images

Ажаа гэгээн төрсөн өдрийнхөө бэлгийг монголчууддаа зориулна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-09-19


   АНУ-д суудаг Бурханы шашны зүтгэлтэн, монгол үндэстэн Ажаа гэгээн нөгөөдөр тохиож буй 73 насны төрсөн өдрийн баяраар өөрт ирсэн бэлгийг урьдын адил Монголын хүүхэд залууст дээд боловсрол олгох “Зөв” тэтгэлэг, ахмад настнуудад зориулсан сургалт хөгжлийн “Агнист” төвийн үйл ажиллагаанд зориулан илгээхээ мэдэгдлээ. Ажаа гэгээний төрсөн өдрөөр түүнийг шүтэн биширдэг сүсэгтнүүд, монгол тэргүүтэй олон үндэстний хүмүүс бэлэг, хандив өргөдөг бөгөөд тэдгээрийг тэрбээр эргүүлээд буяны үйлсэд зориулдаг уламжлал хэдийнээс тогтсон юм. “Зөв” тэтгэлэг нь Монголын оюутнуудад дөрвөн жилийн туршид тэтгэлэг олгох зорилготой бөгөөд “Тэдгээр хүүхдүүд улс орныхоо түшиг тулгуур болж, үндэсний соёл өв уламжлалаа чандлан дээдэлсэн иргэд болно гэдэгт би туйлын итгэлтэй байдаг” хэмээн тэрбээр “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгдсэн байна. 2022 оны байдлаар түүний тэтгэлгийг Монголын 64 оюутан хүртсэн байна. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивчдын гудамжинд түүний өнгөрсөн жил байгуулсан өндөр настанд зориулсан тусгай төхөөрөмж бүхий ахмадын хөгжлийн “Агнист” төвийн зургаан давхар барилгын ажил дуусч одоо дотоод тохижилтын ажил нь үргэлжилж байгаа юм.

   Ажаа гэгээн нь Хятадын Хөхнуур мужийн Долоон нуур гэдэг газар 1950 оны бар жилийн есдүгээр сарын 21-ний бар өдрийн бар цагт төрсөн дээд монгол хүн юм. Тэрбээр хоёр настайдаа Богд Зонховын эцгийн хойд дүрээр тодорч Гүмбэн хийдэд суусан бөгөөд шашин номын мөр хөөж явсаар 1997 онд АНУ-д дүрвэн гарсан билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.