images

Яруу найрагч Ломбын Нямаа: Махатма Гандийн энэ ном бол хүн төрөлхтнийг гийгүүлсэн гэрэл

Н.Ариунсайхан

Миний дуртай ном

2023-01-10


Бавуугийн Лхагвасүрэн, Зундуйн Дорж нарын нэгэн адилаар Ломбын Нямаа хэмээх бүтэн нэрээрээ алдаршсан Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч эрхэм бээр манай "Миний дуртай ном" буланд уригдан товч боловч ярьсан яриаг нь толилуулж байна.          

Амьдралынхаа алтан үеүдийг тэрлэж явах хугацаандаа нэг л номд чин сэтгэлээсээ дурлаж ирлээ. Тэр бол Энэтхэгийн их хүн Махатма Гандийн “Миний амьдрал” ном. Хүн ямар ч зовлон жаргал тохиолдоход шантрахгүй өөрийгөө өөрчилж, оюун санаандаа нар тусгаж, дотроосоо гэгээрч явахыг энэ номд сургасан юм. Өөрийгөө өөрчилсөн хүн хувь заяагаа, үг, үйлээ гартаа оруулдаг, хяналтандаа байлгадаг тухай энэ номд гардаг. Сэтгэлээ удирддаг болсон хүн бусдыг уучилж чадна. Өширхүү хүн сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөж, өөрийгөө ч өөрчлөхгүй, ертөнцийг ч өөрчилж чадахгүй. Хүн агуу их гэгээрэл, ухааралд хүрье гэвэл дотроосоо гэгээрэх хэрэгтэйг номын эхний хуудаснаас төгсгөлийн хуудас хүртэл зай завсаргүй хүүрнэн өгүүлжээ. Махатма Ганди хийгээд түүний энэ номыг би хүн төрөлхтнийг гийгүүлсэн гэрэл гэж хэлнэ. Миний багш М.Цэдэндорж, агуу их эрдэмтэн Г.Сүхбаатар нар энэ номыг монгол хэлнээ орчуулж гаргаснаас хойш 50 жил болжээ. Энэ ном дэлхийд ч мартагдахгүй, Монголд ч мартагдахгүй тийм ном мөн. Махатма Ганди 78 наслахдаа Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, жинхэнэ улс төрч байв. Түүний нөлөөгөөр Энэтхэг улс Британийн эзэнт гүрнээс 1947 онд тусгаар тогтносныг нь харсан ч улс орондоо хэчнээн өгөөж буянтай хүн байсныг харж болно. Насан туршдаа үнэн хийгээд Бурханыг эрхэмлэн дээдлэж “Над мэтийн зуу зуун хүн сөнөг, гэвч үнэн ялна. Над мэтийн төөрөлдөгч мөнх бус хүний тухай шүүн бодохдоо үнэнээс хялгасан төдий ч ухарч болохгүй” гэж “Миний амьдрал” номынхоо оршилд бичсэнд их учир бий гэж би боддог оо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    12345678

    Ярилцлагыг бүтэн эх хувиар нь нийтлэгдэхийн тэсэн ядан хүлээж байна.

    2023-01-13

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.