images

“Comedy Lab” клубын гишүүн Д.Амартүвшин: Европ надад уйтгартай санагдлаа

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2022-10-09


    “Сайн хүн явснаа” булангийн эхний дугаарын зочин “Comedy Lab” клубын комедиан, “Liberty Lab” подкаст, “Amaraa’s weekly show” youtube сувгийн хөтлөгч Д.Амартүвшин Европын орнуудаар хийсэн аялан тоглолтынхоо үеийн сонин сайхныг хуваалцлаа.

     Тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын сүүл хүртэл нэг сарын хугацаанд Европын орнуудаар аялан тоглолт хийлээ. Өмнө нь нэг удаа Испани явсныг эс тооцвол анх удаа Европын долоо, найман орноор аялав. Европ Азийг бодоход уйтгартай юм билээ. Азид бол битүү шилэн барилга, неон гэрэл, зар сурталчилгаа өдөр шөнөгүй бужигнасан олон хүнтэй байдаг бол Европ аядуу нам. Германд гэхэд бүтэн сайн өдөр бүх газруудаа хаачихдаг, бүр хүнсний дэлгүүр ч ажилладаггүй байх жишээтэй. Би бүр гайхсан. Азид бол хэзээ ч тийм биш шүү дээ. Тиймээс надад Европ уйтгартай санагдсан.

     Европын орнуудаас надад таалагдсан зүйлсийг дурдвал, Голландад бүх хүн дугуй унадаг юм байна. Үнэхээр дугуйн орон юм. Ихэнх Европын оронд ажигласан зүйл бол хувь хүнд өөрт нь хариуцлага өгчээ. Хүмүүс өглөө бүр гараад гүйдэг. Учир нь, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын.тулд гүйх ёстой. Эрүүл байх хэрэгтэй. Хэрэв эрүүл биетэй байвал мөнгө бага үрэгдэнэ. Даатгалын компаниуд ч тийм хүнийг даатгах сонирхолтой байдаг. Хэрвээ чи өөрөө өөртөө арчаатай байгаад хичээж чадвал амжилт чиний өмнө нээлттэй. Харин эсрэгээрээ бол гудамжинд гарна. Европын аль ч оронд гэр оронгүй хүмүүс байж л байна. Хэчнээн нийгмийн халамж өндөртэй ч гэсэн тэр. Манай Монголд бол бараг л ам руу нь хоолыг нь аягалаад өгөх нь холгүй байдаг. “Та нийгмийн даатгалдаа хамрагдчихаач” гэж гуйх нь холгүй, зарим тохиолдолд эрүүл мэндийн даатгалд үнэгүй хамруулдаг. Ихэнх нь өвдсөнийхөө дараа өвдлөө гэдэг болохоос биш хэн ч өвчнөөс сэргийлдэггүй. Гэтэл Европт бүгд өвчлөхгүйн төлөө хичээж амьдарч байна. Өглөө бүр гүйгээд, эрүүл хоол иддэг. Учир нь тэдэнд өөрсдөд нь хариуцлага нь оногдож байгаа. Тэр нь гоё санагдсан. Мөн Европ маш урлаглаг юм билээ.

     Нидерландад тэндхийн “Howk” гэдэг комеди клубт тоглож үзэв. Тэр клуб надад маш их таалагдсан. Дууны дуугаралт буюу саунд стим нь гоё, комедианыхаа бичлэгийн хийдэг камер нь таазандаа байрлачихсан, арын өрөөндөө подкаст хийдэг нь гоё. Ирээдүйд тийм комеди клубтэй болох юмсан гэж бодсон шүү. Саунд стим нь маш сайн учраас комедиан нь микрофоноо бариад “Аа” гэхэд л хүмүүс нь инээхэд бэлэн.

    Мөн Европт сайхан ажил хийдэг монголчууд олон юм билээ. Жишээлбэл, Франкфуртын их сургуульд ажилладаг, алмаз гаргаж авсан монгол профессортой уулзсан. Түүний хийснийг Германд өндрөөр үнэлж шагнасан байна лээ. Хамгийн гол нь Европт байгаа монголчууд үнэхээр шаргуу ажилладаг. Түүгээр нь би үнэхээр бахархсан. Монголчууд үнэхээр ажилчин, ажиллаж чаддаг, залхуугүй, бүгд л Монголдоо хийж хэрэгжүүлэх шинэ санаа, шинэ ажил бодож явдаг нь таалагдсан.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.