Даллас хотын Өмнөд Методист сургуулийн “SMU Mustangs" багтай хийх гэж байна.

     Ш.Энхийн-Одын эхний тоглолтын дараа “Dayton daily news” сонины сурвалжлагч спортын буландаа түүний аав Ц.Шаравжамц болон Сан Франциско хотод суугаа консул Пунцагийн Баярсайхан нартай ярилцаж “Монгол Майкийн сайхан мөч” нийтлэл гаргасан байна. Тус нийтлэлийн онцлох хэсгээс хүргэе.

     Консул П.Баярсайхан “Бид өнгөрсөн шөнө Майкийн тоглолтыг үзэн түүнийг дэмжиж, Монголын хөгжөөн дэмжигчдэдээ шинэ мэдээлэл хүргэхээр маш завгүй хонолоо. Учир нь Монголын телевизээр тоглолтын шууд дамжуулалт гарах боломжгүй байсан тул тэд биднээс л шинэ мэдээ хүлээж байсан. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн, цоо шинэ эхлэл хэмээн би бахархалтайгаар хэлнэ. Тэр Монголын залууст тэд ч мөн NCAA-д тоглох бүрэн боломжтойг харуулж байна” гэжээ.

     Харин Энхийн-Одын аав Ц.Шаравжамц хүүгийнхээ бөмбөг дамжуулах чадварын талаар “Миний хүү 7, 8 настайгаасаа системтэйгээр сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Тэр үеэсээ л холбогч хийж байлаа. Үргэлж өөрөөсөө 3-4 насаар ах, том биетэй хүүхдүүдтэй тоглодог байсан нь түүнд амар байгаагүй. Тиймээс багийн гишүүддээ бөмбөгөө сайн дамжуулах аргыг хайж олсон” хэмээн ярьсан байна. Мөн Ц.Шаравжамц хүүгээ заримдаа заль хэрэглэж, хамгаалагчийг үл тоон бөмбөгөө дамжуулдаг нь гентэй нь холбоотой байх гэж хэлээд инээжээ.

     Ц.Шаравжамц хүүгээ дэмжихээр эхнэрийн хамт Сэнтрвиллд нэг сарын өмнө нүүж очжээ. Тэрбээр тоглолтын өмнөх өглөө хүүгээ сургуульд нь хүргэж өгөхдөө “Тайван бас өөртөө итгэлтэй байгаарай.  Юу хиймээр байна, түүнийгээ л хий” хэмээн зөвлөснөө сурвалжлагчид ярьсан байна. Мөн "Энэ улирлын турш энд байх миний хувьд амар шийдвэр байгаагүй, ажлаа хүлээлгэж өгөөд ирсэн ч үүнийг хийсэн гэдгээрээ бахархаж байна" гэжээ.

     Ц.Шаравжамцын гэр бүл хүүгийнхээ тоглолтыг тамирчдын эцэг эхэд зориулсан тусгай суудлаас үзсэн байна. Тэгэхэд хүү нь аав, ээжийгээ олж харсан даруйдаа нүд ирмэн “Би тэднийг энд байгааг мэдэж байна. Тэд миний ард байгаа болохоор би илүү ихийг хийж чадна” хэмээн хэлжээ. Энэ талаар Ц.Шаравжамц “Гэр бүлийнхэн нь түүний талд зогсож байгаа нь итгэл найдвар мэдрүүлж байгааг сонсох сайхан байсан” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.