images

Монгол гэр бүл АНУ-д балетын хувийн сургууль байгуулан амжилттай ажиллаж байна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-04-04


     АНУ-ын Виржиниа мужийн Эшбөрнд балетын хувийн сургууль байгуулсан эхнэр нөхөр хоёр монгол залуугийн талаар товчхон танилцуулъя. Сургуулийн уран сайхны удирдаач Д.Өлзийсайхан ОХУ-д Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн улсын консерваторийг балет, бүжиг дэглээч мэргэжлээр дүүргэсэн бол түүний эхнэр, сургуулийн захирал Т.Туяа А.Вагановагийн нэрэмжит Санкт-Петербургийн балетын академийг 1992 онд балетын бүжигчний мэргэжлээр төгсгөжээ. Энэ академи нь 1738 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны балетын сургуулийн нэг бол, А.Ваганова нь Оросын балетын дэг сургууль, сурганы аргазүйг боловсруулсан, өнгөрсөн зууны Оросын сор болсон балетчидын багш нь юм. Тэд сургуулиа дүүргэн Монголдоо ирж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаад 1996 онд АНУ-д очин суурьшжээ. Очсон жилээ тэд Нью-Жерси мужийн “River Ballet” компанид мэргэжлээрээ ажилласан бөгөөд Д.Өлзийсайхан нь театрын уран сайхны удирдаач болж дэвшсэн төдийгүй 1999 онд өөрийн зохиосон “Wolves хэмээх бүжгэн жүжгийг дэглэн тайзнаа тавьсан байна. Т.Туяа нь энэ хугацаанд Нью-Хэмпшир, Пенсильвани, Дэлавэр мужийн театруудын тайзнаа тоглон “Цөмөөхэй”, “Хунт нуур”, “Дон Кихот”, “Корсар” гэх мэт сонгодог бүжгэн жүжгүүдэд гол дүр бүтээхийн зэрэгцээ орчин үеийн бүжгэн бүтээлүүдэд ч тоглосоор иржээ. Тэрбээр 2004 онд Вашингтоны Кеннэдийн төвд Америкийн балетын эцэг Жорж Баланчины дурсгалд зориулсан фестивальд уригдан “Serenade” сонгодог балетад тоглож байв.

   Д.Өлзийсайханых 2008 онд Виржиниа мужид нүүж ирснээр тэд багшлах, ирээдүйн балетчид, бүжигчдийг бэлтгэх ажилд илүүтэй шамдаж Арлингтоны “Adagio Ballet” балетын сургуульд багшилж эхэлжээ. Улмаар 2010 онд хувийн сургуулиа байгуулсан байна. Өдгөө тэд Вашингтоноос 48 км зайтай Эшбөрнд нэг, мөн ойролцоо Стэрлингэд бас нэг сургуультай болжээ. Эдгээр сургуульдаа балетын болон орчин үеийн олон төрлийн бүжгийг нас насныханд зааж эдүгээ шавь нарын тоо хэдэн зууг давсан бөгөөд үүний зэрэгцээ зуны сургалт зохион байгуулах, өдөр өнжүүлэх анги хичээллүүлэх төдийгүй арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдалд зориулсан заал танхим, лимузин, хөгжим, гэрэл түрээслүүлэх үйлчилгээ эрхэлдэг байна. Нью-Жерсийн “River Ballet” компани П.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг жил бүр тавьдаг уламжлалыг эдний “Sterling Ballet Academy сургууль нэвтрүүлж өдгөө уг сонгодог балетыг тайзнаа тавих нь тухайн жилийн онцгой үйл явдал болдог ажээ. Вашингтон орчмын монголчуудын дунд Өлзий, Туяа хоёр хэмээн нэр танигдсан тэд монголчуудын хамааралтай бүхий л арга хэмжээнд идэвхийлэн оролцож, хандивын тоглолт ч зохион байгуулдаг гэнэ. Тэдний сургуульд бас нэг монгол хүн багшилдаг нь балетчин Г.Өнөр бөгөөд 1989 онд одоогийн ОХУ-ын Пермь хотын Балетын сургуулийг дүүргэсэн тэрбээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас ажлын гараагаа эхэлж улмаар АНУ-ын Хойд Каролина, Жоржиа, Флорида, Виржиниа, Тэннеси мужийн балетын театруудад бүжиглэхийн зэрэгцээ багшилж иржээ. 

      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.