images

30 жил Америкт амьдарсан ч Монгол дахь хүчирхийллийн эсрэг тэмцсээр буй циркчин эмэгтэй

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-09


    АНУ-ын Миннесота мужийн Сэн Пол хотод аж төрсөөр 20 гаруй жил болсон боловч сурсан мэдсэнээ, мөн туулсан амьдралынхаа сургамжийг эх орон нэгт монголчууддаа зориулсаар яваа бүсгүйн талаар өчигдөр тус улсын CBS телевизийн орон нутгийн салбар үзүүлэв. Телевизийн баг, түүний сурвалжлагч Полин Лэ эдүгээ 58 настай Халтархүүгийн Чимгээ хэмээх тэрхүү эмэгтэйн гэрт зочилсон бөгөөд байшингийнхаа гадаа барьж, доторхыг нь яг л монгол маягаар өвч тохижуулсан эсгий гэрт гэрийн эзэгтэйн хамтаар бууз хийнгээ хуучилж байна. Бууз хийх төдийгүй зууханд гал түлэн жигнэж зооглохын зуурт болсон ярилцлагын дундуур Х.Чимгээ өөрийнхөө тухай “Цирк намайг аварсан” хэмээн хэлсэн үгээр тус телевиз сурвалжлагаа гарчиглажээ.

     Х.Чимгээ 1964 онд төрсөн бөгөөд 1984 онд Улаанбаатар хотын Циркийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргээд тэр үеийн Улсын циркийн жүжигчин болжээ. Улмаар циркийнхээ олон улсын тоглолтуудад алгасалгүй оролцож дэлхийн олон орноор явав. Ингэсээр 1991 онтой золгоход шинэ амьдрал түүнийг хүлээж байжээ. Учир нь түүний хувийн амьдрал ажил төрөл шигээ жаргалтай байсангүй. Анхны нөхөр нь түүнийг ханилсан долоон жилийнхээ туршид гэр бүлийн жинхэнэ хүчирхийлэл дунд байлгасан байна. 1991 онд Х.Чимгээ гэр бүлээ цуцлуулж хүүгээ аваад Америкийг зорив. Тэнд очмогцоо АНУ-ын түүхэн цуутай циркэд ажиллах боллоо. Тэр нь тэртээ 1871 онд анх байгуулагдсан “Ringling Brothers Barnum & Bailey Circus” буюу алдарт Барнумын цирк байжээ. Тэрбээр энэ цирктэй таван жил хамтран ажиллаад Миннесота мужийн Миннеаполис хотод суурьшиж, шинээр гэр бүл зохиосны зэрэгцээ тэндхийн циркэд дасгалжуулагчаар ажиллах болов. Улмаар 2002 оноос Сэн Пол хотын “Circus Juventas” циркэд ажиллаж байгаад 2010 онд хувийнхаа циркийг байгуулж, Монголын түүхэн домогт хатдын нэг Мандухайн нэрээр нэрлэсэн байна.

     CBS телевизийн сурвалжлагчид ярьж байгаагаар, амьдрал нь “Дутагдаж гачигдах зүйлгүй, сайн хань, сайхан ажил гээд бүгд байсан” боловч Х.Чимгээ нэг л зүйлийг үгүйлж байжээ. Тэгээд үгүйлж байсан тэр үйл хэргээ эхлүүлсэн нь Монголын хөдөө нутгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах явдал байв. Ингээд төрийн бус байгууллага байгуулж, америк, монгол жүжигчдийн хамтарсан циркийн тоглолтыг Монголын алс бөглүү хөдөө нутагт аваачиж үзүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг хүүхэд, эмэгтэйчүүдэд өгөх ажлыг тогтмол зохион байгуулах болжээ. “Үзүүлбэрийнхээ өмнө бид яагаад ийм тоглолт хийж байгаагаа тайлбарлаж, хүмүүст гол зорилгоо ойлгуулж эхэлдэг. Улмаар хүчирхийлэлтэй эвлэрэхгүй, түүнийг зөвтгөхгүй байхыг уриалсан зурагт хуудсыг тоглолтын дундуур тасралтгүй харуулдаг юм. Эцэст нь нэмэлт мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх утасны дугаар өгдөг” хэмээн тэрбээр ярьж байна. Х.Чимгээ сүүлийн 13 жилд Монголд 10 удаа ирсэн бөгөөд нэг ирэхдээ хэдэн долоо хоногийн дотор арав гаруй газар очин ийн тоглодог байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ажилладаг тул тоглолт бүрийн дараа маш олон хүн мэдээлэл өгөхөөр тус төвийн утсанд залгадаг гэнэ.           

   Өнгөрсөн хугацаанд тэрбээр хэдэн зуун хүнийг хүчирхийллээс аварсан боловч Монголд хийх аялал, үйл ажиллагааг санхүүжүүлэх явдал жил ирэх тутам амаргүй болж байгаа ажээ. “Circus Juventas”-ын тусламж болон өөрийн циркийн тоглолтоос олдог орлого энэ ажлын санхүүжилтийн цөм нь болж ирсэн боловч Х.Чимгээ энэ жилээс мөнгө босгох аргаа өөрчлөхөөр шийджээ. Ирэх наймдугаар сард Монголд ажиллах зардлаа олохын тулд тэрбээр хотын жирийн иргэдийг хашаан дахь монгол гэртээ урьж байна. Ирсэн хүмүүст бууз хийхийг зааж өгөхийн зэрэгцээ төрөл бүрийн сонирхлын хүмүүс дурын сэдвээрээ илэн далангүй ярилцаасай гэж тэрбээр хүсч байгаа аж. Анхны ийм уулзалтыг ирэх 15-нд товлосон бөгөөд дараа дараагийн саруудад мөн сонирхолтой арга хэмжээ ар араас нь зохиох бодолтой байгаа гэнэ. “Үлдсэн амьдралаа би хүмүүст зорилгоо ойлгуулах, улмаар бусдад туслахын төлөө л зориулах болно” хэмээн тэрбээр CBS телевизийн сурвалжлагчид ярьж байна. “Мандухай цирк” мөн зургадугаар сарын 17-нд Сэн Пол хотод тусгай тоглолт хийн хандив цуглуулахаар төлөвлөжээ.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.