images

Б.Чанцалдулам: Олж авсан номуудаа хэрэгцээгээр нь ангилаад байхад хүн муу номтой учирдаггүй

Н.Ариунсайхан

Миний дуртай ном

2023-05-10


“Ижийдээ ирлээ”, “Хайрын совин” зэрэг олон сайхан дууг дуулж нийтэд танигдсан дуучин, МУСТА Б.Чанцалдулам манай буланд уригдаж дуртай номынхоо талаар ярилаа. Түүний ярьсан “Өөдөө тэмүүл” ном 2013 онд АНУ-д бэстсэллер номын жагсаалыг тэргүүлж байсан бөгөөд өдгөө нэгэнт 30 гаруй хэлээр хэвлэгджээ.    

     Би Эрдэнэтийн хүүхэд. Манай номын сан өрөөний нэг талын ханыг дүүргэдэг байв. Ээж минь багаас эгч бид хоёрыг унших дадалд сургахыг боддог байлаа. Тавдугаар ангид ороход хүүхдүүд номыг төвөгшөөлгүй, илүү ойлгож уншдаг болчихдог доо. Би тэр үеэс уран зохиолд дуртай болж байв. Яагаад ч юм бага насны минь мөрөөдлийг улам хөглөж, үлгэрийн төсөөлөлд хэдийнэ автуулчихдаг байлаа. Тухайн үед манайд тусдаа өрөө гэж байхгүй, нойлдоо орж хаалгаа түгжээд ном уншаад суучихдаг байв. Тэр болгонд гэрийнхэн маань нойл орох гэж хүлээж ядаад сүүлдээ уурлаж, хүчээр өрөөнөөс гаргана. Жаахан ч охин байж, номдоо уусах нь холгүй шимтэн уншдаг, ирээдүйн амьдралаа цагаан морьтой ханхүүтэйгээр төсөөлөөд л уншдаг байв аа.

     Ингээд нэг мэдэхэд оюутан болж, удалгүй гэр бүл ч зохиов. Өрх тусгаарлаж, Эрдэнэтийн гэртээ цуглуулсан, уншдаг байсан бүх номоо аваад ирсэн. Ээжтэйгээ, эмэгтэй дүүтэйгээ гурван тийш хувааж аваад, дахиад ч шинээр ном нэмж аваад нэгтгэхэд гэрийн нэг талын хана маань тэр чигтээ дүүрч байлаа.  

     Анхны хүүхдээ төрүүлээд ажил, дуу хөгжмөөсөө холдоод хоёр жил гэртээ суужээ. Би тэр үед ном уншиж тайтгарч, өөрт тулгарсан асуултынхаа хариуг эрдэг байлаа. Уншмаар байгаа номоо аль болох гарт ойр, ширээн дээрээ ил байлгаж, хааяа эргүүлж хардаг болов. Гэвч нэг л болж өгдөггүй. Өмнө нь хийдэг байсан ажил, хамт олон, нийгмийн амьдралаас холдоод ирэхээр сэтгэл зүйд өөрчлөлт гарч байлаа. Цаг хугацаа ингээд л урсаад өнгөрчих юм шиг. Хүсэл мөрөөдлөө гүйцээж чадахгүй юм шиг санагдаад стресс, айдаст автаж эхэлсэн юм. Гэрийн эзэгтэй болохоор асуудлыг арай өөр өнцгөөс хардаг болчихдог санагдсан. Сэтгэл тогтворгүй болж, хүнтэй харилцах харилцаа муудаж, өөрөө ч анзаарахгүй өөрчлөлтүүд их гарч ирнэ. Өдөр тутмын аар саархан асуудалд түүртээд л, эргэн тойрны хүмүүс анзаарч, асууж эхлэхэд өөрөө ч хариулж мэдэхгүй үе гарна. Ийм үедээ би Ш.Сэндбергийн “Өөдөө тэмүүл” номыг уншиж эхлүүлсэн юм. Номын дэлгүүрийн таниулах сурталчилгаан дээр явж байгаад анх харж байв. Ихэнх хүмүүс номын нэр, өмнөх үгийг хараад дотор нь юу агуулагдаж байгаа бол гэдгийг товч ойлгочихдог шүү дээ. Тэр жишгээр оршил хэсгийг нь уншихад яг л миний хариулт хайсан асуулт, асуудал, эргэлзээ байв. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамддаг хамгийн түгээмэл бэрхшээл, ажил хэрэг, карьерын тухай гарна гэхээр нь шууд л авчихсан.

   Ш.Сэндберг эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан амьдрал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичжээ. Монголтой холбоотой судалгаа, тоо баримтууд оруулж өгсөн нь их сонирхолтой. Бүсгүйчүүд бидэнд хамгийн хэрэгтэй сэтгэлзүйн эмчилгээг өгч, өөрийгөө нийгэмд түлхэн оруулах цаг ирснийг сануулж байгаа юм. Манай монголчуудад нийтлэг тохиолддог буюу эмэгтэйчүүдийн байр суурийг аль эртнээс үл ойшоодог, нийгэмд удирдах, манлайлах чадварыг нь үнэлдэггүй, ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгох, хүний эрхийн мэдрэмж, таатай орчин байдаггүй гэх мэт асуудлуудыг энэ номд харуулсан. Эхний удаа би бүлэглэж байгаад нэг бүтэн уншиж дуусгасан юм. Гэтэл эргээд сэргээж унших хэрэгцээ хүнд байдаг тийм ном ажээ. Ингээд өөртөө илүү ойр байлгаж, сэргээж уншдаг болсон. Номын жишээнүүдийг харахаар яг л миний амьдралд тохиолддог зүйлс. Асуудлыг яаж зөв даван туулах, биеэ хэрхэн зөв авч явах гээд агуулга өргөн. Бүсгүй хүн бүрд яг адилхан цаг мөч тулгардаг. Түүнийг өөдрөгөөр даван туулж, өөрийгөө хайрлаж байгаагаар нь авч үлдэх хамгийн чухал гэсэн санаа, гаргалгаануудыг хөнгөн шийдлүүдтэй нь хамт өгдөг. Унших тусам уран бүтээл, ажилтай маань ч улам нягт ойртож байв. Жишээ нь номын дэд гарчгууд “Амжилт олох уу, аятай сэтгэгдэл төрүүлэх үү”, “Карьер бол шат бус ширэнгийн зам”, “Цаг нь болоогүй байхад ажлаа бүү орхи”, “Нөхрөө жинхэнэ хамтрагч болго”, “Эрх тэгш нийгмийн төлөө эв эеэ нэгтгэх нь” гэх мэт яг л голыг нь олсон сэдвүүд олон бий.

   Миний хувьд ихэвчлэн тайзан дээр нөхөртэйгөө хамтарч дуулдаг. Сүүлийн үед ганцаараа дуулахыг эрмэлзэж буй. Тайзан дээр ганцаараа гарч дуулна гэдэг надад маш өөр байдаг. Нөхөртэйгөө хамтарч, үзэгчдэд өгдөг байсан мэдрэмж, сэтгэл ханамжийг дутуудуулах вий гэж санаа зовно. Тэр үед “Өөдөө тэмүүл” номоос уншсан эшлэл, санаа бодогдож  урам зориг, хүч авдаг. Сайн номын үг, өгүүлбэр бүрийг өөртөө шингээж уншиж чадвал хүнд үнэхээр хэрэгтэй. Нэгдүгээрт, би хэтэрхий яарч адгах хэрэггүй юм байна гэдгийг энэ номноос ухаарсан. Удалгүй миний цаг хугацаа ирнэ, тэр цаг хугацаагаа тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Харин эргээд эхлэхдээ илүү өөртөө итгэлтэйгээр, урам зоригтой эхлүүлэх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Нийгмийн харилцаанд орохдоо бүр илүү нээлттэй байж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж боддог боллоо. Миний хий дэмий урсаад байна гэж бодсон цаг хугацаа, илүү өөртэйгөө ойртож нөхөрлөх цаг хугацаа байж. Би хэт яарсан байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

   Номоо уншиж дуусаад хүүхдээ гурван сартайгаас эхлэн фитнесстээ явж, саунд суунгаа ч номоо уншсаар өөрийгөө хайрладаг болсон. Ээж маань ч хажуугаас дэмжиж, гэр бүлийнхэн анхаарал тавиад ирэхээр, ямар ч хэрэггүй зүйлд стресстэж байснаа ойлгов. Өмнө нь ойрын хэдэн цөөн дуучинтай хүрээлэл үүсгэдэг байсан бол одоо илүү олон хүний дунд биеэ зөв авч явах аргаа олсон доо. Цаашлаад өөрийгөө илүү сорихыг хүсэж “Малчин” телевизэд нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн юм. Олж авсан номуудаасаа аль болох хэрэгцээтэйг нь тодруулаад ангилаад байхад хүн муу номтой учирдаггүй юм билээ. Хувь хүний хөгжлийн номуудыг олон жил уншиж байна. Заримдаа найз нар сольж уншъя гээд мартуулчихдаг хөгтэй явдал их. Хэзээ нэгэн цагт олны өмнө өөрийнхөө үзэл бодлыг дэлгээд, санаагаа ойлгуулж ярихад хэрэгтэй гэж боддог учраас номноос салдаггүй. Эх хүн гэдэг үүднээсээ ч үр хүүхдэдээ багаас нь зөв үлгэр дуурайлал үзүүлэх зөв алхмуудын нэг нь ном унших явдал мөн гэж үздэг. Хүү маань одоо тавдугаар ангийн том залуу. Нэгдүгээр ангид байхаас нь л номын дэлгүүрээр дагуулж явсан. Багадаа 200 мянган төгрөгтэй гэрээс гарч, таваас арван ном авна. Эхнээс нь чухлын дараалалд оруулж уншаад, хүүтэйгээ хамт тэмдэглэл хөтөлдөг болсон. Одоо бол охид эмэгтэйчүүдийг хүчтэй, бие даасан байгаасай гэж хэлмээр санагддаг. Тэднийг өөрт тулгарсан асуултад хариулт өгч чадах номуудыг заавал олж уншиж байгаарай гэж хүсмээр байна. Хэн нэгэнд гомдохгүйгээр өөрөө асуудлын ард гардаг байх нь чухал. Өөрийгөө ч олоогүй нэгний хэрэггүй зөвлөгөөнд автаж байхаар аль болох олон шийдвэрүүдийг судалж, уншиж мэддэг байгаарай гэж захья.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    ?????

    Саунд ном чинь норчихдоггуй юм уу?

    2023-05-31

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.