images

​​​​​​​Монгол бүсгүй Австралийн далайн эрэгт хоолны бизнес эрхэлсэн нь

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-05-02


    Өмнөд Австралийн далайн эргийн Седуна хэмээх жижигхэн хотын алдартай хоолны газрын эзнээр монгол эмэгтэй таван жил ажиллажээ. Сэлэнгийн Энхсувд хэмээх тэр бүсгүй одоогоос 10 жилийн өмнө Улаанбаатар хотын “Casablanca” ресторанд ажиллаж байхдаа одоогийн нөхөртэйгээ танилцсан байна. Тухайн үедээ нэлээд нэртэй, гадаадын иргэд олноор орж ирдэг тэр ресторанд нэг гадаад хүн нэлээд өндөр төлбөртэй үйлчлүүлээд тооцоогоо хийж чадаагүй нь Австралийн иргэн Питер Талли байв. Маргааш ирж тооцоогоо хийе гэсэн түүний үгэнд Энхсувд итгэж явуулсан бөгөөд энэ нь ч талаар болсонгүй. Уг төлбөр нь бага биш, Энхсувдын хоёр сарын цалинтай тэнцэхээр байжээ. Талли хэлсэн ёсоор маргааш өдөр нь ирсэн бөгөөд энэ цагаас эхлэн хоёр залуу хоорондоо дотноссон байна. Талли Монголын нэгэн уул уурхайн төсөлд ажиллаж байсан бөгөөд тухайн үед хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж Энхсувд түүнтэй удалгүй гэрлээд хоёр жилийн дараа буюу 2014 онд Австралид нүүн иржээ.

   Тэд анх Таллигийн суудаг Өмнөд Австралийн Эйрийн хойгийн Лок хэмээх жижиг хотод амьдарч байв. Улмаар тэндээс холгүй орших, далайн эргийн Седуна хотод очиж үзсэн нь Энхсувдад маш их таалагджээ. Нөхөр нь эхнэрийнхээ саналыг хүлээн авч ийш нүүж ирэхээр болсон төдийгүй мөн л эхнэрийнхээ санаачилснаар, далайн хясаагаар хоол хийдэг гуанзыг худалдан авч хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Талли энэ талаар Австралийн үндэсний телевизэд (ABC) өнгөрсөн долоо хоногт ярихдаа “Хоолны бизнес хийх явдал насны мөрөөдөл нь байсныг, нийлснээсээ хойш хэдэн жилийн дараа мэдсэн” гэжээ. 

     Энхсувд нөхрийн хамт.

   Сайхь хоёр худалдан авсан газрынхаа хоолны цэсийг нэлээд өөрчилж ази маягийнх болгон гоймон, карри зэргийг нэвтрүүлсэн нь энэ хотдоо анхдагч болов. Гэхдээ хясааг хасаагүй нь мэдээж. Седуна бол угаас хясаагаараа алдартай, нааш цааш зорчсон улс эндхийн дөнгөж шүүсэн шинэ хясааг идэх дуртай юм. Энхсувдын өглөөний ажил хясаа салгахаас эхэлдэг байв. Энийг хийхдээ ч дуртай, хурдан хийе гэвэл 30 минутанд 120-ийг нээх нь ч бий. Дунджаар өдөртөө 600 хясаа салгадаг байжээ. Хоолны газрын ажил барагдахгүй. Энэ тухайгаа тэрбээр ABC телевизийн сурвалжлагчид “Өглөө дөрвөн цагт хясаагаа ачиж авчраад нээж гарна. Авчирснаа бүгдийг нээж тавьчихаад будаа агшаана, тахианы мах чанана, гоймон, сам хорхойгоо бас чанана. 6:30-д сүши боож эхлээд 11 цагт дуусна. Тэгээд загас, төмсөө шарна. Борви бохисхийх завгүй” хэмээн ярьжээ. Энхсувдын хувьд хоол хийх нөр их ажил шинэ зүйл байсангүй. Нөхөртэйгөө танилцаж байх тэр үед аав нь “Casablanca” рестораны тогооч байснаар барахгүй хоолны бизнесийг охиныхоо бүр бага жаахан байхад хийж байжээ. “Тэднийх гэр хороололд амьдардаг, аав нь өвөл зуны алинд ч өглөө эрт босч заримдаа 20 кг хүртэлх хэмжээгээр гоймон чанаад охиноо дагуулан автобусанд сууж Улаанбаатарын хоолны газруудад хүргэж өгдөг байсан” хэмээн Таллигийн ярьсныг ABC телевизийн сурвалжлагч эш татсан байна.

   Энхсувдын бизнес багагүй амжилт олж, тэдний зоогийн газар хотдоо алдарших төдийгүй Седуна хотын баруунтайгаас залган цааш хэдэн зуун км үргэлжилдэг Налларборын зэлүүд тал руу явах аялагчид тэднийхээр бууж далайн шинэ хоол идэх дуртай болов. Мөн дээвэр дээрээ тавцан зассан нь хүмүүсийн талархлыг хүлээж, дээвэр дээр суун хясаа идэхэд таатай газар гэж дуулсан жуулчид их ирдэг болсон байна. Сонирхолтой нь, сувд гэдэг нэр орсон монгол бүсгүй өдөртөө 600 шахам хясааны хавтас салгаж олон зуун өдрийг өнгөрөөхдөө нэг өдөр хясаан дотроос сувд олох ховорхон аз тохиолдсоноо ярьсныг ABC телевизийн сурвалжлагч онцлон үзүүлжээ.  

Сувд бүсгүй сувд олов.

   Энхсувд зоогийн газраа өнгөрсөн оны 12 дугаар сард худалджээ. Худалдаж авсан улс нь гал дээр болгосон пиццаг хоолны цэсэнд нэмж тэр бизнесийг улам өргөжүүлэв. Харин Энхсувд зүгээр суусангүй, шинээр хэд хэдэн ажил нэгэн зэрэг барьж авсан бөгөөд “Манай хүн ядрахаа мэддэггүй хүн. Зүгээр сууна гэж ердөө байхгүй, эрч хүч нь цаанаасаа ундармал” гэж нөхөр нь ярьсан байна. Энхсувд Монголоос охин Цэцэгдарь, хүү Бямбабаяр нарынхаа хамт ирсэн юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Австралийн үндэсний баяраар тус улсын иргэн болцгоожээ.      

Австралийн иргэн болцгоов.

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.