images

Дилав хутагт Данзанламэд: Ээ, Будда минь!

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-03


     Ар Монголын Дилав хутагт Жамсранжавын хувилгаан дүр, Халимагийн буддын шашны тэргүүн Данзанламэд өнгөрөгч 10 дугаар сарын 27-ны өдөр 50 нас хүрсэн билээ. Мөн өдөр Гандантэгчинлин хийдээс түүнд зориулан бат оршил өргөх ёслол зохион байгуулж, олон зуун хүн оролцсон юм. Тэгвэл Данзанламэд ламтан өнөөдөр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан 50 насны ойг нь өргөн дэлгэр тэмдэглэсэнд талархал илэрхийлжээ. Тэрбээр 6 настай байхаасаа Энэтхэгийн Гоман дацанд сууж 13 жилийн турш ном үзсэн бөгөөд төрсөн өдрийн баярыг мэдэхгүй шахуу өссөнөө дурдсан байна. Дөчөөд насанд хүрсэн хойноо ч төрсөн өдрийн баяр тэмдэглэхээс зайлсхийдэг байжээ. Ингээд 50 нас хүрсэн жилээ энэ баярыг анх удаа тэмдэглэсэн газар нь Монгол болсон байна. Данзанламэд бичихдээ “Ээ, Будда минь! Бүгд Найрамдах Халимаг улсын Буддын шашны төв хийд, Дилав хутагт сан болон миний  найз нөхөд, танилууд хамтран намайг урт удаан насалж, эсэн энх байхыг ерөөн  бат оршил өргөж, цагаан хоол бүхий баярын хүлээн авалт хийж (Монголд бараг анхны цагаан хоолтой, том арга хэмжээ болсон байх), орой нь хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав.  Энэ ер бусын, дурсамжтай сайхан арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүнд талархъя. Мөн надад мэндчилгээ илгээсэн хүмүүст баярласнаа илэрхийлье.  Өнгөрөн одсон хагас зуун жилийг эргэн харахад, даган баясмаар, тэмдэглэмээр олон сайхан дурсамж үлджээ. Хатуу сургамж болсон үйл явдлууд ч бас болж өнгөрсөн байна. Бид бүгд л бие махбод, сэтгэл оюунаараа өсөж, өндийж, улам л цэцэн мэргэн ухаантай болсоор буй билээ. Тавин жилийн дараа дахин цуглаж, баяраа тэмдэглэцгээе” гэжээ. Дилав хутагт Монголын сүм хийдтэй байнгын нягт холбоотой, Монголд байнга ирдэг, өөрөө XIV Далай ламын Монгол улс, ОХУ, ТУХН дахь бие төлөөлөгч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.