images

National Geographic: Монгол палеонтологич М.Болорцэцэг аавынхаа тухай ярьжээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-07-03


    Дэлхийн олон орны хайгуулч, судлаачдын “National Geographic Explorers Festival-2023” өнгөрөгч сарын 17-нд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ Вашингтон хот дахь Үндэсний газарзүйн нийгэмлэгийн төв байранд болдог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шинийг санаачлагч эрдэмтэд, байгаль хамгаалагчид, судлаачид, сурган хүмүүжүүлэгчид, түүхчид ирдэг байна. Тухайлбал, ирсэн зочдын дунд "Титаник" хөлөг онгоцны сүйрлийг судалж тодорхойлсон хүн болох Боб Баллард, алдартай далайн биологич Сильвия Эрл нар байжээ. Түүнчлэн эх дэлхийгээ хамгаалж, тогтвортой ирээдүйг бий болгох чиглэлээр анхдагч судалгаа хийж буй Үндэсний газарзүйн нийгэмлэгийн судлаачид биечлэн болон виртуал хэлбэрээр оролцсон байна. Үүний дотор Монголын үлэг гүрвэлийн музейн үндэслэгч, палеонтологич М.Болорцэцэг биеэр очиж оролцжээ. Тэрбээр аавынхаа ажил мэргэжил болон амьдралын замналын тухай олон орны судлаачдад танилцуулж, сүүлийн 10 жил Монголд хийж байгаа төслийнхөө үр дүнг хуваалцсан байна. М.Болорцэцэгийн аав, Монголын хамгийн анхны палеонтологич Ч.Минжин нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул билээ. Тэрбээр ЗХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг 1967 онд төгссөнөөс хойш Монголын шилдэг их, дээд сургуулиудад тасралтгүй багшилж, эх орондоо геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд амьдралынхаа 47 жилийг зориулсан эрдэмтэн юм. Харин аавынхаа мэргэжлийг өвлөн авсан охин М.Болорцэцэг нь оюутан байхдаа анх малтлага, судалгааны багийн тогоочоор явж байжээ. Улмаар өөрийн хичээл зүтгэлээр судлаач болон дэвшиж, АНУ-ын Байгалийн түүхийн музей, Нью-Йорк хотын их сургуультай хамтарсан хөтөлбөрөөр докторын зэрэгт суралцсан юм. Өдгөө тэрбээр Америкийн Байгалийн түүхийн үндэсний музейд суурин судлаач, Америк дахь Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлаар ажиллахын сацуу Монголын үлэг гүрвэлийн олдворууд, өөрийн мэргэжлийн онцлогийг олон улсад таниулж явна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.