images

Зураач С.Заяасайханы үзэсгэлэн Нью-Йоркт гарч байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-08


     Зураач С.Заяасайханы “Mothers of Invention” бие даасан үзэсгэлэн Нью-Йоркийн “532 Gallery Thomas Jaeckel” галерейд тавдугаар сарын 4-нөөс гарч эхэллээ. Үзэсгэлэн зургадугаар сарын 17-ныг хүртэл 44 хоног үргэлжилэх бөгөөд тэрбээр 2020-2022 оны хооронд зурсан акрилик будган цуврал зургуудаа дэлгэжээ. Түүний зургийн онцлог нь Төв Азийн түүх, нүүдэлчдийн түүх соёлоос улбаатай нарийн зураас, уламжлалт хээ, Буддын шашны дүрс зургийг агуулдагт оршино. Учир нь С.Заяасайхан багадаа Буддын сүмд шавилан сууж байхдаа зураач болох хүсэл мөрөөдөлтэй болсон гэдэг. Мөн тэрбээр монгол зургийг орчин үеийн контемпорари урсгалтай хольж, Японы уламжлалт зургийн аргыг ашиглан өөрийн хэв маягаар зурдаг. Ингэхдээ эмэгтэйчүүдийг хөгжмийн зэмсэгтэй хамт дүрслэх бөгөөд үүгээрээ хүн, байгалийн харилцааг өгүүлэхийг зорьдог байна. Баянхонгор аймагт төрж өссөн С.Заяасайхан 15 настайдаа Улаанбаатарт ирж монгол зургийн сургалтад сууж байсан аж. Улмаар 2002 онд Соёл урлагийн их сургуулийг төгсжээ. Өнгөрсөн 20 жилд дэлхийн 30 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан тэрбээр Япон улсад амьдардаг. Түүний Тайваньд гаргасан үзэсгэлэнгийн үеэр тус улсын тэрбумтан “Хаадын хаан” зургийг нь 190 мянган доллароор худалдан авч байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.