images

Хойд Америкийн үсэглэлийн тэмцээнд 14 настай монгол хүү гуравдугаар байр эзлэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-08-23


   Хойд Америкийн үсэглэлийн аварга шалгаруулах “Spelling bee” тэмцээнд 14 настай монгол хүү Д.Эрдэм гуравдугаар байр эзэллээ. Тэрбээр Бүх Хятадын болон ОХУ-ын үсэглэлийн аваргатай зэрэгцэн шилдэг үсэглэгч 100 гаруй хүүхэдтэй өрсөлджээ. Улмаар тэмцээний тэргүүн байранд АНУ-ын “Scripps Spelling Bee” үндэсний аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналтай Шрада Рачамрэди охин шалгарч, Тарини Нандакумар дэд байр эзэлсэн байна. Эцсийн шатанд шалгарсан хоёр наймдугаар үед өрсөлдсөн бол Д.Эрдэм долоодугаар үе дуустал өрсөлджээ. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг, зургаан хэлээр уншиж, бичиж чаддаг Д.Эрдэм тус тэмцээнд анх удаа Монголоос оролцож шилдгээр шалгарсан нь энэ юм. Тэрбээр өмнө нь Виржиниа мужийн үсэглэлийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж байсан бөгөөд нийт таван медальтай аж. Мөн түүнийг 2024 оны дөрөвдүгээр сард болох Бүх Хятадын аварга шалгаруулах “Spelling Bee” тэмцээнд оролцохыг урьжээ. Тус тэмцээнд ирэх жилээс эхлэн гурван монгол хүүхэд өрсөлдүүлж байх гэрээг “Даян” академи хийсэн байна.

   Д.Эрдэм хүү зөвхөн үсэглэлийн тэмцээнд амжилттай оролцоод зогсоогүй олон улсын математикийн олимпиадад АНУ-ын шигшээ багийн гишүүн болж оролцсон анхны монгол хүүхэд юм. Тэрбээр олон улсын математикийн олимпиадын гурван алт, хоёр мөнгөн медальтай. Хүүг шатар, даам, хөзөр, даалуу зэрэг тоглоом сурах, шинэ хэл сурах, үсэглэлийн тэмцээндээ бэлдэх зэрэгт ээж Ж.Болормаа нь тусалдаг бөгөөд тэд өнгөрсөн жил АНУ-ын NBC, CNN телевизэд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьсан билээ. Мөн Д.Эрдэм нь төгөлдөр хуур зэрэг даралтат, морин хуур зэрэг чавхдаст хөгжмөөр хичээллэж олон улсын тэмцээнүүдээс арав орчим медаль хүртжээ. Тухайлбал, 2022 онд Австрали улсад болсон В.Моцартын нэрэмжит төгөлдөр хуурын тэмцээнд түрүүлсэн байна. Тус тэмцээнээс 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртсэн тэрбээр олон улсын төгөлдөр хуурын тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. Иймээс хүүд өнгөрсөн жил Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас "Шилдэг хүүхэд" алтан медаль илгээснийг АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр гардуулж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.