images

Монгол гэр бүл Америкийн сэтгүүлд

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-03-13


     АНУ-ын Пуяолоп хотод амьдардаг Ч.Чинзоригийн гэр бүл хотынхоо сар тутмын “Sunrise Living” сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүрэнд гарлаа. Тус сэтгүүл нь хотын бүх өрх, албан байгууллагуудад хүрдэг бөгөөд тэдний гэр бүлд сэтгүүлийн нүүрэнд гарах санал 12 дугаар сард иржээ. Ч.Чинзоригийн гэр бүл Пуяолоп хотод нүүж очсныхоо дараа хүүхдээ сургуульд хүргэх замд таарсан хогийг түүж цэвэрлэсээр сургуулийн хүүхдүүдийн ээж, аав, хөршүүдийнхээ танил болсон гэнэ. Улмаар бусад эцэг, эхчүүд Ч.Чинзоригийг дуурайн хог цэвэрлэх болсон бөгөөд тус хотын иргэдийн нэгдсэн Фэйсбүүк группт түүний талаар бичсэн байжээ. Энэ явдлын дараа  "Sunrise Living" сэтгүүлийн эрхлэгч тэдний гэр бүлд, сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарах урилга өгсөн байна. Ч.Чинзоригийн гэргий нь амьдралын дасгалжуулагч Б.Гэрэлчимэг юм. Тэрбээр өөрийн Фэйсбүүкт уг мэдээгээ  “Хүүхэд хэзээ ч хогтой орчинд өсөж торниж болохгүй. Хогтой байсаар дасах, хог зүгээр ээ гэдэг ойлголтыг хүүхэд тархиндаа суулгаж болохгүй. Хүүхэд хогонд дасна. Энэ хамгийн аюултай” гэж нөхөр маань үргэлж хэлдэг" хэмээн хуваалцжээ. Ч.Чинзориг арав гаруй жил хоол үйлдвэрлэлийн салбарт ажилласан бөгөөд сүүлийн дөрвөн жил сүшиний тогооч хийжээ. Улмаар хувийн “Chinook Sushi Japanese Cuisine” ресторанаа нээсэн байна. Харин Б.Гэрэлчимэг “Seattle English” англи хэлний сургалтын төв ажиллуулдаг бөгөөд хүүхдэд зориулсан  хоёр ч ном гаргасан билээ. Мөн бага ангийн багш мэргэжил эзэмшихээр суралцаж буй. Тэдний ам бүл тавуулаа бөгөөд том хүү нь 11 настай Куртис, дунд охин нь таван настай Присцилла, бага хүү нь нэг ойтой Майло юм. Ийнхүү Ч.Чинзоригийнхон Виржиниа мужаас Вашингтоны Пуяолоп хотод суурьшаад нэг жил ч болоогүй хэдий ч амьдралын зөв дадлаараа бусдад нөлөөлж чаджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.