images

АНУ: Нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр монгол бүсгүй шалгарав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-10-05


   Сан Францискогийн их сургуулийн Менежмэнтийн сургуулийн захирал Эрхэмжамцын Отгонцэцэг “San Francisco Business Times” сониноос шалгаруулсан “2023 оны нөлөө бүхий 100 эмэгтэй” жагсаалтад багтжээ. Жил бүр гаргадаг уг жагсаалтад Хойд Калифорнийн Сан Францискогийн буланг тойрсон газар нутгийг багтаасан Бэй Эриагийн (Bay Area) эмэгтэйчүүдийг шалгаруулдаг бөгөөд монгол хүн анх удаа багтаж байгаа нь энэ юм. 1990-ээд онд АНУ-д очиж суурьшсан анхны монголчуудын нэг Э.Отгонцэцэг тус улсад санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн юм. Тэрбээр Массачүсэтс мужийн “Bentley” их сургуулийн профессороос дэд захирал хүртэл ажиллаж байгаад Сан Францискогийн их сургуулийн Менежмэнтийн сургуулийн захирлаар 2022 оны долоодугаар сард томилогдсон байна.

   Э.Отгонцэцэг нь 1973 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн арван жилийн I дунд сургуулийг дүүргээд ТИС-ийн холбооны инженерийн ангид элсэн суралцжээ. Сургуулиа дүүргээд, “Датаком” компанид инженер, улмаар Канадын алтны хайгуулын “Quincunx” компанид оффис менежерээр ажиллаж байв. Улмаар АНУ-ын Айдахогийн их сургуульд 1998 онд элсэн магистр хамгаалснаар тус улсад магистр хамгаалсан анхны 20 монгол оюутны нэг болж байжээ. Үүнийхээ дараа тэрбээр мөн Америкийн Жоржиагийн их сургуульд 2005 онд докторын зэрэг хамгаалсан юм. Түүний нөхөр Б.Түмэннасан мөн ТИС төгсөөд, АНУ-д суралцан магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд тэндхийн их сургуулиудад ажиллаж иржээ. 

   Найман сая хүн амтай Бэй Эриа бүс нь АНУ-ын засаг захиргааны нэгэн онцгой бүтэц бөгөөд томоохон есөн  тойрог, 100 мянгаас дээш хүн амтай 15 хот багтдагийн хамгийн том нь Сан Хосэ, Сан Франциско, Өүклэнд, Фримонт юм.    

Гэрэл зургийн эх сурвалж: “San Francisco Business Times” сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.