images

Шинэ цагийн Дилав хутагтын Америк хүртэл аялан явсан замын зураг

Б.Бат-Амгалан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-06-06


     Энэ оны эхнээс Монгол улсад төвлөн суух болсон, Ар Монголын Дилав хутагт Жамсранжавын хувилгаан дүр, Халимагийн Буддын шашны тэргүүн асан Дилав хутагт Данзанламэд АНУ-ын Калифорни мужаар явсан аяллаа өчигдөр өндөрлөж, Флорида мужийн өмнөд дэх Майами хот руу морджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Хууль зүйн яам түүнийг гадаад улсын төлөөний этгээд хэмээн зарласан бөгөөд үүний шалтгаан нь Данзанламэд бээр Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн байр сууриа удаа дараа илэрхийлсэн, Украиныг ил тодоор дэмжсэн, мөн АНУ-ын иргэн байгаа явдал хэмээн тус яам мэдэгдсэн юм. Тус яамны мэдэгдэл гарсан даруйд тэрбээр Халимагийн шажин лам буюу шашны тэргүүний үүргээсээ татгалзаж Монгол улсад ирсэн билээ. Үүний өмнөхөн буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд Гандантэгчэнлин хийд болон сүсэгтэн олон Дилав хутагтын 50 насны ойг тэмдэглэн түүнд зориулсан бат оршил өргөх ёслол зохион байгуулсан юм. 

     Данзанламэд лам Монголын Цагаан сарын дараахан Улаанбаатараас мордож, гуравдугаар сарын 3-наас 11-ний хооронд Энэтхэгийн Дарамсалад XIII Далай ламын номонд суужээ. Улмаар хөрш зэргэлдээ Пакистан улсад очиж, Пешавар хот зэрэг Буддын шашны эртний дурсгал олон буй газруудаар явсан байна. Дөрөвдүгээр сарын эхээр эргээд Дарамсалад ирж гурав дахь удаагийн “Mind Reflection Forum”-д оролцов. Монголын “Дилав хутагт” сан, “Наро Банчэн хутагт сан хамтран зохион байгуулж, Дарамсала дахь Цанид дацан болон Жүд дод дацангийн монгол лам хуврагууд гар бие оролцсон энэ форумын хүрээнд, сэтгэл ухамсар гэж юу болох тухай, сэтгэл яавал амирладаг тухай, сэтгэлийн үргэлжлэл буюу хойд урд төрөл байдаг эсэх тухай, үйлийн үрийн харилцан хамаарал буюу зовлон жаргал бүхэн өөр өөрийн шалтгаан нөхцлийн эрхээр үүсдэг тухай Буддын сэтгэл судлалын олон ойлголт ухагдахууны талаар лекц, сургалт, хэлэлцүүлэг болов. Форум дууссанаас дөрөв хоногийн дараа Зопа ринбүүчий жанч халав. Дилав хутагт ринбүүчийтэй нэг бус удаа уулзан золгож байсан төдийгүй ОХУ-д хэд хэдэн удаа урин залж байсан ажээ. Улмаар Зопа ринбүүчийн хойтын буянд ном, ерөөл айлтгав. Мөн сарын 20-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод “Дэлхийн Буддын шашны дээд хэмжээний чуулган-2023” хэмээх томоохон арга хэмжээ болсонд Данзанламэд оролцжээ. Үүний дараа Энэтхэгийн умард нутгийн Уттараханд мужийн Мүссүрийд очив. XIII Далай лам 1959 онд Төвдөөс гарч Энэтхэгт хүрэхдээ чухам энд нэг жил шахам суусан бөгөөд 1960 оны дөрөвдүгээр сард Дарамсалад очиж төвхнөсөн юм. Төвдүүд олноор суудаг энэ газар нэлээд хэдэн төвд сургууль бий бөгөөд Данзанламэд лам тэдгээрийн заримаар айлчилжээ. Удаад нь тэрбээр Дарамсалад эргэн ирж, 15 орны эрдэмтэн, буддын шашны судлаачид оролцсон “Амьтны ухамсар” сэдэвт анхдугаар бага хурлыг зохион байгуулав. ХIV Далай лам энэ хуралд оролцож, зарим судлаач түүнээс Буддын шашинд ухамсрыг хэрхэн үздэг талаар асуулт асуужээ.     

     Тавдугаар сарын 1-5-нд болсон энэ хурлын дараа ламтан АНУ-ыг зорьжээ. Очоод Нью-Йорк, Вашингтон, улмаар мөн сарын 20-нд Пэнсильваниа мужийн Филадельфиа хотод хүрчээ. Филадельфиа бол түүний төрсөн хот юм. Энд тэрбээр буддын сүсэгтнүүд, тэр дундаа Оросын буддист шашинт орон нутгаас ирсэн хүмүүстэй уулзжээ. 25-ны өдөр тэрбээр АНУ-ын зүүн эрэг Филадельфиагаас баруун эрэг Өмнөд Калифорнид шууд хүрэв. Улмаар эндхийн Сан-Диего, Ирвин, Санта-Моника, Валенсиа, Купертино, улмаар Умард Калифорниагийн төв Сан-Франциско хотоор явжээ. Ингээд өчигдрийн байдлаар Данзанламэд АНУ-ын зүрхэн тушаа Миссүри мужийн Канзас хотод очоод байна. Эндээсээ тус улсын зүүн урд эрэг дэх Флорида мужийн Майами хот хүрнэ. Тэндээсээ шууд Монгол руу мордоно. Монголоос гарсан, Монгол руу буцаж явна.    

Редакцаас: duuren.life сайт цаашид ч энэ мэт эерэг, сонирхолтой мэдээ, мэдээллийг уншигчдадаа тасралтгүй түгээхийг зорьж байна. Та тэдгээрээс хоцрохгүй байя гэвэл манай Фэйсбүүк пэйжид Follow дарж “Сайхан мэдээний сан”-гийн нэг гишүүн болно уу хэмээн урья аа. Баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.