images

Ч.Үнэнбат: Монгол малчид малаа хайрладаг учраас ноолуураа гар аргаар самнадаг

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-18


"Говь" компанийн АНУ дахь гүйцэтгэх захирал Чулуунбатын Үнэнбатын "Fibre2fashion" сайтад энэ сарын 5-ны өдөр өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр  ноолуурын үйлдвэрлэл, ашиг тус, монгол ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д хэрхэн нийлүүлдэг талаараа ярьжээ.  

- Ноолуур гэж юу вэ. Загварын салбарт буй бусад төрлийн хувцасны материалаас юугаараа ялгаатай вэ?

- Гол ялгаа нь ноолуурыг ямааны үснээс самнаж авдаг. Харин ноосыг хонины үснээс авна. Өөр нэг ялгаа нь ноолуурыг утас болгохын өмнө хольцгүй болгохын тулд самнадаг бол ноосыг нэхмэл болон сүлжмэлийн утсаар ээрдэг. Үүний үр дүнд утас нь илүү зөөлөн, нарийн болдог. Ерөнхийдөө бусад материалаас ялгарах зүйл бол утаснуудын зөөлөн, нарийн ширхэгтэй байдал юм.

- Хувцас загварт ноолуурыг ашиглах нь ямар давуу талтай вэ?

- Ноолуур олон талын ач холбогдолтой. Нэг том давуу тал нь зөв арчлах юм бол насан туршийнх. Энэ утгаараа мөнхийн даавуу бөгөөд байнгын хөрөнгө оруулалт болно. Тэгээд ч сонгодог загварууд үргэлж эрэлттэй байдаг. Зөв арчилгаа, зөөлөн угаах журам нь ноолууран хувцасны ашиглалтын хугацааг уртасгаж, чанарыг нь хадгалахад тусална. Гэхдээ удаан эдэлгээтэй байхын тулд бүх ноолууран бүтээгдэхүүнд хуурай цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна.

- Ноолуурын үйлдвэрлэлийг тойрсон ёс зүйн талаар та юу гэж бодож байна?

- "Говь" компанийн үйл ажиллагаа нүүдэлчин малчдад түшиглэдэг, ёс зүйн зарчим маань тэдэнтэй нягт холбоотой. Тухайлбал, монгол малчид ноолуураа гар аргаар самнаж авдаг. Ингэснээр үсийг нь цахилгаан болон бусад автомат хайч хэрэглэхгүйгээр аюулгүй, зөөлөн авахаас гадна ямааны үсний хамгаалах давхаргыг үлдээдэг юм. Энэ нь малыг гаднын нөлөөллөөс хамгаалж, хайрлаж буй нэг хэлбэр.

- Ноолуурын хэрэглээ хувцас загварт хэрхэн нөлөөлж байна. Энэ тансаг материалтай холбоотой ямар чиг хандлага байна вэ?

- Ноолуур эртнээс чинээлэг хүмүүсийн сонгодог даавуу байсаар ирсэн. Хэдийгээр баян хүмүүсийн сонирхлыг татах чадвартай ч ноолуурын гарал үүсэл нь маш даруухан. Тиймээс ч олон жилийн явцад нийтэд илүү хүртээмжтэй болж, дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчдийн сонголт болсон.

- Энэ салбарт тулгамдаж буй асуудал юу вэ. Загварын ертөнцөд тогтвортой, урт наслахын тулд яах ёстой вэ?

- Олон нийтийн дунд ноос ноолуурыг малыг харгис хэрцгий байдлаар зовоож авдаг гэх ойлголт байдаг. Хэрэг дээрээ бол монгол малчид малаа яаж хайрлах, хэрхэн хамгаалахыг хэнээс ч илүү мэднэ. Ямаагаа самнаж, ноолуур гаргаж авах арга зөвхөн Монголд л бий.

- "Говь" компанийн түүх юу вэ?

- 1981 онд Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд "Говь" компанийг байгуулснаар Монголын анхны тэргүүлэгч ноолуурын үйлдвэр бий болсон. "Говь" компани олон улсын ISO 9000 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, чанарын шагнал, гэрчилгээнүүдийг  авсан Монгол дахь анхны үйлдвэр болсноор бидний түүх эхэлдэг. Үүний үр дүнд бид бүтээгдэхүүнээ сайжруулах, шинэ оёдлын үйлдвэр байгуулах, Итали, Герман, Польш, Япон зэрэг орны технологиор хүчин чадлаа нэмэгдүүлж, ажилчдынхаа өсөлт, хөгжлийг дэмжин ажиллаж эхлээд байна.

- Зах зээл дээрх бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад танайх юугаараа онцлог вэ?

- Хариуцлага шингэсэн тийм чанарт анхаарлаа хандуулдаг тул хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүн аваачихдаа илүү зардал нэмдэггүй. Харин ч үйлдвэрлэлдээ хариуцлагатай хандаж байгаа маань бидэнд үнэ цэн олгож байдаг юм. Манайх үйл ажиллагаагаа тогтмол явуулснаар ноолуурын гарцыг нэмэгдүүлэх замаар Монголын нүүдэлчид болон тэдний мал сүргийг хамгаалах үйл ажиллагаагааг үргэлжлүүлж байгаа гэж боддог.

- Танай компани ноос ноолуураа хаанаас авдаг вэ?

- Манай бүх бүтээгдэхүүн дэлхийн хамгийн өндөр чанартай ноолууран утас болох монгол ноолуураар хийгдсэн. Ноолуурын чанарын урт, нимгэнийг микроноор тодорхойлдог. Манай салбарт түгээмэл байдаг дундаж 19 микронтой харьцуулахад монгол ноолуур нь 13-14 микрон хооронд хэлбэлздэг нь хамгийн урт, нарийн нь гэсэн үг. Түүнчлэн манай орны уур амьсгал, ямаан сүргийн амьдрах орчин нь ноолуурыг хамгийн өндөр чанартай үйлдвэрлэхэд нөлөөлдөг юм. 

- "Говь" компани үнээ тогтоохдоо хэрхэн ханддаг, бүтээгдэхүүний өртөгт ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

- Бид зуучлагч болон бусад гуравдагч этгээдийн оролцоогүйгээр ноолуураа хямд үнээр үйлдвэрлэж борлуулдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.