images

Монгол найруулагчийн киног борлуулах эрхийг Бельгийн компани авав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-23


     Монголын кино найруулагч П.Лхагвадуламын шинэ бүтээлийг олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авсан талаар дэлхийн энтертэйнмэнт салбарын хамгийн нэр хүндтэй сэтгүүл “Variety” өчигдөр мэдээллээ. Англиар “City of Wind” хэмээх нэртэй бүрэн хэмжээний энэ кино одоогоор зураг авалтын дараах буюу пост продакшн шатандаа яваа бөгөөд ирэх намар дэлгэцэнд гарах төлөвлөгөөтэй ажээ. 17 настай бөө хөвгүүн хүмүүсийн дунд хөлөө олохоор тэмцэж байхад үе тэнгийн охин амьдралд нь орж ирснээр үйл явдал өрнөдөг энэ киноны гол дүрийг Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар бүтээсэн бол Ч.Булган, Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш нар туслах дүрд тоглосон байна. Мөн оролцсон хэд хэдэн кино нь Каннын болон бусад олон улсын наадмын шагналыг хүртсэн Португалын зураглаач Васко Виана, Францын эвлүүлэгч Матьё Тапоньэ нар энэ кинонд ажиллажээ. Харин продюсер нь АНУ-ын “Aurora Films” компанийн Катя Казак, Шарлотт Винсэнт нар, туслах продюсер нь Монголын “Гуру медиа” компанийн Ц.Ариунаа нар бол Португал, Нидерланд, Герман, Францын компаниуд мөн энэ үүргийг хамтран гүйцэтгэсэн хэмээн “Variety” бичсэн байна.

     П.Лхагвадуламын “Шилүүс”, “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино өмнө нь Венецийн, Торонтогийн зэрэг олон нэр хүндтэй наадмаас шагнал хүртэж байв. Тэрбээр одоо Португал улсад киноны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм.

Гэрэл зураг: variety.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.