images

Монгол эрдэмтэн Польшийн нэр хүндтэй шагналыг хүртлээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-26


     Польшийн шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй шагналын нэг Бенедикт Полакийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гарагт Варшавын их сургууль дээр болжээ. 9 дэх удаагийн энэ шагналыг Монгол улсын Боловсролын  их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш, зураач, археологич, доктор Г.Одпүрэвт олгосон байна. Польшийн биологич, профессор М.Коланковска, Литвийн  Вильнюсийн их сургуулийн ректор, профессор, түүхч Р.Петраускас нар мөн энэ шагналыг хүртжээ. Монгол улсаас Польш улсад суугаа Элчин сайд Д.Бархас энэ ёслолд оролцсон бөгөөд түүний бичсэнээр Г.Одпүрэв нь Монголын говьд Монгол-Польшийн хамтарсан археологийн судалгааны төслийг удирдан хэрэгжүүлсэнээс гадна археологи судалгаа, эрдэм шинжилгээний олон ажил, ном бүтээл бичиж,  Польшид  бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ таван удаа гаргаж, 1245-1247 онд Монголын их гүрний нийслэл Хархорум руу хийсэн Бенедикт Полакийн аяллыг дүрсэлсэн зурагт номыг монгол, англи хэлээр хэвлүүлжээ.

     Уг ёслол БНПУ-ын ерөнхийлөгч Анжей Дудагийн ивээл дор болсон бөгөөд түүний зүгээс зохион байгуулагчдад хандан ирүүлсэн илгээлтэд доктор Г.Одпүрэвт баяр хүргээд “Европ, Ази ба Польш, Монголын хооронд танин мэдэхүйн замыг тавьсан их аялагч, судлаач Бенедикт Полакийн нэрэмжит энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын нэрт археологич, соёлын зүтгэлтэнд олгож буй нь чухал ач холбогдолтой. Польш-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаанд зүтгэлтэй оролцож, ялангуяа Монголын говьд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан ноён Доктор Танд талархал илэрхийлье. Хоёр сарын өмнө Монголд хийсэн айлчлалынхаа үеэр манай хоёр орны түншлэл хамтын ажиллагаа ямар сайхан үр дүнд хүрч байгаатай биечлэн танилцах завшаан олдсон юм” хэмээн цохон тэмдэглэснийг Элчин сайд Д.Бархас мөн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

    Уг шагналыг 2015 оноос эхлэн жил бүр олгож ирсэн бөгөөд газар, тэнгис далай, агаар, сансрын уудамд хайгуул, судалгааны гарамгай амжилт гаргасан Польшийн болон гадаадын иргэдийг шагнадаг байна. Бенедикт Полак нь Ромын папын элч Плано Карпиниг дагалдан Их Монгол улсад 1246 онд ирсэн Польшийн санваартан, аялагч, орчуулагч хүн юм.  

Гэрэл зургийг Элчин сайд Д.Бархасын Фэйсбүүк хуудаснаас

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.